Ой тогтоолтын УАШТ-ий аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Монголын Оюун ухааны академиас 5 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тэмцээн 2 үе шаттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний эхний шалгаруулалт 3 сарын 20-ны өдөр явагдсан ба нийт 120 тамирчин 8 төрлөөр өрсөлдөж эцсийн шатанд оролцох 50 тамирчдын нэрс тодорсон билээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт өнгөрсөн амралтын өдөр буюу 4 сарын 4-нд Монгол-Япон төв дээр явагдсан ба бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 50 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар ажилласан ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдсэнээрээ онцлог байв. Тус тэмцээнд анх удаагаа орон нутгаас буюу Орхон аймгаас тамирчид оролцож медаль хүртэн амжилт гаргалаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдаас бага насны ангилалд улсын 2, дунд насны ангилалд улсын 4, насанд хүрэгчдийн ангилалд улсын 5 дээд амжилт мөн дунд насны ангилалд дэлхийн 3, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 1 дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоолоо.

Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор их мастер С.Цогбадрах (6538 оноо) нийт тамирчдаа манлайлж, ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан (6126 оноо), дунд насны ангилалд өрсөлдөж түрүүлсэн Э.Пүрэвжав (6051 оноо) нар удаах байруудыг эзэллээ. Ингээд дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд авсан 6598 оноогоор 6-р байрт хэвээрээ бичигдэж, их мастер С.Цогбадрах 18-р байраас 7-р байр руу, 16 настай их мастер Э.Пүрэвжав 29-р байраас 11-р байр руу тус тус урагшиллаа.

5 сард АНУ-ын Сан Диего, Лос Анжелес, Лас Вегас хотуудад болох ой тогтоолтын шилдэг 24 тамирчны дунд явагдах тэмцээнд манай 5 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцоно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top