Премьер лиг: Тэргүүлэгчид хожил авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Английн премьер лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд энэ ажлын өдрүүдэд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч Челси клуб Лондоны чанга өрсөлдөгч Уэст Хэмийн талбайд зочлон Эдэн Хазардын гайхалтай тоглолтын ачаар хожил байгууллаа. Тэрбээр тоглолтын 17 дахь минутад Рамиресын хөндлөн дамжуулалтыг гоол болгосноор багаа тэргүүлэлд хүргэсэн байна.

Хэдийгээр тус тоглолтод ганцхан гоол орсон ч тоглолт хурдан темптэй сонирхолтой өрнөсөн юм. Челси гоол оруулах хэд хэдэн боломж нэмж үүсгэсэн ч хараахан тооны харьцаанд нөлөөлөөгүй. Эсрэгээр Уэст Хэм ч чамгүй тоглолт үзүүлсэн боловч талбайдаа хожигдол хүлээлээ.

Түүнчлэн Тоттенхэм талбайдаа “Хунгууд” буюу Суонсиг хүлээн авч 3:2-оор хожин, үзүүштэй тоглолт хийсэн байна. Тоттенхэм хамгийн сүүлд цомын финалд Челсид хожигдсон бөгөөд премьер лигт хожил авч, фэнүүдийнхээ өмнө гэмээ цайрууллаа.

Тэргүүлэгч Челсигийн ард амьсгаа даран нэхэж буй Манчестер Сити талбайдаа Лестер Ситиг 2:0-ээр төвөггүй хожлоо. Гэхдээ тэдний урд дахиад найман оноо буй бөгөөд Челсиг бүдрэхийг хүлээх хэрэгтэй. Энэ тоглолттой зэрэг явагдсан Сток Сити Роберто Мартинезийн Эвертоныг 2:0-ээр мөн л хожив. Тэгвэл хүснэгтийн гуравдугаар байр руу хүчтэй дайралт хийсэн Манчестер Юнайтед Нью Каслын цэнгэлдэхэд 1:0-ээр яллаа. Тэд үлдсэн тойргуудад ширүүхэн учраатай бөгөөд ирэх улиралд Аваргуудын лигт хүч үзэх зорилго өвөртөлж яваа.

Лондон хотод энэ үдэш олон онц сонирхолтой тулаан болсны нэг нь КПР болон Арсеналын хооронд өрнөв. Хүнд өвчний улмаас дасгалжуулагчаа алдсан КПР “Их Буучид”-ын эсрэг олигтой тоглолт үзүүлж чадалгүй 2:1-ээр хожигдлоо. Арсен Венгер хүснэгтэд аятайхан байрлалд үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байна.

Энэ тойргийн хамгийн сүүлийн тулаан Ливерпүүл хотын Энфилд цэнгэлдэхэд талбайн эзэд Хотон Шувуудын эсрэг Бөрнли гарснаар өндөрлөсөн. Брендон Рожерсийн залуус даалгавраа алдаа мадаггүй гүйцэтгэж эсрэг багийнхаа хаалганд 2 бөмбөг мялаасан юм. 

Ингэснээр 28 тойргийн дараах байдлаар Челси 63, Манчестер Сити 58, Арсенал 54, Манчестер Юнайтед 53, Ливерпүүл 51, Саутхэмптон 49, Тоттенхэм 47, Стоук 42 оноогоор эхний найман байрыг бүрдүүлж байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.53) 2015 оны 03 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top