Өнөөдөр гамшгийн дохио дуугарна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

   Дуут дохиог дуугаргах ажлыг жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Уг ажлаар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлдэг билээ.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой юм.

Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ. Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top