Сурвалжлага: Махны үнэ хазааргүй нэмэгдсээр л...

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Махны үнэ өсөж байгаа нь иргэдэд хүнд дарамт болж байна

Цагаан сарын дараа махны үнэ нэмэгддэг жишигээр энэ жил ч гэсэн үнэ нь өслөө.  Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонины мах гэхэд л 1000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Уг нь нөөцийн мах иргэдэд нэгдүгээр сарын 25 гэхэд хүрэх ёстой байсан ч одоогоор худалдаанд гараагүй байгаа юм.  Зах дээр мах үнэтэй байгаа учраас дэлгүүрүүдэд, иргэдийн гар дээр ч үнэтэй очиж байна.

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2015 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6345 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7635 төгрөгийн үнэтэй байжээ. Харин өнөөдрийн байдлаар дундаж үнэтэй “Миний дэлгүүр”-т л гэхэд үхрийн ястай мах 8500, үхрийн хаа цул 10000, үхрийн гуя цул 10000, Хонины хаа 8500, хонины ястай мах 9500, хонины цул мах 9500, гахайн ястай мах 8500, гахайн гол мах 11700 төгрөгний тус тус худалдаалагдаж байна.  Харин “MERCURY” худалдааны төвд үхрийн цул мах 12000, хонины мах 9000, гахайны мах 8500 төгрөгний үнэ ханштай байна. Сүүлийн үед манайхан үхэр, хонины махнаас арай үнэ хямд учраас тахианы махыг ихээр авч хэрэглэх болсон. Тэгвэл “Egg mart” сүлжээ дэлгүүрт тахианы нуруугүй гуя 5900, тахианы мөч 5500 төгрөгний үнэтэйгээр зарагдаж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өссөн байна. Мөн  2004 онд нэг килограмм хонины махыг 1500 орчим төгрөгөөр буюу бүр тодруулбал дунджаар 1544 төгрөгөөр худалдан авдаг байсан бол 2008 онд 2500 орчим төгрөгөөр харин оны эхэнд хонины 6000 орчим төгрөгний үнэтэй байсан. Хүнээсээ 17 дахин илүү толгой малтай хэрнээ махны үнэ ийнхүү хурдацтай нэмэгдсээр байгаа нь иргэдэд хүнд дарамт учруулж байгаа талаар ярилаа.

Иргэн Б. Отгондолгор

-Ер нь цалин амьдралд хүрэлцэхгүй хэцүү байхад махны үнэ нэмэхээр бүр л хэцүү байна. Манайх шиг олон сая толгой малтай хэрнээ мах нь ийм үнэтэй улс бараг байхгүй байх аа.

Иргэн  С. Дулмаа

-Ард түмний амьдрал хэцүү байхад махны үнэ буухгүй улам нэмэгдэж байгаа нь бид нарын амьдрал том дарамт учруулж байна. Над шиг тэтгэвэрээрээ амьдардаг хүнд мах тансаг хэрэглээ юм даа. Сая сар шинэ болоод мөнгөний асуудал хүнд байгаа үед дахиад махны үнэ өсөх нь хүн бүрт л нөлөөлж байгаа байх.

Иргэн Б.Мяасүрэн

-Энэ жил нөөцийн мах гараагүй болохоор мах илүү үнэтэй байх шиг байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нөөцийн махыг хурдан худалдаанд гаргах шаардлагатай байна. Тэтгэвэрийг хорин мянган төгрөгөөр нэмсэн гэсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн энэ үед хөгшчүүлд тэр нь тус болох нь юу л бол. Харин үүнийхээ оронд хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүн. Иймээс ч баяр ёслолын үеэр хамгийн эрэлттэй хүнс болж, тэр хэрээр үнэ нь нэмэгддэг. Тиймээс жил бүрийн эхний саруудад нөөцийн мах худалдаанд гарсан байдаг. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь тодорхойгүй байсаар байна. 

Б.Сүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.30) 2015 оны 03 сарын 11

Энэ сурвалжлагч хуухэд махны ченжуудээс монго авч захиалгаар бичиг байгаагаас зайлахгуй.

0  |  0
Top