”Apple”-ийн тэргүүн бүх хөрөнгөө буяны үйлст хандивлана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Америкийн “Apple” корпорацийн тэргүүн Тим Кук зээ дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулах мөнгөнөөс бусад өөрийн бүх хөрөнгийг буяны үйлст зориулахаар төлөвлөж байгаа тухайгаа Америкийн “Fortune” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тус сэтгүүлийн тооцоолсноор, Тим Кук 800 сая гаруй доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж. “Apple” компанийн тэргүүн өөрийн хөрөнгийг ХДХВ-ийн халдварын тархалттай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, мөн АНУ-ын цагаачлалын тогтолцоог шинэчлэхэд зориулахаар төлөвлөж байгаа аж. “Тэрбээр хэдийн шуугиан тарилгүйгээр мөнгө хандивлаж эхэлсэн боловч зүгээр л хааяа нэг чек бичих бус харин буяны ажиллагаагаа системтэй явуулахыг хүсч байгаагаа” хэлжээ. Үүнээс гадна, “Apple”-ийн тэргүүн одоо 10 настай зээ дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр төлөвлөж байгаагаа ярьсан байна. 2012 онд тэрбээр Калифорни муж улсын Стэнфордын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн хэрэгцээнд зориулж 50 сая доллар хандивлаж байжээ. Үүнээс гадна, Кук ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг “Product Red” олон улсын буяны байгууллагад 50 сая доллар хандивласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top