Согтуурдаг жолооч нарыг бэлтгэдэг жолооны курсуудыг чангалъя

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

  Согтуугаар машин барьсан хүнийг 384 мянган төгрөгөөр торгох хуулийн заалтыг иргэд дэмжиж байна. Бүр нэг сая төгрөгөөр торгодог болсон ч дуу нэгтэй гар өргөн дэмжихэд бэлэн байгаа нь сүүлийн хэдэн өдөр харагдлаа. Монгол Улс цөөн хүн амтай хэрнээ жил бүр авто ослоос болж 500 гаруй хүн амь насаа алдаж байна. Өнгөрсөн онд 1195 хүн зам тээврийн осолд өртөж, 503 нь нас барснаас 41 нь хүүхэд байжээ. Тиймээс хэн нэгний амь насыг хамгаалах, өөрөө хэрэгтэн болохоос сэргийлж байгаа тул энэ саналыг дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ эвгүйтвэл “тамын элч” болчихдог замын хөдөлгөөнд согтуу, хайнга оролцдог жолооч нарын асуудлын цаана тэднийг бэлтгэн гаргадаг жолооны курсуудын асуудал яригдах нь гарцаагүй. Монголд  2014 оны байдлаар нийт 674,869 автомашин байна. Энэ нь дөрвөн  хүний нэг нь автомашинтай гэсэн үг. Мөн 976,366 жолоо барих эрхтэй иргэн байгаа нь Монголын гурван хүн тутмын нэг нь жолооч юм. Гэтэл энэхүү өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа жолооч нарыг бэлтгэх жолооны курсууд өнөөдөр уналтанд өрсөн гэхэд хилсдэхгүй болжээ.

Жолооны курсын багш нь өөрөө шалгалтандаа унасан ичгэвтэр явдал гарсан. Мөн курсад суралцаж буй хүмүүсээс авдаг 20 тестэд багш нь тал хувьд нь хариулж чадаагүй тохиолдол ч гарчээ.

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд шалгалт явуулахад жолооны курсын багш нь өөрөө шалгалтандаа унасан ичгэвтэр явдал гарсан. Мөн курсад суралцаж буй хүмүүсээс авдаг 20 тестэд багш нь тал хувьд нь хариулж чадаагүй тохиолдол ч гарчээ. “Зул цэцэглэн” жолооны курсын багш таван хүн дайрсан хэрэг ч мартагдаагүй байна. Багш нар нь ийм байхад тэднээр заалгасан жолооч нар ямар байх нь тодорхой. Ямар сайндаа жолооны курсууд “алуурчин бэлтгэх дамжаа” гэсэн нэр зүүхэв дээ.

Хүн мөнгөө өгч л байвал яасан ч яахав гэдэг болсон жолооны курсуудын зарлал хаа саагүй хөглөрч байна. Мөнгөө төлчихвөл суухгүй байсан ч жолооны шалгалтаа өгч болдог гэдгийг хүн болгон мэддэг болсон. Тиймээс жолооны курс төгсөх эцсийн шалгалт дээр огт харагдаж байгаагүй хүн ирэхэд гайхах ч хэрэггүй. Хамгийн аюултай нь “мөнгөө төлсөн бол хөгжмөө захиална” гэдэг шиг төлбөрөө өгсөн хүмүүсийг заавал жолооч болгох, жолооны шалгалтын босгыг давуулах үүргийг багш нар хүлээдэг болчихож.

Хамгийн аюултай нь “мөнгөө төлсөн бол хөгжмөө захиална” гэдэг шиг төлбөрөө өгсөн хүмүүсийг заавал жолооч болгох, жолооны шалгалтын босгыг давуулах үүргийг багш нар хүлээдэг болчихож.

 

Хоёр удаа шалгалтандаа тэнцээгүй бол багш нь наагуур, цаагуур ярьж байгаад яаж ийгээд төгсгөдөг нь хэвийн үзэгдэл болжээ. Суралцагчид нь ч багш нь заавал тэнцүүлэх ёстой, багшийн хийх ёстой ажил мэтээр боддог болсон байна. Дүрмээ цээжлээгүй, жолоо барьж сураагүй шавиа шалгалтад тэнцүүлэхийн тулд “ингэ, тэг” гэж дохио өгөх, утсаар ярих тохиолдол бишгүй байдаг аж. Ингэж “түүхий” жолооч бэлтгэж, хэлний дамжаанд сурч буй мэт хайнга хандах байдал эцэстээ хэн нэгний аминд хүрч байгааг хэр олон хүн ухамсарлаж байгаа бол доо.

Жолооны курсууд өнөөдөр “толгойгүй” мэт болжээ. Замын цагдаагийн газар хариуцдаг ч хяналт, шалгалт сул байгаа нь ийнхүү эмх замбараагаа алдахад хүргэсэн биз. Тиймээс удахгүй замын хөдөлгөөний тухай хуульд орох гэж байгаа өөрчлөлттэй хамт жолооны курсуудын асуудлыг нэг мөр цэгцэлье. Согтуурдаг жолооч бэлтгэдэггүй, мэргэжлийн курстэй болох саналаа хэлцгээе. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.35.110) 2015 оны 04 сарын 16

Ер нь яаж ч бодсон цагдаагийн байгууллага сургалтын бизнес хариуцна гэдэг утгагүй шүү дээ. Бүх юмыг дампууруулж, авилгыг цэцэглүүлж байгаа нь үнэн шд. Жолооны сургалтыг цагдаагаас гаргах нь зүйтэй.

0  |  0
Монгол хүн(203.194.114.136) 2015 оны 04 сарын 15

Сэтгүүлч гэсэн нийгмийн ялзруулсан, хэнд ч тус болохгүй хов базагсадын бүхэл бүтэн армийг монголчууд хэдэн бор төгрөгөөрөө тэжээх юм. Үүнд сэтгүүлч нэртүүд буруутай юу, тэднийг орлогожуулж байгаа бид буруутай юу гэдгийг бодох л ёстой.

0  |  0
benz(202.70.46.205) 2015 оны 04 сарын 14

Ene yostoi chuhal mongol hun burt hamaatai asuudal hundsun bn.odoo angilal jolooni shalgalt zugeer hanshtai bolchihson kurs gej unen hugiin yumnuud bga ni margashgui unen.ene baidald oruulsan ni zamiin tsagdaagiin gazriin heden komissiin hiij bga lai yumda ur dund ni duremgui jolooch aimshigt osol avaar.odo oligtoihon buuh ezen butsah hayagtai bolgoh tsag ni bolsoon er ni yaj ch bodson 100 myangaar jolooch boldog gej yu baisiin be nuhuduu.

0  |  0
Top