”Приус” маркийн машиныг тонодог этгээдүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Нийслэл хотын хэмжээнд Тоёота Приус маркийн авто машины эд анги, түүний сэлбэг хулгайд алдагдах хэрэг ихээр үйлдэгдэж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас хоёрдугаар 1-нээс гуравдугаар сарын 25-ний хооронд үйлдэгдэн бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 21, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 10, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 20, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 7, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2 нийт 66 Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэрэг гарсан байна.

Түүнчлэн орон сууц, байрны гадаа ил зогсоолд хараа хяналтгүй байгаа автомашинуудын эд ангийг гэмт этгээдүүд нь бүлэг зохион байгуулалттайгаар шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэж байгаа болох нь тогтоогдсон байна. Үүнийгээ тээврийн хэрэгслэлийн эд анги зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны төвүүд болон Да-Хүрээ зах, Авто плаза 1-2, Хурд төвүүдийн ченж нар Приус-20 маркийн автомашины оргиналь толь 350 мянган төгрөг, Хятадаас оруулж ирсэн толь дохиотой дохиогүйгээс хамаарч 250-300 мянган төгрөгөөр зарж борлуулдаг ба ченж нар ашиг хонжоо олох үүднээс хулгайн замаар орж ирсэн толийг 100 мянган төгрөгөөр худалдан авч сэлбэн зарж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар нийслэл хотын хэмжээнд Тоёота Приус авто машины толь эд анги хулгайлдаг сэжигтэй этгээдүүдэд чиглүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласаны үр дүнд хоёрдугаар сараас хойш БГД, СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 40 гаруй удаагийн үйлдлээр орон сууцны гадна зогсоолд байрлуулсан Приус 20 маркийн автомашины толь хулгайлах гэмт хэрэг үйлддэг Г, А нарыг баривчлан Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлжээ. 

Иймд 2015 оны 02-р сараас хойш БГД, СХД-ийн нутаг дэвсгэрээс Приус-20 маркийн автомашины толь алдсан иргэд МШАДҮМГ болон Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг буюу 70111522, 91992153, 98554805 дугаарын утсаар холбоо барина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top