Жүжигчин А.Гэрэлцэцэг: Би хувийн амьдралаа үзэсгэлэн худалдаа шиг байлгахыг хүсдэггүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Одоогоос хэдэн жилийн өмнө “Никитон” хамтлагийн дуучин Батчулууны “Нандин шүтээн” клипэнд эротик дүр бүтээн шуугиулж явсан зоримог бүсгүй бол “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг. Өдгөө хошин урлагийн нүд хужирлах сайхан хүүхнүүдийн нэг басхүү шаггүй жүжигчин түүнийг zindaa.mn сайт “Гол дүр” ярилцлагын буландаа урьлаа. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “247 градус” киноны гол дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.   

- Таны гол дүрийг нь бүтээсэн “247 градус” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ киногоор дамжуулан нийгэмд ямар мессеж өгөхийг зорьсон бэ?

- Бидний аав ээжийн үед  нэг нэг чемодамтай л амьдрал зохиож аз жаргал, хайраар дуталгүй сэтгэл хангалуун амьдарч чадсан байдаг. Харин өнөөгийн нийгэмд энэ бүхэн алдагдчихсан мэтээр дийлэх олонх нь ойлгож байна. Тодруулбал, хайр сэтгэл гэдэг өнгө үзэмжний, мөнгөний болчихсон мэтээр харцгааж байна. Гэтэл зүрх зүрхээ чагнахад жинхэнэ хайр үүсдэг юм, аз жаргалтай амьдарч болдог юм гэдгийг манай кино харуулахыг зорьсон. Киноны өгүүлэх санааг ерөнхий найруулагч, продюссер илүү сайн хэлэх байх.

- Таны бүтээсэн дүр амьдралд чинь хэр ойр байв?

- Энэ кинонд тоглоход Гэрлээгээс тэс өөр ертөнцөд амьдарсан. Би амьдрал дээр хэзээ ч оффисийн орчинд ажиллаж байгаагүй. Дээрээс дарга тушаал өгдөг, түүний дагуу ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл энэ кинонд бүтээсэн Ариунаагийн дүр маш удаан, үргэлж хоцордог нарийн бичиг бүсгүй. Кинонд намайг яст мэлхий гэдэг. Гэтэл Гэрлээгийн амьдрал үргэлж уралдаастай, гүйгээстэй, шогшоостой өрнөдөг. Өөрөө ч удаан хүнд маш дургүй.

- Өөрөөсөө өөр хүний дүрийг бүтээхэд бэрхшээл  нь юу байв?

- Кино урлаг бол жүжигчинээс асар их нарийн торгон мэдрэмж шаарддаг ажил. Уран бүтээл гарсны дараа сайхан боловч бүтэж байх хугацаанд маш олон бэрхшээлтэй тулгарна л даа. Гэхдээ энэ киноны тухайд надад хэцүү зүйл бараг байгаагүй. Энэ нь хамт ажилласан кино багийнхан туршлагатай мэргэжлийн хүмүүс байсантай холбоотой гэж бодож байна.

- “247 градус”  кино өөрийн чинь хэд дэх дэлгэцийн бүтээл вэ?

- Миний хоёр дахь дэлгэцийн уран бүтээл. Эхнийх нь телевизийн олон ангит кино байсан.

-Тэр бүр дэлгэцийн уран бүтээлд тоглоод байдаггүй Гэрлээ яагаад “247 градус” кинонд тоглох болов?


- Миний хувьд урлагт хөл тавиад арваад жил болсон байна. Энэ хугацаанд киноны олон санал ирж байсан. Гэхдээ би дүрийн хувьд нарийн шинжихээс гадна цаг заваа хардаг. Миний үндсэн ажил бол хошин урлаг. Тиймээс үндсэн ажлаа орхиод кинонд тоглодоггүй. Харин энэ киноны тухайд бүх зүйлийн тохироо бүрдсэн байсан.

- Тухайлбал?

- Зохиол болоод дүр таалагдсан. Мөн санал тавьсан найруулагч нь маш эрч хүчтэй, залуу уран бүтээлч  байсан. Бас би амарч байсан учраас цаг зав хангалттай байлаа.

- Жүжигчин Ууганбаяр тоглосон нь киног бүр ч сонирхолтой болгосон мэт санагдсан? 


- Ууганаа маш олон кинод тоглосон туршлагатай жүжигчин. Эр хүн, эцэг хүн, жүжигчин хүн, найз нөхрийн тухайд ч маш сайн залуу. Энэ хүнтэй хамтарч тоглосондоо баяртай байгаа. Ер нь кинонд мэргэжлийн хүмүүс ажилласан нь амжилттай болгосон.

- Жүжигчин Гэрлээ амьдралынхаа хамтрагчтай учирсан уу?

- Би хувийнхаа амьдралыг зохиочихсон. Гэхдээ хувийн амьдралыг зүгээр нэг үзэсгэлэн худалдаа шиг ил байлгахыг хүсдэггүй. Энэ бол миний л амьдрал. Надад үнэтэй эрдэнэ. Тийм учраас би хувийн амьдралынхаа тухай нэг их яриад байдаггүй.

- Урлагт хөл тавиад хэдэн жил болж байна вэ? Уран бүтээлийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

- 2004 онд СУИС-ийг найруулагч, жүжигчний мэргэжлээр 4-р курсээ төгсөх гэж байхдаа нэг уралдаанд амжилттай оролцож “Шинэ үе” продакшны Б.Ариунболд ахаас "Манай хамтлагт орж ажиллаач ээ” гэсэн санал авсан. Тэр цагаас хойш хошин урлагийн салбарт ажиллаж байна.

Хошин урлагийг шүүмжлэгчид олон байдаг. Бас залуу насных ч гэдэг. Энэ чиглэлээр явахад та өөрийнхөө авъяасыг нээж, ур чадвараа бүрэн гаргаж чадаж байгаа гэж боддог уу ?


- Хүн нас нэмэх тусам суралцдаг гэдэг шиг би ажиллах бүрдээ нэг юм сурч авдаг. Би залуу хүн, өөрийнхөө зориг, хүч чадал, чармайлтаар ажиллаж байгаа. Урлагт нэн ялангуяа жүжигчин хүнд яг ингээд тоглочихдог, сурчихдаг гэсэн юм байдаггүй юм шүү дээ. Тиймээс би надаас гарч болох бүх авьяас чадвар, сэтгэл, хүчийг зарж ажилладаг. 

- Ажил мэргэжлийн тухайд үлгэрлэн дурайдаг хүн бий юу?

- Үлгэрлэн дуурайна гэдгийг би эргэн тойрон дахь хүмүүсийн сайхан чанараас суралцах гэж ойлгодог. Тэр утгаараа би ажил, амьдрал дээр сайн чанаруудыг нь даган дуураймаар, суралцмаар олон хүнээр өөрийгөө хүрээлүүлсэн азтай хүн.

- Жүжигчин Гэрэлцэцэг бол Монголын хошин урлагийн чимэг болсон бүсгүй. Тиймээс бүсгүй хүний мөн чанарын тухай таны ойлголтыг сонирхмоор байна?


- Би бүсгүй хүний жинхэнэ мөн чанар ухаан, сэтгэлд нь оршдог гэж боддог. Мэдээж гадаад гоо сайханыг бүсгүй хүн бүрт бурханаас харамгүй  заяасан байдаг. Тиймээс дотоод гоо сайхнаа илүүтэй өнгөлөж өөрийнхөө ямар гайхамшигтай болохыг мэдрэх нь чухал.

- Сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа гэж сонссон. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?  

- Энэ мэргэжлийг сонгосон нь  “MN25” суваг телевизийн “Их хотын үдэш” цэнгээнт нэврүүлгийг хөтлөх болсонтой холбоотой. Нэвтрүүлэг хөтөлж байх явцад би сэтгүүл зүйн хүн биш учир мэдлэг туршлага дутаж байсан.  Харин телевизийн ажил бол маш агуу урлаг шүү дээ.  Тиймээс би энэ урлагийг хүндэтгэх үүднээс мэргэжлийн түвшинд сурч судлах ёстой гэж бодсон. Сургуулиа удахгүй төгсөнө.

- Номын дууг нь сонсож байгаа хүний хувьд телевизийн ямар нэг нэвтрүүлэг хийх бодол байгаа байх ?

- Тийм ээ. Нийгэмд хэрэгтэй гэгээлэг сайхан телевизийн нэвтрүүлэг хийнэ гэсэн бодол байгаа.  Гэхдээ хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй.

- Та амьдралын үнэ цэнийг юунаас илүү мэдэрдэг вэ?

- Зовлон үзээгүй хүн жаргаж буйгаа мэдэхгүй. Үүнтэй адил хүн үргэлж зовж зүдрээд байвал жаргалын тухай ойлголтгүй болно. Тиймээс хүн амьдралын үнэ цэнэ, аливаа зүйлийн сайхан, муухайг агшин бүрээс мэдрэх боломжтой. Ер нь хүн жаргал, зовлон хоёрыг ялгалгүйгээр хүлээж авах чадвартай л байх хэрэгтэй.  Амьдрал гэдэг хар цагааны хослол шүү дээ. 

- Харин та өлсөж үзээд юуг илүүтэй ойлгосон бэ? Мэдээж би “21.000” реалити шоунд оролцож байсан үеийн тань тухай асууж байна? 


- Сая төгрөгөөр 10 хонох үе ч бидний амьдралд бий шүү дээ. Гэтэл хэмнэх юм бол 21000 төгрөгөөр ч сар амьдарч болох юм билээ.  Тэгэхээр хүн  мөнгөний үнэ цэнийг сайн мэдэж байх нь чухал. Нэвтрүүлэг үүнийг харуулахыг зорьсон.  Зорилгоо ч тун амжилттай биелүүлж нийгэмд маш том хичээл заасан. Тухайлбал “гэрлээдэх үү” гэдэг үг моданд орчихсон байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ясаа шулчихаад хаялгүй дараа нь буцалгаж шөлөнд нь будаа чанаж идэхийг хэлдэг байх жишээтэй. Мөн хүүхдүүд Гэрлээ эгч шиг мөнгөө гамтай хэрэглэж зөв зүйлд зарцуулна гэж байх жишээтэй. Энэ бол нийгмийн хандлагыг маш зөвөөр чиглүүлж байгаа нэг хэлбэр. 

- Хүн амьдрахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу? гэх асуулт байдаг. Өлсөж үзсэн хүний хувьд та ямар хариулт өгөх вэ?

- Энэ асуултад би амьдрахын тулд иддэг гэж хариулдаг байлаа. Харин нэвтрүүлэгт орсноос хойш хүн идэхийн тулд амьдардаг юм байна гэж бодох болсон. 

- Олны танил байх таалагддаг уу?  

- Таатай сайхан зүйл зөндөө. Тухайлбал “21000” шоунд орж байх үед хүмүүс юмаа бараг л үнэгүй өгөх гээд байсан. Ард түмэн ингэж хүндэтгэлтэй хандана гэдэг урлагийн л буян шүү дээ. Мөн монгол хүн гэдэг үнэхээр өгөөмөр, уужуу, алсыг харсан бодолтой, хүн чанар сайтай, найрсаг байдагт нь баярлаж байлаа.

- Олны нүдэнд ил байхад хэцүү үе байдаг байх, тийм үү?  

- Яахав байна л даа. Гэхдээ хэцүү гэж бодож явдаггүй дээ л байгаа юм. 

Ярилцсан: А.Алтантуяа 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.19) 2021 оны 12 сарын 09

mash muu jujigchin.hudlaa charlaad baidag.

2  |  1
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 03 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top