Тойм: Донсолгоотой эхэлсэн долоо хоног

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 11

   Монголын улс төр жинхэнэ утгаараа амилсан долоо хоног болж байна. Долоо хоногийн эхээр буюу даваа гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийв. Харин хаврын чуулганы нээлт Тавантолгойн хэлэлцээрт оролцож буй сайд нарыг огцруулах, хариуцлага тооцох сүрдүүлгээр эхэлсэн нь  энэ хаврын улс төр уул уурхай, тэр дундаа Тавантолгойн хэлэлцээрийг тойрон эргэлдэх нь гэсэн сэдэл сэрлийг төрүүлээд байна. Нөгөөтэйгүүр энэ мэдэгдэл Монголын улс төрийн түвшинд үл ойлголцол, нэгдмэл чанар байхгүй байгаагийн илрэл болсон юм.   Засгийн газрын түвшинд эцэслэн шийдэгдэж гарын үсэг зурахад бэлэн болоод байсан Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг УИХ татан авч хэлэлцэхээр боллоо. Ингэснээр Монголын “мөс зүсэгч” мега төслийн хувь заяа тодорхойгүй хүлээлтийн горимд шилжчихлээ. УИХ-ын даргын мэдэгдэж буйгаар бол Тавантолгойн хэлэлцээрийг 14 хоногийн дотор эцэслэнэ гэж байгаа. Энэ төсөл өчигдөр УИХ-ын босгыг давсан, ирэх долоо хоногийн гол сэдэв  болно байх.

Мягмар гаригт АН 25 жилийн ойгоо тэмдэглэв. Энэ үеэр дуулдсан хамгийн содон мэдээ гэвэл тус нам фракцгүй болж байгаагаа илэрхийлсэн явдал.  Үүнийгээ намын манлайлал, улс төрийн намын төлөвшлийн нэг хэсэг гэж тодотгож байна. АН-ын дотор 5-6 фракци бий. Энэ фракциудын зөрчил өрсөлдөөн улс төрийн бодлого, нэгдмэл байдалд сөрөг нөлөөлж, бүр намынхаа дээр гарсан гэх шүүмжлэл байдаг.

Улсын төсөвт оруулах орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах нэг боломж нь Казиногийн хуулийг батлах явдал хэмээн Засгийн газрын зүгээс харж байна. 

УИХ энэ долоо хоногт хэд хэдэн хуулийг хэлэлцэж эхлэв. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Казиногийн тухай хууль. 16 жилийн дараа Монголд казиногийн сэдэв эргэн сэргэж байна.  Улсын төсөвт оруулах орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах нэг боломж нь Казиногийн хуулийг батлах явдал хэмээн Засгийн газрын зүгээс харж байна. Одоо яригдаж байгаа төслөөр бол хоёр нэгжид ийм зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, үүнийхээ хариуд 70 тэрбум төгрөгийг эхний ээлжинд улсын төсөвт оруулна гэж тооцож байна.

Хууль тогтоогчдын хэлэлцэж шийдвэрлэсэн нэг хууль гэвэл Г.Батхүү нарын найман гишүүний  санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль юм. Энэ хуулийн зохицуулалтаар замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг чангатгаж, тухайлбал анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол автомашин барих эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар хуульчилж байна. Хэрэв хоёр дахь удаагаа бол жолоо барих эрхийг дөрвөн жилээр хасч, дөрөв дахин нэмэгдүүлж торгох гэхчлэн шат дараалсан хариуцлага тооцох юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн  санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа. Энэ санал асуулгаар  Сонгуулийн хуулийг хэрхэн хуульчлах талаар иргэдийн санаа бодлыг сонсох зорилготой юм.  Энэ хуулийн төслийн талаар баримталж буй намуудын байр суурь өөр өөр байгаа. Тухайлбал, МАН-ын хувьд 100 хувь мажоритар системээр, ингэхдээ нэг тойрог нэг мандат гэсэн зарчмыг илүүд үзэж байгаа бол АН пропорционал буюу хосолсон  хувилбарыг илүүд үзэж байна. Засагт хамтарсан улс төрийн гурав дахь хүчний хувьд бүр өөрөөр 100 пропорционал гэсэн байр суурьтай  байгаа юм. Хэрэв дээрхи Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл дэмжигдвэл одоо  энэ маргааныг иргэд  шийдэх болж байна.

Өчигдөр УИХ-ын үдээс хойшхи хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч  өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавилаа. Ерөнхийлөгч ажлаа тайлагнаж байгаа нь  уос төрийн хувьд шинэ жишиг юм.

Энэ долоо хоногийн эдийн засгийн амьдралын чухал үйл явдлын нэг нь нүүрсний салбарын хамгийн том чуулга  уулзалт, үзэсгэлэн болох “Coal Mongolia 2015” чуулган байв. Зургаа дахь жилдээ болж байгаа энэ удаагийн  "Coal Mongolia 2015"-д  дотоод гадаадын  600 гаруй төлөөлөгч оролцож   салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганд  оролцогчдын 85 хувийг төр засгийн шийдвэр гаргах түвшнийхэн, аж ахуйн нэгжүүдийн удирдлага байв.

Өчигдөр Хөдөө аж ахуйн биржээр 500 тонн улаан буудайг  худалдах туршилтын арилжаа болов. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2014 оны намрын ургацын 30 гаруй мянган тонн хүнсний улаан буудай хадгалагдаж байгаагийн түрүүчийг ийн биржээр дамжуулан  арилжаалж байгаа нь энэ юм.

Түүнчлэн өчигдөр Монгол банкны  Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Эдийн засгийн нөхцөл хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд мөрдөж байгаа бодлогын хүүний 13 хувийг хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анти иргэн(122.201.31.202) 2015 оны 04 сарын 13

ард нийтийн санал асуулга гэдэг нохойд барьдаг мод биш, тэгээд ч олны санал асуулга гэдэг тэр дундаа мэдээлэл бүрэн өгөгдөөгүй нөхцөлд дандаа зөв байдаг ч юм биш харин хэн нэгний, аль нэг бүлгийн ”нохойд барьдаг мод” болж таарна. хэдий болтол ард түмэн, олон нийт гэж гул барин улс орноо уруу нь татах юм бол...уул нь улс орноо бодвол пропорционал тогтолцоо хэрэгтэй үгүйдээ л холимог явах нь ирээдүйд нийгэм төлөвшихөд хэрэгтэй санагдах юм

0  |  0
иргэн(122.201.22.132) 2015 оны 04 сарын 11

Бид дахиад пропорционал болон холимог гэх бантангаар сонгуульд орохгүй шүү. Үндсэн хуулиар олгосон иргэн төрийн төлөөллөө шууд сонгох эрхээ намуудаас эргүүлж авах болно. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв. Эл тогтолцоог намууд, улс төрчид шийдэх нь бүдүүхнээр хэлэхэд ”сонирхлын зөрчилтэй”.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.165) 2015 оны 04 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТӨНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top