Энэ хаврын улс төрийн драм ингэж л эхэлж байна даа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Сүүлийн хэдхэн хоногт Монголын улс төрийн тулгыг тойрсон халуухан, халгамаар үйл явдлууд өрнөж эхэллээ. Хаврын чуулганы нээлттэй хамт тодорхойгүй байдлууд ирэв. Монгол Улсын Ерөнхий сайдын ням гаригт хийсэн мэдээлэл олон хүний сэтгэлийг сэргээж итгэл төрүүлсэн.

Хоёр толгойн мега төслүүд амилж, хөрөнгө оруулалт наашилж, эх орны эдийн засаг сэргэж эхлэх од гүйж байгааг Ерөнхий сайдынхаа ярианаас сонссон. Ерөнхий сайдын хэлсэн үгийн буухиаг УИХ-ын хаврын чуулганы нээлт, хэлэлцэж батлах хуулиараа үргэлжлүүлнэ гэж байсан ч харин их санасан газар есөн шөнө гэгч болчихлоо. Юун нөгөө Тавантолгой.

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэх үг бий. Энэ ч утгаараа УИХ-ын хавар, намрын чуулган Төрийн дууллаа эгшиглүүлж эхлүүлдэг журамтай. УИХ-ын дарга З.Энхболд харин өчигдөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн өмнөх оройн Ерөнхий сайдын сайхан мэдээг тодорхойгүй байдалд оруулчихлаа. Нэг нь хийнэ гэдэг, нөгөөх нь саад тээг, шалгуур тавьдаг ийм л сценари эхэлж байна. 

Монголын төрийн нэгдмэл чанар гэдэг юм орхигдож гээгдсэн, дээрээ шуудайнд хийсэн эвэр шиг болсныг УИХ-ын даргын энэ үг илтгэн харууллаа.  Өөрсдийн байгуулсан Засгийн газраа З.Энхболд дахин огцруулахад бэлэн байгаагаа ийн удайн цайм илэрхийлэв. 

Тавантолгойн асуудал чухал. Нийт монголчуудын эрх ашиг энд бий. Энэ бол тодорхой асуудал. Гэхдээ ноён З.Энхболдын улс төрийн соёлгүй гэмээр энэ үйлдлийг эх орончийн илэрхийлэл хэмээн харах нь юу л бол.

Үүнээс улбаалан улс төрийн тулга тойрсон драм үргэлжлэх нь тодорхой болоод байна. Эмгэнэлтэй хийгээд инээдэмтэй хэлбэрээр үргэлжилж мэднэ. Энэ драмын эхний үзэгдэлүүд өчигдөр нийтэд үндсэндээ тодорхой болсон. Иргэний хөдөлгөөнүүд, баялаг бүтээгчид Ерөнхий сайдаа дэмжиж хэвлэлийн хурал хийснээр өрнөл үргэлжлэв.  Тавантолгойн хөрөнгө оруулагчдын гэрээний төслийг дэлгэн тавьж, Шадар сайд М.Энхсайхан АН бүлгийн хуралдаанд Тавантолгойн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл хийж, дараа нь хэвлэлийнхэнтэй уулзсан. АН-ын бүлэгт хийсэн мэдээллийнх нь талаар түүнээс тодруулах гэсэн боловч “Хүний гэрт болж байгаа зодооныг ярихгүй” гээд халгаасангүй. Ингэхээр АН-ын дотор гал ус харшилж байсан бололтой.

М.Энхсайхан “УИХ-ын дарга хариуцлагагүй мэдээлэл хийсэн” хэмээн тодотгож Тавантолгойн төслөө  бусад мега төслүүдэд “мөс зүсэгч нь” хэмээн тодотгосон нь хэлэлцээрийн  ач холбогдлын товч бөгөөд тодорхой илэрхийлэл байв. Үйл явдлын өрнөл дараалж М.Энхсайханы мэдээллийн дараахан Ерөнхий сайд, УИХ-ын  дарга хоёр зэрэгцэж суугаад Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсныг  дуулгав.  Юутай ч энэ бол Ч.Сайханбилэг, З.Энхболд нар хөшигний цаана учраа ололцсон гэх мессежийг нийгэмд өглөө. Энэ үеэр УИХ-ын дарга “М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй” хэмээн хэрүүлийн үг шидэлж, хэвлэлийнхэнд хандан “Миний үгэнд итгэх хэрэгтэй” гэсэн тулгалт хийв. Уг нь энэ нөхөр улс төрийн тогоонд  чанагдахаараа нэг болсон, эдүгээ төрийн гурван өндөрлөгийн нэг гэгдэж байгаа хүн. Энэ бүхнээ бодолцсон ч улс төрийн соёл, удирдагч хүний буурь суурь гэж баймаар санагдаад байна. Түүний өчигдрийн гаргасан ааш араншинд  иргэд сэтгэл дундуур үлдэж байгааг цахим ертөнцийн жиргээнээс анзаарч болмоор байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр иргэний хөдөлгөөнийхэн жагсч, Хадгаламж зээлийн хоршооныхон гэх хүмүүс  Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна хугацаагүй суулт зарлалаа. Ийнхүү хаврын улс төр эхэлж байгаа бололтой. Харж л байгаарай, хаврын синдром Тавантолгойг тойрон  хөврөх байх. Гишүүд нь хуралдаа суудаггүй энэ парламент Тавантолгойн хэлэлцээрийг 14 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдэг юу л бол.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатарт  ирээд байгаа  Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал  Ишихара  Сүсүмү гэрээ хойшилсонд  харамсч байгаагаа илэрхийллээ. Хөрөнгө оруулагчдын сэтгэл хөрч, итгэл алдарч эхэлж буйн илэрхийлэл байж ч магадгүй юм.

Улс төрийн эргэн тойрон дахь хэрүүл үл ойлголцолыг зөөллөж, АН-ын 25 жилийн ой тохиож байна. Харамсалтай нь ойн баярын хурлын үеэрээ шинэчлэлийг хүссэн залуучуудаа хөөж гаргасан гэх таагүй мэдээ хөвөрч байна. 

Энэ хаврын улс төр ч халуухан эхэлж байна даа...

П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 08

АН ын үнэн нүүр царай л энэ ш дээ, нэгдмэл бодлоготой, нэгдсэн зорилготой нам байсан бол улс орон ингэж өрөнд орж уруудахгүй байсан шүү дээ,

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top