Эрэгтэйчүүд яагаад ”муу эмэгтэй”-г хайрладаг вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 22

Эмэгтэй хүн бүр эр хүний хайрыг татаж, дэргэд нь эрхэлж, нөмөр нөөлөг, түшиг тулгуурыг нь мэдрэхийг хүсдэг. Аятайхан санагдсан залуу чинь анхны уулзалтынхаа дараа аашаа хувиргаад байна уу. Хэн ч ойлгодоггүй юм шиг санагдан, өөрийгөө азгүй нэгэн гэж бодох үе эмгэй хүн бүрт л тохиолддог. Гэхдээ яагаад гэдэг асуултыг бид өөрсдөөсөө биш, ихэнхдээ эрчүүдээс л хайдаг. Тэр л муу залуу учраас, тэр л намайг ойлгоогүйгээс орхилоо хэмээн гомдоллодог. Харин хэзээ нэгэн цагт тэр залуугаас биш надаас боллоо, би үргээчихлээ хэмээн бурууг өөртөө өгч байсан уу.

“Түүнд би бүхнээ зориулсан, өөрөөсөө илүү хайрласан, сэтгэл гаргасан” гэж бодохоор л гомдлын нулимс асгараад болохгүй нь уу бүсгүй минь. Тэгвэл бүсгүйчүүд  бид хэт сайн байх тусам залуучууд зугтдагийг мэддэггүй. Үнэн хэрэгтээ эрчүүд сайн биш, “муу эмэгтэй”-г хайрладаг юм байна. Судалгаанаас үзэхэд олонх эрчүүд яагаад гэдгээ тайлбарлаж чадаагүй ч, “муу эмэгтэй”-д татагддагаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин “муу эмэгтэй” гэж хэн бэ? Энэ тухай “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” номоороо зохиолч Шерри Аргов хариул т өгчээ. Хайр дурлалд одтой байх гарын авлагаас “муу эмэгтэй” гэж хэн болохыг харцгаая.

Өөрийн хараат бус байдлаа хадгалж үлддэг

Тэр компанийн захирал, эсвэл эгэл жирийн зөөгч ч байж болно. Ямар ч ажил хийдэг бай, хамгийн гол нь тэрээр өөрийгөө аваад явчих чадвартай, өөрийн нэр төрийг байнга боддог. Тэр хэзээ ч бусдын туслалцааг хараад сууж байдаггүй.

Эр хүний араас хөлөө хугалах шахам гүйдэггүй

Түүний хувьд нар, сар, одод залууг нь тойрч эргэлддэггүй юм. Тэр хэзээ ч од гарагсын эрхшээлийг харж байж эр хүнтэй болзохгүй. Эрчүүдийг агнах гэж тэр хөөцөлдөхгүй, бас залуугаа үргэлж хажуудаа байлгаад байхыг хүсэхгүй. Залуу нь түүний хувьд цорын ганц эрдэнэ биш.

Тэр нууцлаг

Илэн далангүй, ичгүүр сонжуургүй гэсэн хоёр ойлголт бол үнэндээ тэс ондоо зүйлс юм. Муу эмэгтэй бол илэн далангүй нэгэн. Гэхдээ бүх зүйлээ ил гаргаад байдаггүй. Тэр хэзээ ч гартаа байгаа хамаг хөзрөө ширээн дээр дэлгэж тавихгүй. Итгэмтгий байдал нь үл хүндлэлийг төрүүлдэг бол нөхцөл байдлыг урьдаас тааж болж байгаа нь уйтгартай байдлыг бий болгодог. 

Залуугийнхаа хажууд байхдаа тэр өөрийгөө хянаж байдаг

Уурласан үедээ залуутайгаа харилцахаас зайлсхийдэг. Бас харилцаандаа таагүй байдал үүсгэхийг тэр зөвшөөрдөггүй. Тиймээс тайвширч байгаад асуудлыг маш тодорхой, голыг нь олсон богино үгээр илэрхийлдэг.

Өөртөө цаг зав хангалттай гаргадаг

Залуу нь тэсвэр алдаж байлаа ч яарахгүй. Залуугийнхаа биш, харин өөрийн амьдралын хэмнэлээр тэр амьдардаг бөгөөд энэ хэмнэлийг нь өөрчлөх эрхийг хэнд ч өгдөггүй.

Тэр хошин шогийн мэдрэмжтэй

Хошин шогийн мэдрэмжтэй байх нь бүгдийг хяналтандаа байлгаж чадаж байгааг харуулж байдаг. Гэхдээ хүндлэл үзүүлэхгүй байна гэдэг түүний хувьд инээх шалтгаан болдоггүй.

Өөрийгөө өндөрт үнэлдэг

Эр хүнээс магтаалын үг сонсоод тэр үргэлж баярлалаа гэж хэлдэг. Хэзээ ч түүнийг нь эсэргүүцдэггүй. Хуучин найз бүсгүй нь ямар царай зүстэй байсан тухай тэрээр залуугаасаа асуухгүй. Бас хэзээ ч бусад хүүхэнтэй өөрийгөө харьцуулж өрсөлдөхгүй.

Түүнд эр хүнээс гадна хүсэл сонирхол, тэмүүлэл гэж бий

Эр хүн бүсгүйнхээ хувьд хамгийн чухал нэгэн биш гэдгээ мэдэх тусам түүнтэй хамт байхыг хүсдэг. Муу эмэгтэй өөрийн сонирхож хийдэг зүйлстэй тул залуугийнх нь утас холбогдох боломжгүй байсан гэж гомдоллохгүй.

Тэр өөрийнхөө биеийг хамгийн төгс төгөлдөр гэж боддог

Муу эмэгтэй өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөндөө анхаарч байдаг. Гадаад байдалдаа хэр зэрэг анхаарал тавьж байгаагаас нь тухайн хүн өөрийгөө хүндэлдгийг мэдэж болно гэдгийг тэр сайн мэднэ. Хэдий тийм ч зөвхөн өөртөө таалагдсан зүйлийг л тэр хэрэглэдэг. Залуу нь түүнд улаан уруулын будганд дургүй гэж хэлсэн байлаа ч, өөрт нь таалагддаг болохоор тэрээр уруулаа улаанаар будсан хэвээрээ л байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top