Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

УИХ-ын дарга захирамж гаргаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жасгаалтыг баталлаа. Хаврын чуулганаар хэлэлцэж, батлагдах хүлээлт үүсгэсэн томоохон хууль, тогтоолын төслүүдийг товч танилцуулж байна.

Сонгуулийн нэгдсэн хууль

Жил жилийн парламент сонгогдсоныхоо дараа сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулдаг “бичигдээгүй хууль” тогтсоор удаж байна. Энэ дагуу З.Энхболдын “ангийнхан” ч гэсэн хаврын чуулганаараа Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэж, батлахаар төлөвлөж байна. УИХ-ын ажлын хэсгийн төвшинд Сонгуулийн нэгдсэн хуулийн ерөнхий дүр зургийг гаргасан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдэж буй. Энэ хүрээнд бүх шатны сонгуульд нийтлэг мөрдөгдөх дүрэм журам, зохицуулалтуудыг шинэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, санал тоолох, маргаан хянан шийдвэрлэх, сурталчилгааны хугацаа гэх зэрэг үйл ажиллагааг нэгдсэн хуулиар зохицуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн Сонгуулийн пропорцианаль тогтолцооны элемент агуулагдсан одоогийн хувилбарыг хадгалж үлдэх бололтой. Одоо мөрдөгдөж буй хуулиар бол УИХ-ын гишүүдээс 28 нь пропорцианаль буюу намын жагсаалтаар, 48 нь тойрогт нэр дэвшиж сонгогдож байгаа. Энэ тогтолцоо хэвээр хадгалагдан үлдэх байх гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан 76 жижиг тойрогтоо хуваагдах асуудлыг хөндөж байсан. Мөн сонгуулийн санал тооллогыг автоматжуулсан болон гар тооллогыг хавсран хэрэглэх талаар саналаа өгч байсан билээ. Гэхдээ ирэх чуулганаар Сонгуулийн хуулийн үндсэн том концепци, зохицуулалтад тийм ч айхтар өөрчлөлт орохгүй нь бололтой.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болох, аль ч нам нь гарсан тэр бодлогоо хэрэгжүүлдэг байх тухай асуудлыг улстөрчид, судлаачид олон жил ярьсан. Гэвч өнөөг хүртэл энэ бодлогыг хэрэгжүүлж чадаагүй байгаа. Энэ удаад парламент дээр бүх намуудын төлөөллийг багтаасан уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл багтжээ. Уг хуулийн төслийг батлахтай зэрэгцээд, УИХ-аас “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах учиртай. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг баталж чадвал Монгол Улс дараагийн 15-20 жилийн хугацаанд ямар бодлогоор, хэрхэн улсаа хөгжүүлэх вэ гэх асуудал тодорхой болно. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-аас батлах бол, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар уг бодлогыг чухам хэрхэн, яаж хэрэгжүүлэх, хариуцлага, хяналтын асуудлыг тодорхойлж буй билээ. Хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр улсын хөгжил дөрвөн жилийн сонгуулийн циклээр явагддаг байдалд цэг тавих учиртай.

Казиногийн тухай хууль

1990-ээд оны эхээр казиногийн гэх хэрэг мандсанаас хойш монголчууд казино гэхээр цэрвэх болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд казино биш мөрийтэй тоглоом, покерыг монголчууд ихээр тоглох болсон билээ. Монгол хүн азийн покерын томоохон тэмцээнд түрүүлсэн нь энэ бүхний хамгийн том “нотолгоо” болсон гэлтэй. Ямартай ч энэ удаагийн Засгийн газар Казиногийн хуулийг батлуулахаар зориглож байна. Хуулийн дагуу Монгол Улсын нутаг, дэвсгэрт байгуулагдах казино нь зөвхөн гадаадын иргэдэд үйлчилнэ. Хэрэв Монгол Улсын иргэн казиногоор үйлчлүүлье гэвэл жилд 20-оос дээш сая төгрөгийн татвар төлдөг байх ёстой. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд казинод зөвхөн гадаадын иргэдийг л тоглуулах боломжтой байхаар хуулийн төсөл батлагдах бололтой. Казиногоор дамжуулан аялал жуулчлалыг татах, улмаар гадаадын иргэдийн их мөнгийг Монголд үлдээх боломжтой гэж хуулийн төсөл санаачлагч Засгийн газар үзэж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр газарт Казино байгуулна гэдгээ Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль

 Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн олон жил мөрөөдсөн хууль. Банкнаас зээл авъя гэхээр өнөөгийн нөхцөлд бол зөвхөн үл хөдлөх хөрөнгө л барьцаалж байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгөгүй ч толгойдоо маш том патенттай, оюуны томоохон өмчтэй болчихсон залуус олон бий. Тэд өөрийн шинэ патентаа хэрэгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэхээр банкны зээл авах боломжгүй байдаг. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгөгүй ч хөдлөх эд хөрөнгөтэй бизнес эрхлэгчид олон бий. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд тариалангийн багахан газар, комбайн, трактороос өөр хөрөнгөгүй. Тэдний хувьд трактор, комбайнаа барьцаалж, банкнаас зээл авах боломжтой болно гэсэн үг. Эсвэл агуулахдаа байгаа будаа, тариаг барьцаалах боломж бүрдэх юм. Хуулийн төслөөр хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд хэрхэн, ямар журмаар үнэлэх, барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгийн бүртгэл гэх зэрэг олон асуудлыг зохицуулах аж.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд 

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудыг бүхэлд нь шинэчилж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болгоод байгаа. Энэхүү хоёр хуулийг баталснаар Монгол Улсын хэмжээнд эрүү болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх процесс, мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ шинэчлэгдэж, орчин цагийн хууль, шүүхийн байгууллагын стандартад нийцэх юм. Мэдээж энэхүү хоёр хууль нь маш том хууль, төрийн баримт бичиг болох учиртай. Тийм учраас хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлахдаа маш нарийн, нямбай хандах ёстой гэдгийг парламентчид хэлж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх, эсэх асуудлыг нь шийдвэрлэчихсэн. Одоо нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг, цаашлаад эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах асуудал хүлээгдэж байгаа юм. Гэхдээ УИХ-ын гишүүд дээрх хоёр хуулийг хэлэлцэж, батлахад яарах шаардлагагүй гэж үзэж байгаа. Магадгүй, дээрх хуулиуд хоёроос гурван чуулган дамжин хэлэлцэгдэхийг ч үгүйсгэхгүй юм.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай   

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиас гадна Худалдааны тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Дээрээс нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгажээ. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг баталснаар Монгол Улс дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих, аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэх нэгдсэн бодлого тодорхой болох юм. Жишээ нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар 8 нэр төрлийн 300 гаруй бүтээгдэхүүнд импортын татварыг өндөр тогтоож өгнө. Ингэснээр дээрх бүтээгдэхүүнүүдийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Худалдааны тухай хуулийн төслөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа эрхлэхэд шаардагдах зохицуулалтыг тодорхойлох юм. Харин Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталснаар Монгол Улс 2030 он хүртэл аж үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар хөгжүүлэх нэгдсэн бодлоготой болох учиртай. Эдийн засгийн хүндрэл, хямралын үед үйлдвэрлэлийг дэмжсэнээр л хямралаас гардаг. Цаашдаа Монгол Улс эдийн засгийн дархлаагаа сайжруулж, хүндрэл, хямралаас айхгүй болъё гэвэл үйлдвэрлэдэг болохоос өөр гарцгүй. Тийм учраас Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт болон Үйлдвэрлэлийг дэмжих тухай, Худалдааны тухай хуулиуд нь улсын эдийн засгийн хөгжилд цаашдаа чухал нөлөө үзүүлэх хуулиуд болох биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top