Дэлхийн акулууд Coal Mongolia-д оролцох нь

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Бид нэг хүнд ноогдох нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг ч үйлдвэрлэл, борлуулалтаараа сүүл мушгидаг. Сүүлийн жилүүдэд нар салхи, ус, ургамалаас эрчим хүч гаргаж авах  технологиуд хурдацтай хөгжиж, нүүрсийг хэрэглээнээс шахах магадлалтай болж байгаа. Магадгүй гуч, дөчин жилийн дараа бидний мэдэх нүүрс гэдэг баялаг хэнд ч хэрэггүй үнс, шороо болохыг үгүйсгэхгүй.

Тиймээс нүүрсээ аль болох хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулж, кокс, эрчим хүч, бензин, дизель түлш үйлдвэрлэх замаар өөр бүтээгдэхүүн, баялагт хувирган ашиглах шаардлага тулгарч байна. Азийн нүүрсний зах зээлд Монголын байр суурийг батжуулах зорилго агуулсан “Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр жил бүр зохиогддог.

 Энэ жил 5 жилийн ой нь тохиож буй тус чуулган 4-р сарын 9-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох ба бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ. Чуулганы хуралд гадаад дотоодын 600 орчим шийдвэр гаргагчид оролцож, үзэсгэлэнг нь 2000 орчим хүн үзэж сонирхох бүртгэл гарсан аж.  Түүнчлэн чуулганд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол улсын сайд М.Энхсайхан нар оролцож, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, нүүрсний салбарыг хөгжүүлэх чиглэл, шийдлүүдээ ярилцахаар болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Мөн Таван толгойн ордод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Энержи ресурс, Сумитомо, Шинхуа Энержи компанийн ерөнхий захирлуудаас гадна уул уурхай, дэд бүтцийн мега төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжүүлт хийх сонирхол бүхий  ING, BNP Paribas, Anglo American, Peabody Energy, Sinopec, Posco зэрэг дэлхийн акулууд оролцох бүртгэл гарсан нь чуулган урд урдынхаас илүү үр дүнтэй болох хүлээлт үүсгэж байна. Нүүрсний салбарт үргэлжилж буй уналтыг Монгол улс хэрхэн даван туулахыг энэ чуулганы өнгө төрхөөс ажиглагдах болов уу. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn –ээс авч болох бөгөөд энэ удаагийн чуулганд ямар асуудлууд хөндөгдөхийг дараах богино хэмжээний киноноос үзээрэй. https://www.youtube.com/watch?v=BnzqIbeCIzM

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(202.72.246.106) 2015 оны 04 сарын 02

Peabody energy orokhgui baikhoo

0  |  0
Top