Ц.Мөнхцогт: Байгууллагуудад зориулсан платформ хөгжүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Мэдээллийн технологийн үндэсний парк дөнгөж гараагаа эхэлж буй гарааны шинэ тулгар компани, иргэнийг бойжуулж эхлээд 12 жилийн нүүр үзэж байна.  Энэ хугацаанд тус паркын инкубаторын хөтөлбөрт хамрагдахаар нийт 249 иргэн, компани төслөө ирүүлсэн байна. 2003 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний парк нийт 95 компани, иргэнийг хөтөлбөртөө хамруулж, тусад нь гаргажээ. Харин яг одоогийн байдлаар энд “start-up” буюу гарааны 10 компани байрлаж, бойжиж байна. Бид эдгээр 10 компанийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад бид программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Alchemist Technologies" компаний технологи хариуцсан захирал Ц.Мөнхцогттой ярилцлаа.

- Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Манай компани 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Анх гурван гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. 2011 оноос хойш программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэснээр байгууллагуудад зориулсан платформ хөгжүүлж байгаа юм.

- Танай компани яг одоо ямар төсөл дээр ажиллаж байна? Цаашдын зорилгынхоо талаар сонирхуулаач?

- Манай компани өнгөрсөн оны таван сард "Инкубатор" төсөлд шалгалт өгч элссэн. Энэ хугацаагаанд тодорхой хэмжээний төсөл хэрэгжүүлж нийгэмд гаргах зорилго тавьсан юм.

Үүнд www.chef.mn гэдэг сайтыг нээсэн. Энэ нь хоол сонирхогч хүмүүсийг нэгтгэсэн, хоолны жор оруулдаг сайт юм. Мөн хоол сонирхогчид өөрсдийгөө сурталчилах, гарын доорхи материалаар хэрхэн хоол хийх вэ гэх мэт зүйлийг багтааснаараа онцлог. Үүнээс гадна tulla.mn гээд сайтыг шинээр гаргасан. Энэ нь өөрт байгаа зүйлээ өөр нэгэн зүйлтэй тулж солилцох зорилготой хүмүүст зориулсан сайт юм.

- Залуу хүмүүсийн хувьд өөрсдөө бие даагаад компани байгуулахад хүндрэлтэй зүйлүүд юу байна?

- Монголд шинийг хийх гээд эрэлхийлж байгаа залуус бид нарт хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудал бол хөрөнгө мөнгөний асуудал байна. Учир нь бид мөрөөдлийнхөө төлөө хийе бүтээе гээд  нэгдээд ажиллахад байр орон сууц, хоол унд, цалин мөнгө, амьдралд хэрэглэгдэх зардлуудыг хэнээс ч хамааралгүй шийдэх болж байгаа. Их эрсдэл үүрч бизнест хөл тавихад маш их асуудал үүсдэг.

- Мэдээллийн технологийн үндэсний паркаас та бүхэнд ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ?

- IT паркаас бидэнд маш их тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Нэгдүгээрт 90 хувийн хөнгөлөлттэйгөөр орон сууцаар хангаж байна. Мөн интернэтээр үнэгүй хангаж, бүтээгдэхүүн үнэгүй сурталчилж, маркетинг хийж өгдөг. Энэ бол зах зээл дээр дөнгөж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бидний хувьд маш том хөрөнгө оруулалт юм.

-Танай компаний хэтийн зорилго юу байна? Мэдээж үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй болгох байх?

- Манай компани ерөнхийдөө зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.Цаашдаа том компани болж өргөжих бодол байгаа.Ингэхийн тулд сайн бүтээгдэхүүн хийж зах зээл дээр гаргах шаардлагатай юм."Инкубатор" төслөөс гарсан хойноо өөрсдийгөө бие даагаад аваад явах чадвартай болох ёстой гэдэг үүднээс маш их хичээж ажиллаж байна.

-Программ хангамжийн чиглэлийн олон компани бий болж байна. Танай компаний хувьд эдгээрээс юугаараа давуу талтай вэ?

- Манай компаний инженерүүд бүгд гадаадад сургууль төгссөн. Тиймээс бусдаас хурдтай, чанартай, чадвартай бүтээгдэхүүн гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ бусад компаниудад сайн хүмүүс байгааг үгүйсгэж болохгүй.

-Танай компанитай хамтарч ажиллахаар бол ямар замаар холбогдох вэ?

- Манай фэйсбүүк хаяг болох alchemist.mn-ээр бидэнтэй холбогдож, бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Танай компани хэрэгжүүлж байгаа төслүүд дээрээ хөрөнгө оруулагч авах уу?

- Бид хэрэгжүүлж байгаа төсөл дээрээ хөрөнгө оруулагч авах бүрэн боломжтой. Манай сайт дээр сурталчилгаа байрлуулж болно. Мөн манай төслүүдийг тусд нь салгаад компани болгох боломжтой. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчидад нээлттэй ажиллах болно. Үүнээс гадна манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дөнгөж сургуулиа төгссөн залууст нээлттэй байж зааж, сургаж гаргасан. Мөн биднээс суралцах хүсэлтэй залуус "Инкубатор"-аар дамжуулан манай компанид ирж дадлага хийх бүрэн боломж бий.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.alchemist.mn/ сайтаас аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top