АСЕМ-ийн уулзалтыг хэвлэлийнхэн дэмжиж ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Ази Европын дээд хэмжээний уулзалт буюу “АСЕМ”-ын 11 дэх уулзалт 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “АСЕМ”-ын үндэсний зөвлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

“АСЕМ” нь спортоор бол олимптой дүйцэхүйц дэлхийн улс төрийн хамгийн том арга хэмжээ бөгөөд монголчууд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд нэгдмэл ойлголт, зорилготойгоор хамтран ажиллах ёстой. Энэ зорилгод хэвлэл, мэдээллийн байгууллагууд түүчээлж ажиллах бөгөөд АСЕМ-ын чуулганы үйл ажиллагааг өндөр төвшинд, нэгдмэл зохион байгуулалттайгаар сурвалжлах, цаашлаад олон улсын тавцанд Монгол Улсаа сурталчлах зорилгоор ийнхүү хамтын ажиллагааг эхлүүлж байгаа аж.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь, Монголын өдөр тутмын сонины холбооны тэргүүн Г.Отгонбаяр, “Монгол Масс Медиа” группийн гүйцэтгэх захирал А.Амундра, Монголын сайтын холбооны тэргүүн Х.Манлайбаяр болон “АСЕМ-2014”-ийг монголоо төлөөлөн сурвалжилсан сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо. Сэтгүүлчид болон АСЕМ-ын үндэсний зөвлөлөөс “АСЕМ-ын зүг хамтдаа” уриалгыг дэвшүүлж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар:

-Энэ удаад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид маань санал нэгдэж, АСЕМ-ын 2016 оны долоодугаар сард болох энэ арга хэмжээг олон нийтэд сурталчлахад сайн дураараа, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе гэсэн уриалга гаргасан. Энэ уриалгыг миний бие “АСЕМ-2016”-г Монголд зохион байгуулах ажлын хэсгийн дэд хэсгийн ахлагчийн хувьд таатай хүлээн авч, өнөөдөр бид зохион байгуулалтын асуудлаа ярилцсаны үндсэн дээр хэвлэлийн хурлыг зарлаж байгаа юм. Юуны өмнө энэ санаачилгыг гаргасан нэр дурьдсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэндээ Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье. 2014 оны аравдугаар сард Милан хотноо болсон уулзалтаас Монгол Улсад дараагийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах эрх олгосон. Тухайн үед сэтгүүлчид та бүхэн “Энэ бол улс төрийн маш том арга хэмжээ. Спортоор бол олимпийн эрхийг авсантай адилхан юм” гэж бичиж байсан. Тэгэхээр энэ бол үнэн. Олимп, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авсан улс орон яаж зохион байгуулалтанд орж, яаж нэг зүгт харж, нэг уур амьсгалтайгаар энэ арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Түүнтэй яг нэгэн адилаар хэдийгээр энэ улс төрийн уулзалт боловч Монгол Улс гадаад нэр хүндээ, дотоод зохион байгуулалтаа бодож, сэтгүүлчид маань уриалж, олон нийт, төр засаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшил гээд бүгд нэгэн зүгт ажиллаж байж, энэ том ажлын ард гарах ёстой.

 

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай:

-Энэ бол монголчуудын хувьд маш том боломж гэж ойлгож байгаа. Энэ удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулснаар бид дараа дараагийн томоохон дээд хэмжээний уулзалтууд шил шилээ даран гарч ирэх нь дамжиггүй. Тэгэхээр бид Монгол Улсаа сайнаар харагдуулах, сайнаар сурталчлахад анхаарах ёстой. Миланд 53 орны төр засгийн тэргүүнүүдийг дагаад нийтдээ 5000 гаруй хүн цугларсан. Энэ дотор хэвлэл, мэдээллийн ажилтнууд хэдэн мянгаараа бий. Тэд бол бидний үзэг нэгт нөхөд. Бид тэдэнд үнэн бодитой, сайн мэдээлэл өгч ажиллах нь бидний үүрэг юм.  Өнөөдрөөс АСЕМ-ын сурталчилгаа эхэллээ гэж ойлгож байна. Энэ уулзалт ямар учиртай, ямар үр дүн, ашигтай юм гэдгийг бид ард түмэндээ хэвлэл, мэдээллээр дамжуулан сурталчлах нь бидний үүрэг. Тийм учраас та бүхэн энэ сурталчилгааг сайн явуулаач ээ гэдгийг уриалж байгаа. 

 

Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ийн дарга Э.Дагиймаа:

-Монгол Улсын нэр хүндийг гадаад улсад сурталчлах нь сэтгүүлч бидний үүрэг. Энэ асуудалд монголын телевизүүд нэг байр сууринаас хандана гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил өндөр төвшинд хүрч байгаа гэдгийг бид дэлхий нийтэд таниулахын төлөө сэтгүүлчид ажиллана. Гуравдугаарт, АСЕМ гэдэг энэ уулзалтыг зөвхөн нэг төрийн байгууллага, зөвлөл хариуцах биш. Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн салбар, Монголын иргэн бүрийн оролцоотой том хэмжээний зөвлөл гэж харж байгаа. Тийм ч учраас Монголын телевизүүдийн холбоо “АСЕМ-ын зүг хамтдаа” гэсэн уриаг дэмжиж байгаа. Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулахад сэтгүүлч бид хамтдаа гэж уриалахаас гадна Монгол Улсын иргэн бүр, компани, аж ахуйн нэгжүүд хамтдаа ажиллаасай гэж хүсэж байна. Бид эх орныхоо нүүр царайг дэлхийн 53 орны төр засгийн тэргүүнүүд, 5000 гаруй сэтгүүлчдэд харуулна. Үүнийг дагаад 5 тэрбум хүн Монголыг харах учраас бид улсынхаа нүүр царайг дэлхий дахинд зөв харуулах ёстой.

 

Монголын өдөр тутмын сонины холбооны тэргүүн Г.Отгонбаяр:

-2016 онд болох том хурлын бэлтгэлийг бид ярьж байна. Гэхдээ энд оролцох улсууд ч бас яг өнөөдрөөс эхлээд Монгол гэж ямар улс юм. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байдаг, хүн ам нь ямар амьдралтай юм гэдгийг судалж байгаа. Тийм учраас бид ч бас өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ орох нь зөв юм. АСЕМ бол нэг талаас улс төрийн акц. Нөгөө талаас энэ том арга хэмжээг дагаад эдийн засаг явж байгаа. Тийм учраас бид ганцхан хурал зохион байгуулах асуудал биш юм. АСЕМ-ыг ашиглан бид Монгол Улсаа яаж сурталчлах вэ. АСЕМ-аас юу авч үлдэх вэ. Маш том бүтээн байгуулалтууд явж таарна. АСЕМ-ын хурал 2016 оны долоодугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараа болно. Тэгэхээр бид сонгуулийн нэг цикл дөнгөж эхлэх үед Монгол Улсаа гадаадад сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш том боломж гарч ирж байна. Үүнийг зөв ашиглахад сэтгүүлчид бидний дуу хоолой, өнцөг маш чухал. Энэ талд Монголын өдөр тутмын сонины холбоо хамтарч ажиллана. Бүхий л чадлаараа дэмжиж ажиллана. 

 

“Монгол Масс Медиа” группийн гүйцэтгэх захирал А.Амундра:

 -Сүүлийн хэдэн жил олон улсын хэвлэлээр Монгол Улсын тухай таагүй мэдээ тарж байгаа. Манай компанийн хувьд АСЕМ-ыг Монгол Улсын энэ уруудаж байгаа нэр хүндээ өсгөх боломж гэж харж байгаа. Энэ утгаараа манайх хэвлэл, мэдээллийн компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцъё гэсэн байр суурьтай байгаа. Баримтат кино хийх ч юм уу. Ер нь жил болгоны АСЕМ-ын уулзалтыг дагаад дэлхийн бүх хэвлэл, мэдээллийн байгууллагууд урьдчилсан сурвалжлагууд хийгээд эхэлдэг. Мөн дараагийн үр дүнг нь маш дэлгэрэнгүйгээр хүргэдэг. Энэ мэдээллийн урсгал руу зөв мэдээлэл өгөх нь их чухал байна. Хоёрдугаарт, олон улсын хэвлэлийнхэн энэ мэдээллийн урсгалд дотоодын сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байр суурийг маш их анхаардаг. Тэгэхээр бид үүнд маш сайн анхаараад, бүх сэтгүүлчид, бүх хэвлэлийн компаниудаа уриалаад, оролцъё гэж байгаа юм. Түрүүн А.Ганбаатар зөвлөх хэлсэн. “Найрсаг Улаанбаатар” гэдэг концепцийг бид дараагийн гурван жилд барих гэж байгаа. Тэгэхээр бид олон улсад үнэхээр өөрсдийгөө найрсаг, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлсэн улс гэдгээ харуулах бололцоо гэж харж байгаа. Тэгэхээр үүний төлөө идэвхтэй ажиллахад бэлэн байна.

 

Монголын сайтын холбооны тэргүүн Х.Мандахбаяр:

-Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр онлайн орчинд мэдээллийг илүүтэй анзаарч харах байх гэж ойлгож байгаа. Монголын сайтын холбооны удирдах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, ярьсан. Бид энэ үйл ажиллагаанд улс орныхоо төлөө, монголчуудад олдож байгаа энэ том боломжийг бүрэн дүүрэн ашиглах, дэмжих зорилгоор ажиллана. Ялангуяа онлайн орчинд гарч байгаа мэдээ, мэдээлэлд ажлын хэсгээс гарч байгаа бодлого, чиглэлийг дагаж, алдаа дутагдал гаргахгүй байхын төлөө хичээж ажиллана. Мэдээж олон сайтууд энэ арга хэмжээний талаар янз бүрийн хэлбэрээр сурвалжлах байх. Гэхдээ бид бүхэн Монголын төлөө гэсэн сэтгэлээр энэ үйл ажиллагаанд хандах ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр хүрэлцэн ирж, энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа бүх сэтгүүлчид, ажлын хэсгийн гишүүддээ амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.104) 2015 оны 03 сарын 25

АСЕМ-ийн уулзалт бол маш том арга хэмжээ. Манайх мэдээллийн том төв байгуулж барах байгаа. Дэлхийн 51 оны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг нэг дор төвлөрүүлсэн, шууд эфирээр дэлхий дахинд цацах бүх нөхцөл бололцоог хангасан байх ёстой. Ийм хэмжээний мэдээллийн цогц төв бий билүү. Зочидоо энд тэнд буудаллуулаад, хооллож ундлаад болох байх. Хэвлэлийн төв л хамгийн хүнд асуудал байх болов уу. Үүнийг л амжилттай зөв шийдэх ёстой байх.

0  |  0
Top