Шадар сайд замын хураамжийн асуудлыг шийдэхээ илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Шадар сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд говийн бүсэд ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3-р сарын 26-нд ажилласан байна. Цогтцэций суманд орших Таван толгойн ордод Төрийн өмчит Эрдэнэс таван толгой, орон нутгийн өмчит Таван толгой болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи ресурс компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэс таван толгой болон орон нутгийн жижиг таван толгой Цанхийн хэсэгт олборлолт явуулж байгаа бол Энержи ресурс Ухаа худаг ордыг ашиглаж байгаа юм. Дээрх компаниуд нүүрсээ авто машинаар тээвэрлэдэг. Зуун тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн эмзэг хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан. Энержи ресурс компани 5 толгой Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамж ижил биш тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг орон нутгийн өмчит Таван толгой компаний гүйцэтгэх захирал Р.Сэддорж Шадар сайдад хэллээ.

Энержи ресурс компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Энэ хураамж өндөр байгаагаас  болоод Орон нутгийн таван толгой болон Эрдэнэс таван толгой компанийн нүүрс ачсан  машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон  хэвээр байгаа. Харин буцахдаа хоосон машиныг 60 мянган төгрөгөөр хатуу хучилттай замаар явуулдаг байна.

Таван толгой гашуун сухайт авто зам компанийн захирал энэ талаар тайлбарласан. Энержи ресурс компани 245 км авто замыг 118 сая доллараар  барьжээ. Энэ мөнгийг нь төлөөд Эрдэнэс МГЛ компани худалдаж авсан. Гэхдээ 100 сая долларыг өгч, харин үлдсэн 18 сая долларыг нь  замын хураамжаас төлөхөөр тохирсон юм байна. Энэ дагуу 0.75 долларын хураамж төлж, үлдсэн 0.75 долларыг нь төлбөртөө суутгаж байгаа гэж Энержи ресурсийнхэн тайлбарлалаа.

Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоохын тулд ЗГ анхаарлаа хандуулна гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top