Сүхбаатар аймагт гарсан түймэр Дорнодын хоёр суманд тархжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Тосон” гэдэг газарт гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол суманд тархан шатаж байна. Түймрийг унтраахаар энэ сарын 24-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, Матад сумын 213 иргэн, Баянтүмэн сумын 30 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 45 албан хаагч нийт 399 хүн ажиллаж байгаа тухай ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын төвөөс мэдээллээ. Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Хонхор нуур” гэдэг газар хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн сумдаар тархан шатсныг онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэд нийлсэн 765 хүн ажиллаж өнгөрөгч шөнө 22:23 цагт унтраажээ. Хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Иймд ард иргэдийг замд гарахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангах, өвс ихтэй газраар  явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top