Б.Мягмаржав:Өөрийгөө олно гэдэг хамгийн том юм

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Хүмүүний амьдрал өөр өөрийн өнгө төрхтэй. Нил ягаан, цэв цэнхэр, гүн хар, нэг тийм бүүдгэр саарал, гэгээ цацруулсан тийм гэхийн аргагүй сүлэлдсэн туяат гээд өөр өөрийн өнгөт жимийг хүмүүн өөрөө бүтээж, өөрийн хорвоог бий болгодог. Тэр хорвоо болгон өөрийн гэсэн түүхтэй. Энэ л түүхийг бүтээгч Монгол Улсын гурван сая иргэний нэг хэн бүхний амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг бид “Гурван саяын нэг” булангаараа уншигч танаа хүргэж байгаа билээ. Бидний энэ удаагийн зочин “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав юм.


 НАЙРАГЧДЫН ХАЙРТАЙ НАЙРАГЧ

Утга зохиолын хүрээнийхэн дундаа “Дархад Мийгаа” хэмээн нэрлэгдсэн түүний шүлгүүдээс Хөвсгөлийн зэрлэг жимс, уулсын хөг аялгуу үнэртэнэ. Тиймдээ ч утга зохиолын ерээд оныхон гэгддэг нэгэн үеийн нөхдийнх нь нэг “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Манай хүний яруу найраг уулсын эрмэг салхины эрч гогцоотой, цэнхэр хотгорынхоо намуун сэвшээ шиг хөг аялгуутай, заримдаа хачин энгийн тод борог зурагтай, эмзэг болоод цөлх ухаантай байдаг юм. Найрагчдын хайртай найрагч тийм ч олон байдаггүй юм. Тэдний нэг нь манай хүн дээ” хэмээн түүнийг тодорхойлсон биз. Харин тэрээр энгийн цагт уулзаад ярилцахад илэн далангүй, нээлттэй юм шиг хэрнээ ярилцлага хийе гээд асуулт тавиад суухаар үгэндээ их харам юм. Магадгүй дотоод сэтгэлийн мөн чанар, долгиолог, эрчимлэг бүхнээ шүлэг найрагтаа л шингээдэг болохоор тийм байдаг биз. Ер нь түүнийг шүлэг шигээ дэвэрч асгараад, дэвж шаваад явж байсныг нь мэдэхгүй юм. Нэг тийм намуухан л байх. Тэгсэн хэрнээ шүлэг найраг нь Арсайн гол шигээ асгарч ундарч байх. Тийм болохоор нь л Хөвсгөлийн яруу найргийг Дархад Мийгаагаар төсөөлж болно гэж хүлээн зөвшөөрдөг биз. Ямар ч байсан 90-ээд оны дундуур шүлэг бүтээлд дурлагч залуусын амандаа хүлхэх дуртай шүлгүүдийн нэг нь  түүний

...Уул усыг нүүлгэхээс наагуур

Улс амьтныг урсгахаас цаагуур

Арсайн гол үерлэж байна

Ай саваа нэг цэвэрлэж байна... гэж эхлэх “Арсайн гол” шүлэг, мөн түүнчлэн

...Модод нь зузаалж, охид нь нимгэрээд

Монголын сууринд хавар ирнэ... гэх шүлгүүд байсныг мэдэх юм. Нэгэн цагт энэ шүлгүүд чинь жинхэнэ хит болж байлаа даа гэхэд тэрээр “Нэгэн цагт ч гэлтгүй ер нь сайн шүлэг ш дээ” хэмээн Арсайн гол шүлгээрээ бардамнаад авна лээ. Гэхдээ их намуухан өгүүлнэ лээ.

Сурагч Мийгаа. Сургуулийн дотуур байрны тунчиг болдоггүй оргодлуудын нэг

 ДАРХАДЫН ХОТГОРЫН ДАЖГҮЙ САЙН ОРГОДОЛ

 -Хүүхэд бага насны чинь гэгээн дурсамжийг эргэж сөхвөл элдэвтэй зүйл хэр олон бол?

-Өө байлгүй л яахав. Хүүхэд насаа хөдөөгийн л хүүхдүүдийн адилаар Дархадынхаа цэнхэр хотгорт, хонь хурга хариулж өнгөрөөсөн. Тэгээд найман нас хүрээд Ренчинлхүмбэ сумынхаа сургуульд орсондоо. Гэрээсээ анх удаа хол явж байгаа нь тэр. Сумандаа сургуулийнхаа дотуур байранд суудаг, сурлага сайтай л хүүхэд байлаа.

-Дотуур байрны хүүхдүүд оргож босох нь бий. Таны хувьд хэр оргож байв?

-Сайн оргодол байсан шүү. Тав, зургадугаар ангидаа бол нэлээд оргосон. Байрны багш араас хөөж ирнэ. Заримдаа замдаа баригдана, заримдаа гэрээсээ баригдана. Тэгээд л буцаад явна даа. Шилийн сайн эр гэдэг шиг оргож босч явахад нууж хааж туслах нутгийнхан ч байна. Зарим нь замаас буцаагаад хүргээд өгчихнө. Зарим нь өрөвдөнө шүү дээ. Гэрээ санаад, гэдэс нь өлсөө биз хөөрхий гээд л.

-Зохиолч, яруу найрагчид хүүхэд байхаасаа л шүлэг бичиж эхэлсэн байдаг. Та бас адил уу?

-Хүүхэд байхдаа янз бүрийн л юм цоохорлож явлаа. Гоё бичигтэй учраас хүүхдүүдийн захиаг хуулж бичдэг ажилтай байлаа. Тэдгээр захианаас санаа авч элдэв юм бичнэ. Зөвхөн яруу найрагчид ч гэлтгүй хүн бүр л хүүхэд байхдаа хайрын шүлэг бичдэг шүү дээ. Тэгээд цаашлаад яруу найргаар явах нь яваад, өөр замаар явах нь явдаг байх.

-Хүүхэд байхаасаа л шүлэг найргийг сонирхож, одоо сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байгаа хүн энэ чиглэлээсээ тэс өөр мэргэжил эзэмшсэн гэх. Яаж яваад уул уурхайн цахилгааны ангид орчихдог байна аа?

-Наймдугаар ангиа төгсөөд Дарханы политехникумд өөрөө зүтгэсээр байгаад орж байлаа. Сурлага сайтай байсан болохоор багш нар маань аравдугаар ангиа төгсөөд их сургуульд яв гэж байсан юм. Гэтэл сумаасаа гарч үзээгүй би гоё хот орж үзмээр санагдаад болдоггүй. Сумаас их, дээд сургуульд явсан оюутнууд амралтаараа ирэхээр нэг их гоё болчихсон ирдэг. Тэднийг хараад ийм болох юмсан гэж бодно. Тэгээд л хурдхан шиг тэр хот гэдгийг үзэж, нүд тайлахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд хориглосоор байтал нь политехникум гэдгийг юу байдгийг ч мэдэхгүй нэг тийм орос нэртэй сургуулийн хуваарийг аваад л явчихсан. Очоод уул уурхайн цахилгааны ангид орсон юм.

-Хүсч зүтгэсээр яваад очиход хот ямар санагдав. Тэр дундаа Дархан сайхан охидтой гэгддэг газар шүү дээ?

-Эхний удаад юун охид харах. Яаж дээрэмдүүлчихгүй явах вэ л гэж хичээж байгаа юм чинь. Хулигаанууд ихтэй байлаа. Манай нутгийн насаараа нягтлан хийсэн Төмөрбаатар гэж хүн байсан юм. Тэр хүнээр газарчлуулж, замчлуулж явж Улаанбаатараас Дархан орж байлаа. Тэр үед сумаасаа аймаг хүртэл 50 төгрөг төлөөд онгоцоор нисдэг, аймгаасаа Улаанбаатар уруу 130 төгрөгөөр нисдэг, Улаанбаатараас Дархан руу 33 төгрөгөөр вагонд сууж очдог байсан юм.

-Тэгээд  техникумаа төгсөөд цэрэгт явчихсан бил үү?

-Тэгсэн. Бүх нийтээр цэргийн алба хаах үүрэгтэй юм чинь. Зарим сурлага муутай хүүхдүүдийг бол сургуулийн дундуур нь цэрэгт явуулчихаад, цэргээс ирэхээр нь төгсгөдөг байлаа шүү дээ. Харин би төгсчихөөд явсан юм. Зүүнбаянд цэргийн алба хаасан даа.

-Багын дадлаараа эгээ цэргээс оргоогүй биз дээ?

-Оргоогүй ээ. Гэхдээ чөлөө бол хэтрүүлж байсан. Тэр үед хотод Ардчилсан холбоо гарч ирээд, тэднийг зэвсэг хулгайлж байна гэсэн цуу тарчихсан. Бүх цэргийн анги өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан, цэргүүдэд чөлөө олгохыг хаачихсан байсан юм. Гэтэл цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн наадам болох сураг гараад би нэг сайн офицероо аргалаад, шинелиэ байдгаараа гангалаад хот руу явж байгаад вагоноос каминдатад баригдаад, сахилгад орчихсон. Тэгэхээр нь тэр үед “Улаан Од” сонинд ажиллаж байсан Ганди сэтгүүлчид захиа бичлээ дээ, ингэж наадамд оролцох гэж яваад баригдаад сахилгад орчихлоо гээд. Тухайн үед миний шүлгүүд Утга зохиол, урлаг сонинд хэвлэгдчихсэн байсан учраас бас олонд хөөрхөн танил болчихсон байсан юм.

Тэр үед залуу хүн шүлэг бичиж гарна гэдэг өдрийн од шиг. Тэгээд тэр сонин дээр тавигдана гэдэг маш цөөхөн байсан байхгүй юу. Тиймээс л хүмүүс таньдаг, тоодог байсан юм. Тийм болохоор л тэр хүн рүү тэгж захиа бичсэн хэрэг. Тэр үед шуудан ч хүрдэг байж. Гурав хоногийн дараа анги нэгдэхэд намайг сахилгаас гаргаж ирээд,  дивизийн захирагч Дамдинсүрэн хурандаа дуудаж байна гэлээ. Ганди эгч л ярьж л дээ. Тэгээд ширээн дээрх тэмдэглэлийн дэвтэр дээрээ 131-р ангийн түрүүч Мягмаржавт долоо хоногийн чөлөө өгсөн. Долоо хоногийн дараа ирнэ гээд тэмдэглээд чөлөө олгосон. Тэгж тэр хүнд хэцүү цагт долоо хоногийн чөлөөгөө авч явчихаад нөгөөхөө хэтрүүлсээн хэтрүүлсэн.

-Тэр үед цэргийн хүн чөлөө хэтрүүлнэ гэдэг хүнд шийтгэлтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав.  Гэтэл намайг чөлөөгөө хэтрүүлж яваад очиход дивизийн захирагч, ангийн захирагч хоёулаа амарчихсан хий таарсан юм. Тэгээгүй бол шууд ял авдаг байлаа шүү дээ. Хүний хувь заяа юм даа, дундуур нь яваад л гараад ирсэн.

Найрагч найзууд бурхан дүртэй л гэнэ шүү

 “Б.МЯГМАРЖАВ НАРЫН ЗАЛУУСЫГ БИДНИЙ ДАРААГИЙН ҮЕ  ГЭЖ ХЭЛЭХЭД ТААТАЙ БАЙНА”

 Энэ үгийг тэртээ 1989 онд Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар хэлж байжээ. Түүнд өгсөн утга зохиолын томчуудын анхны үнэлгээ нь магадгүй энэ байх. Горький төгсч ирсэн О.Дашбалбар тухайн үед Монголын зохиолчдын хороонд Залуу зохиолчдын зөвлөлийн дарга хийж байхдаа Ж.Болд-Эрдэнэ, Уянга, Бүрэнтогтох нарын хэсэг залуусыг зоригтойгоор гаргаж ирж, өөрөө өмнөх үгийг нь бичээд хэрийн хүний бүтээл санасан зоргоор хэвлэгддэггүй Утга зохиол, урлаг сонинд бүтээлүүдийг гаргаж өгч байж. Тэдгээр залуусын нэг нь Баттөрийн Мягмаржав хэмээх бидний өнөөдрийн зочин энэ эрхэм найрагч юм. Тухайн үед МЗЭ-ээс зохион байгуулдаг нэг сайхан ажил байсан нь Нээлттэй хаалганы өдөр нэртэй залуу зохиолчдын чуулган. Энэ чуулган жил бүрийн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр болдог байсан гэнэ. Газар газраас залуу зохиолчид ирж гурав хоног чуулдаг, шүлэг бүтээлээ уншдаг сайхан арга хэмжээ болдог байжээ. Энэ арга хэмжээнд ирж шүлэг уншиж яваад Б.Мягмаржав найрагч маань О.Дашбалбар найрагчид тоогдсон байж. Тиймээс 1989 оны нээлттэй хаалганы өдөрлөгийн өдрийн Утга зохиол, урлаг сонинд түүний шүлгүүд хэвлэгдэж тэр үедээ л од болж байсан гэж байгаа. Мөн тэр л үеэс утга зохиолын их ертөнцөд дөрөө харшуулах сайхан нөхдөө олж захидлаар харилцаж, хол байвч ойр байгаа мэтээр нөхөрлөж, өнөө уул уурхайн цахилгаанчны ажлаа ч бүрмөсөн орхиж, Хөвсгөлийнхөө “Эрх чөлөө” сонины газар ажиллах болсноор бичиг цаастай бүрмөсөн нөхөрлөжээ.

Хөвсгөлийн "Эрх чөлөө" сонины сэтгүүлч Ренчинлхүмбийн Б.Мягмаржав гэдэг энэ дээ. 

ЗАХИАЛГААР БИЧИЖ ЧАДДАГГҮЙ ЗАЯАНЫ НАЙРАГЧ

 -Та чинь тэгээд 97, 98 оны үед хотод орж ирсэн билүү?

-Тэгсэн. Чойжилсүрэнгийн Ууганбаяр гэж бидний их сайхан найз байсан юм. Тэр биднийг хотод цуглуулж байлаа. Дорнодоос Бат-Орших, Завханаас Бавуудорж, Хөвсгөлөөс намайг гэхчилэн бүгдийг нь хотод дуудаж авчираад “Бэрс” гэж сургуульд оруулж байлаа, бүр 93, 94 оны үед шүү дээ. Тэр үед би ирчихээд орон байргүй орон хотод амьдрах хэцүү юм гээд би нутаг буцаж байсан юм. Тухайн үед бүх юм хэцүү байлаа. Бидний нэг нь оюутны байранд байдаг бол бөөнөөрөө тэнд нь очиж хоноод, маргааш нь хөөгдөнө. Тийм хэцүү байсан болохоор би буцаж яваад нутагтаа ажиллаж байгаад 1998 онд хотод орж ирсэн дээ. Одоо дөрвөн уулынхаа дунд сайхан л амьдарч байна.

-Ирээд л Монголын радиод ажилласан. Эндээсээ холдсонгүй дээ?

-Тийм шүү. Жигжидийн Навчаа гэж манай нутгийн эгч “Хурд” агентлагийн дарга байсан юм. Би тэр эгч дээр гэр оронтойгоо хотод орж ирмээр байна, ажил төрөл байна уу гэж очсон юм. Тэгсэн нь намайг 10 хоног ажиллаад үз гэсэн. Тэр 10 хоногт нь би гялалзтал ажилладаг юм байгаа биз дээ. Угийн сонинд ажиллаж байсан хүн чинь. Тэгээд л боломжийн хүүхэд байна, чи хотод хүрээд ир гээд л ирсэн дээ.

-Хөдөө байхдаа үеийнхээ найрагчидтай захиагаар нөхөрлөдөг байв уу. 90-ээд оныхон нэг нэгэндээ их захиа бичдэг байсан гэсэн сайхан дурсамжуудтай байдаг?

-Тийм байлаа. Надад нэг их зузаан захиа очно. Бөөн мөнгө ирэв үү гэж андуурхаар. Бавуудорж, Ууганбаяр, Эрдэнэцогт, Ховдын Баасанжав нар маань бүгд захиа бичээд нэг дугтуйд хийгээд явуулна. Юм хумнаас сонин дээр гарсан бол хайлчилбарыг нь хийгээд явуулдаг байлаа.

-Хотод орж ирснээсээ хойш анхны номоо хэвлүүлсэн билүү. Үеийнхнээсээ арай хожуу гаргасан байхаа?

-Хожим ш дээ. 2000 онд анхны номоо гаргаж байлаа. Ерэн хэдэнд онд гарах байсан номоо өөрөө устгачихсан юм. Тэр нь бараг зөв болсон байх шүү. Үлдэх шүлгүүд нь үлдээд, үлдэхгүйн жамаараа хальсан юм биш үү.

-Таны шүлгүүдийг хаанаас ч уншсан энэ Мягмаржавынх л байна даа гэсэн өнгө төрх нь танигддаг. Харин та өөрийгөө монголын уран зохиолд ямар өнгө төрхөөр ялгардаг гэж боддог вэ?

-Хаана ч уншсан танигдана гэдэг хамгийн чухал. Ер нь өөрийгөө олно гэдэг хамгийн том юм. Миний шүлгүүд жаахан дүрслэлтэй байж магадгүй. Гэхдээ тэр нь зүгээр л хавтгай зураг биш хөдөлгөөнтэй байх.

-Ер нь хүнийг дууриаж бичиж байв уу?

-Байлгүй яах юм бэ. Хүн хүнийг дууриагаад л. Тэгж байж л өөрийгөө олно. Өөрийгөө олж чадахгүй хэн нэгнийг дууриасаар өнгөрвөл тэр хүн нь л үлдэнэ үү гэхээс чи үлдэхгүй шүү дээ.

-Мэлмэрээ нуурын дэргэд нь ээ

Миний л ээжий суугаа даа

Ээжий нутгаа санаад байна аа

Эр хүн байж би чинь уйлах нь уу даа... гэсэн таны нэг сайхан дуу байдаг. Үүнээс өөр таны бичсэн гэх дууг мэдэхгүй юм. Дууны шүлэг бичих дургүй юү. Зарим хүн дууны шүлэг бичиж яах юм бэ гэдэг?

-Үүнээс өөр дуу байхгүй. Харин сая гаргасан шинэ номоо Чулуунхүү ахад өгсөн чинь “Хоёр шүлгэнд ая бэлэн болчихлоо, алаад хаянаа хүрээд ир” гээд байгаа. Өөрөө харсан юм байлгүй. Дууны шүлэг нэг бодоход их хөгийн ч юм шиг, нэг бодоход айхтар ч юм шиг. Зарим дууны үгийг харахаар бичиж ядах юмгүй юм шиг, зарим нь ч бүр үзэн ядмаар ч юм шиг. Тэгсэн хэрнээ өөрөө бичиж чаддаггүй юм.

-Чаддаггүй дээ биш, хүсдэггүй юм биш үү, бичихийг?

-Д.Цоодол ах нэгэнтээ “Энэ дуу болно доо гэсэн юм ерөөсөө дуу болдоггүй. Гэтэл нэг мэдэхэд нэг юм дуу болчихсон байдаг юм” гэж байсан юм. Тэр үнэн шүү. Цоодол ах ч их цөөн дуутай хүн шүү дээ.  Мань хүн нэг хэсэг дууны шүлэг бичих гэж их үзсэн юм шиг байгаа юм.

-Сүүлийн үед захиалгын уран бүтээл их хийгддэг болж. Танд захиалга ирнэ биз?

-Би захиалгаар ер юм бичиж чаддаггүй юм. Тэрийг нь мэддэг ч юм уу надад тэгж захиалга ч ирдэггүй. Гэхдээ захиалгаас болоод сайхан уран бүтээл төрсөн түүх зөндөө байдаг шүү дээ.

Гэр бүл минь миний хамгийн нандин юм.

 ҮГ НЬ ДУТААД БАЙДАГ УЧИР ҮНЭНЧ ГЭРГИЙДЭЭ ЗОРИУЛЖ ШҮЛЭГ БИЧЭЭГҮЙ НАЙРАГЧ

Сайхан найрагчдын ард дандаа сайн гэргий нар байдаг. Б.Мягмаржав найрагчийн гэргий Сүрэнхорлоо ч тэдний нэг. Энэ хоёр нэг нутгийнх. Сумын даргын охиныг найрагч маань аймгийн төвөөс ирж эргүүлдсээр байгаад аваад суучихсан гэдэг. Б.Лхагвасүрэн гуайн “Найрагчдын гэргий болж нажидаа эдлээгүйд баяр хүргэе” гэсэн шүлгийн мөр байдаг, хэр нажидаа эдэлж байна даа хэмээн асуухад Сүрэнхорлоо эгч нажидаа эдэлж л байна хэмээн хэлээд даруухан инээмсэглэх. Тэгж хэлэхдээ нөхрөө өмөөрч байгаа нь илт мэдрэгдэх. Тэгээд ч найрагчийг манай хүн чинь их их амар амгалан, тайван, атаа жөтөө байхгүй, илүү дутуу зан байхгүй, хүн муулна гэж байхгүй, хүнийг хатуу ширүүн үгээр загнана гэж байдаггүй зөөлөн сайхан хүн шүү дээ гэж тодорхойлно лээ. Харин найрагчаас гэргийтэйгээ танилцсан дурсамжаа хуваалцаач гэхэд “хүний ёсоор л танилцахгүй юү. Нэлээд эргүүлсээн. Сумын даргын нэг хөөрхөн охин байх. Намайг яаж тоов гэж дээ л гэж боддог байлаа” гэж их товчхон хариулсан. Хүмүүсийн найрагчийн гэргий нар азтай хүмүүс юм, олон сайхан шүлгийнх нь эзэд байдаг байхдаа гэж ярьж байхыг бишгүйдээ л сонсч байлаа. Гэтэл Мягмаржав найрагчийг гэргийдээ зориулж ганц ч шүлэг бичээгүй гэвэл та итгэх үү. Магадгүй итгэхээс өөр арга алга. Гэргий нь ч, өөрөө ч зориулж бичсэн шүлэг байхгүй дээ гэж батална лээ. Үүнийгээ нэг нэвтрүүлэгт орохдоо “Хамгийн хайртай хүндээ зориулж юм бичих гэхээр үг дутаад болдоггүй юм” гэж зөвтгөсөн гэнэ. Энэ үгийг нь Сүрэнхорлоо эгч хүлээн зөвшөөрчээ.

"Болор цом"-д түрүүлснийх нь дараа уугуул нутгийн түмэн олон, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас илгээсэн нандин бэлэг

 ШҮЛЭГ БИЧИХ НЬ ТҮҮНИЙ АЗ ЖАРГАЛ

 -Хайрын шүлэг нэг их олныг бичээгүй дээ гэж ярьж байхыг чинь сонссон юм. Яагаад вэ. Хүмүүс хайрын тухай л хамгийн их бичдэг юм биш үү?

-Хайрын шүлэг надад их цөөхөн ш дээ. Хайрын шүлэг цөөхөн байна гэдэг юм хайрладаггүй, хүүхэн хайрладаггүй, хайр сэтгэлгүй хүн гэсэн үг биш шүү дээ. Би 12 мөнгөний дэвтэр дүүрэн хүүхэнд хаягдсан тухай шүлэг бичиж л байлаа. Тэгээд нэг өдөр юм бодоод суу байсан чинь

Уруулын будагтай самрын ясыг

Удаан ажвал

Би өөрөө байлаа гээд ороод ирсэн. Ингээд гуравхан мөрөнд багтаагаад хэлчихээр өнөө 12 мөнгөний дэвтэр дүүрэн юм чинь хэрэггүй болно биз дээ. Ингээд хэлчихсэн байхад өнөө олон бла бла гэсэн юмаар би яах юм бэ. Шал дэмий, хүн ч уншихгүй. Тийм учраас л цөөхөн харагддаг байх.

-Тэгэхээр та шүлгээ их эргэж бодож, тунгааж, шүүдэг юм байна, тийм үү?

-Эргэж бодолгүй яахав. Эргэж тэднийгээ бодохоос илүү тэд чинь явж явж нэг тов хийсэн мөр болоод гараад ирнэ шүү дээ. Тэрнээс бичсэн болгоноо хэвлээд байвал хэчнээн ч боть хийж болно шүү дээ. Тэгж хайран цаас үрж яах юм бэ.

-Ингэхэд эхнэртээ зориулж ганц ч шүлэг бичээгүй гэхээр нэг л итгэл төрөхгүй юм?

-Ганц мөр л байдаг юм. Арсайн гол дотор.

Амраг Сүрэнхорлоотойгоо уулзахыг

Арав хоног хясаж

Арсайн гол үерлэж байна гээд. Энэ мөрийг нэг номон дээр хэвлэлийн алдаанаас болоод хаячихсан байсан. Сая гаргасан номондоо зориуд харж байж оруулсан. Тэр мөрнөөс өөр юм байхгүй. Үгүй ер нь тэгээд заавал тэрэнд энэнд зориулав гэж бичих шаардлагагүй биз дээ. Хэнтэй уулзана тэрэнд зориулсан байж болохгүй юү /инээв/.

-Өө за за тэгээд нэг хүүхэнтэй уулзахаараа чамд зориулсан юм гээд л унших юм байна л даа?

-Тийм алиа юм гэж юу байхав дээ.

-Тэгвэл яруу найрагч байхын сайхан нь гэвэл?

-Гоё шүү дээ, жаргал шүү дээ. Өөр тэгээд хийх ажил юу байгаа юм бэ.

-Өчнөөн нь хийх ажил байна шүү дээ?

-Тэгээд тэрний эцэст утга учир нь юу байна

-Тэгвэл яруу найраг бичихийн утга учир нь юу юм бэ?

-Өөрийгөө хөглөж, тамлаж, шаналуулж, тайтгарч, гуниж гутарч, баярлаж, хөөрч чадаж байна шүү дээ. Хамгийн дуртай ажил минь учраас энэ миний жаргал. Аль нь ч байсан үйлийн үр, хийх ёстой юм.

-Хүнд бас хүнд тоогдохоос илүү өөрийгөө тоох үе гэж бий. Таны хувьд өөрийгөө хэр тоодог вэ?

-Байлгүй яахав дээ. Гэхдээ тоолоо гээд гадагшаа хашгираад, цээжээ дэлдээд байх нь ч хаашаа юм бэ. Заримдаа чамлах үе ч байна шүү дээ.

-Магадгүй өөртөө сэтгэл ханачихвал сайн шүлэг бичихээ больчих байх?

-Урдахаа л давтахгүй байх хэрэгтэй. Өмнө бичсэнээсээ давж гардаггүй юмаа гэхэд өөр байх хэрэгтэй. Цэндийн Чимэддорж ах бол тэрний үлгэр жишээ гоё яруу найрагч. Хэзээ ч нэг сэдвээ давтах ч юмуу, нэг хийцээрээ бичдэггүй. Өдөр болгон шинэ байж чаддаг гайхалтай яруу найрагч.

-Та тийм байж чадаж байна уу?

-Аа мэдэхгүй. Ном гарсаны дараа эргээд л харахад ээ чааваас энийг ингэчихгүй яаваа гэх юм зөндөө шүү дээ. Тасралтгүй засаад л байвал юу  ч үлдэхгүй юм шиг байгаа юм.

-Энэ жил “Болор цом”-ын эзэн боллоо. Энэ наадмын тухайд хүмүүс олон янзаар л хэлдэг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би “Болор цом” наадамд 20 гаруй жил уралдлаа. "Болор цом" наадмыг мэргэжлийн хүрээнд янз бүрээр ярьж, бичдэг. Энэ бол байх ёстой наадам гэж би хэлнэ. Би "Болор цом"-д 1990-ээд оноос хойш тасралтгүй оролцож байна. Бүр шүлгээ унших эрхгүйгээр ч хасагдаж л байлаа. Мориор бол хоёр аман хүзүүдэж, хоёр удаа айрагдаж байсан.

-Хөвсгөл нутгаас анхны цомын эзэн боллоо. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Зорьж байсан миний юм бүтлээ. Тэгээд давхар Хөвсгөлийн юм болоо л биз.

-Тэгвэл “Болор цом”-д уншина даа гэж яг зориулж шүлэг бичдэг үү, эсвэл?

-Хийж байгаа юмнуудаасаа цом дөхөөд ирэхээр аль нь арай хүнд хүрэх  нь үү гэж харна шүү дээ. Үзэгчддийг бас бодолцох хэрэгтэй. Тэрнээс хэн ч ойлгохгүй өөрийнхөө дотоод сэтгэлийн юмыг дотогшоо уншаад явчих юм бол гарч ирэхгүй шүү дээ. Тиймээс жинхэнэ яруу найргаа, үзэгчидтэйгээ хувь тэнцүү тааруулсан тиймэрхүү барилтай шүлгээ уншина даа.

-Таныг харахаар нэг их даруухан ч юм шиг, тэгсэн хэрнээ цалгиа ихтэй ч юм шиг санагдах. Яруу найрагчдыг ер нь их омголон хүмүүс байдаг гэж хардаг. Таны хувьд хэр омголон зантай вэ. Дотоод омогшил бий биз?

-Омголон байлаа гээд надад цагаан атаархал гэдэг ч юмуу, тийм юм ерөөсөө байдаггүй. Ажлаа хийгээд л, авгай  хүүхдээ тэжээгээд л дуусах юм байлгүй дээ.

-Тэгвэл таны хувьд амьдралаас авсан нь их болов уу, өгсөн нь их болов уу. Бодож үзэж байв уу?

-Авсан нь их байх. Аав ээжийн хайр, ханийн хайр, үр хүүхдийн хайр, анд нөхдийн хайр, ард түмний хайр гээд. Харин өгсөн нь тун маруухан байх.

 Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Түүнтэй яруу найргийн онол, утга зохиол хөгжил энэ тэр гэсэн зүйл ярихыг хүссэнгүй. Харин дотоод сэтгэл рүү нь жаахан өнгийхийг л оролдсон нь энэ. Магадгүй сайн гаргаж чадаагүй ч байж мэднэ. Гэхдээ түүний сэтгэлийн дотоодыг түүнийг шүлгүүдээс мэдэрч болох биз. 

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өлзийбаяр(112.72.11.120) 2015 оны 04 сарын 24

Арсайн гол шүлгийг нь нийтлэж өгөөч :)

0  |  0
Top