Сингапурын ерөнхий сайдыг ням гарагт эцсийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Өнгөрсөн долоо хоногт Сингапурын экс Ерөнхий сайд Ли Куан Ю уушгины үрэвсэлт өвчний улмаас 91 насандаа нас барсан юм. Орчин цагийн Сингапурыг үндэслэгч “Эцэг” гэгддэг хүндэт хүнээ алдсан Сингапурчууд долоо хоногийн гашуудал зарласан билээ.  Ноён Лигийн шарилыг лхагва гарагт парламентын ордон руу шилжүүлсэн бөгөөд бямба гараг хүртэл нийтдээ 1.5 сая хүн түүнд хүндэтгэл үзүүлсэн гэж Засгийн газраас мэдээлжээ. Харин ням гарагийн 14 цагт Сингапурын Үндэсний их сургуулийн соёлын төвд Ерөнхий сайд Ли Куан Юг эцсийн замд нь үдэх ёслол болжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр гудамжинд 15.4 километрийн урт гашуудлын цуваа явсан бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Тони Эббот, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг төр засгийн томоохон төлөөлөгчид оролцсон байна. Ерөнхий сайд Лигийн хүү, одоогийн Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун “Миний эцэг бүхий л амьдралынхаа туршид Сингапурын төлөө амьдарч, амьсгалж байсан юм” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top