Бээжин нүүрсний цахилгаан станцуудаа хааж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Бээжингийн эрх баригчид хамгийн сүүлчийн томоохон нүүрсний цахилгаан станцаа 2016 онд хаана хэмээн Bloomberg дамжууллаа. Бээжин хотын агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин давсан учир Huaneng Group Corp. цахилгаан станцыг шийдвэр гаргажээ. Өмнө нь Хятадын нийслэлд нүүрсний дөрвөн том цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг байсан юм. 2014 оны долдугаар сард эхний цахилгаан станцаа хаасан бол өнгөрсөн долоо хоногт хоёрыг нь хаажээ. Харин эдгээрийн оронд агаарын бохирдол үүсгэдэггүй, байгалийн хийн дөрвөн цахилгаан станц ашиглах бөгөөд нүүрсний цахилгаан станцтай харьцуулахад 2.6 дахин их эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай аж. Энэ оны эцэс гэхэд Хятад даяар 2000 орчим нүүрсний уурхайг хаахаар төлөвлөж байна. Үүнээс үүсэх эрчим хүчний хомсдолыг усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүч, мөн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх замаар нөхнө хэмээн тооцоолж байгаа аж. Хятадын Засгийн газар 2017 он гэхэд жилийн нүүрсний хэрэглээг 2012 онтой харьцуулахад 13 сая тонноор бууруулахаар төлөвлөсөн. Энэ нь агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийг бууруулна гэж найдаж байгаа юм. Үүнээс гадна Байгаль орчныг хамгаалах хорооны шийдвэрээр Бээжин хотын хэд хэдэн цементийн үйлдвэрийг хаах аж. Агаарын бохирдол сүүлийн жилүүдэд Хятадын өмнө тулгамдсан гол асуудлуудын нэг. Тухайлбал өнгөрсөн онд Хятадын 161 хотын агаарын чанар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 03 сарын 25

Uhaantai humuus

0  |  0
Top