Маргааш дэлхийн нийтээр 60 минут гэрлээ унтраана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Дэлхийн дахинаа жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэснээр эх дэлхийгээ хайрлаж буйгаа илэрхийлдэг уламжлал тогтоод удаж байна. Харанхуйн 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш 20.30-21.30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дор  болох юм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 онд Австралийн Сидней хотноо хэрэгжүүлсэн бөгөөд нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байжээ. Үүний дараа 2008 оноос энэ уриалга дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 35 орон нэгдсэн байна.  2009 онд “Эх дэлхийн цаг”-т 88 орны 4159 хот нэгдсэнээр тэрбум хүн үүнд хамрагджээ. Энэ үед АНУ-д л гэхэд найман мужийн 318 хотын 80 сая иргэн гэрлээ унтраасан байна. Улмаар 2010 онд дэлхийн 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүн “Эх дэлхийн цаг”-т хамрагджээ. АНУ-д энэхүү хөтөлбөрт нэгдсэн хүмүүсийн тоо 90 сая болж өссөн бөгөөд шөнө унтдаггүй гэх тодотголтой Лас Вегас хүртэл харанхуйд автсан байна. Хөтөлбөр жил ирэх тусам хүрээгээ тэлсээр 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн “Эх дэлхийн цаг”-т нэгджээ. Тухайн үед Улаанбаатар хотод зөвхөн Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Ийнхүү 2012 онд “Таны амлалт миний урам зориг” уриан дор “Эх дэл­хийн цаг” дэлхийн өнцөг булан бүрт зо­хиогдож, “Facebook”, “Twitter” зэрэг олон ний­тийн сүлжээний том компаниуд нэг­дэн оролцсоноор улам идэвхжижээ. Харин 2013 онд Угандад анх удаа “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдэгсдийн анхаарлыг ой мод руу чиглүүлэх санаачлагыг өрнүүлжээ. Өнгөрсөн 2014 оны хувьд “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт дэлхийн 162 орны 7000 гаруй хотын иргэд оролцсон байна “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. Энэ нь гэрлээ унтраасан үед гэрэлтүүлэг болохоос гадна “асаасан лаа” нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, өнгөрсөн хугацаанд тохиолдсон бүхэнд харамсах сэтгэлээ зул болгон өргөх зэрэг бэлэгдлийг агуулдаг байна. Түүнчлэн “60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top