Янош Адер: Унгарын аль их сургуульд, ямар мэргэжлээр сургахыг Монголын тал өөрсдөө шийднэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв.

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер хийсэн мэдээлэлдээ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Бидэнд хандаж сайн сайхныг ерөөж, амжилт хүссэнд талархал илэрхийлье. Энэ айлчлал маш чухал айлчлал юм.

Яагаад гэвэл бид энд ирээд Монгол Улстай ямар салбарт хамтран ажиллах, Монголын талаар юу мэдэх шаардлагатай болохыг газар дээр нь мэдэж авлаа. Монголд болсон 1990 оны улс төр, нийгмийн системийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад ямар өөрчлөлт гарсныг манайд цөөхөн хүн мэдэж байгаа.

Монголд иргэдийн аж амьдралын түвшин дээшилж, эдийн засаг хурдацтай нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бидний ойлгож байгаагаар Монголын ДНБ-ний өсөлт 8-17 хувьтай байна. Нөгөө талаар алт, зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалын их нөөцтэй улс. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн анхаарлыг  их татаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баян орон боловч усны талаар дутагдалтай хэвээр байна. Усаар аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахаас гадна хүн амын хэрэгцээг хангах шаардлага мөн тулгарч байна. Экспортын 80 орчим хувийг гаргаж байгаа уул уурхайн салбарыг бас усаар хангах асуудал гарч байна.  Хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд ч ус хэрэгтэй.

Унгарын усны мэргэжилтнүүд 1950-иад оноос эхлэн Монголд ирж ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд дурдахдаа монголчууд Унгарын усны мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг гэж хэлсэн. Монгол Улсын хувьд усанд хэмжээний хувьд ч, чанарын хувьд ч өндөр шаардлага тавьж байна. Урьд өмнөх туршлагадаа үндэслэн усны аж ахуйн салбарт цаашид ямар хэлбэрээр, яаж хамтран ажиллах талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцлаа. Усны аж ахуйн салбарт бүхий л чиглэлээр хамтран ажиллах бүрэн бололцоотой.Усны даацыг хамгаалах, хэрэгцээ хангасан чанартай ундны ус гаргах, газар доогуурх усны сувгийн системийг шинэчлэх зэргээр хамтран ажиллах бололцоотой.  

Хамтран ажиллах өөр нэг салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Унгарын туслалцаатайгаар урьд нь баригдсан Сонгинын Био үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлтийн ажлыг ойрын жилүүдэд хийх бүрэн боломжтой. Үүнд зориулж Унгарын тал хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байна. Био үйлдвэрийг шинэчилснээр мал аж ахуйд дутагдаж байгаа бэлдмэл, вакцинуудыг үйлдвэрлэх бүрэн бололцоотой болно.

Энэ нь Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад тус болох юм.  Мал аж ахуйн селекцийн чиглэлээр ч хамтран ажиллах нь зүйтэй. Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Европын холбооны стандартыг нутагшуулах, олон улсын хэмжээний стандартыг бий болгох бүрэн бололцоотой. Бид бас нар, салхины эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний салбарыг орчин үеийн болгох талаар хамтран ажиллах боломжтой.

Бид бас хоёр зүйлийн талаар ярилцлаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн өнөөдрийн уулзалтаар Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Жилд Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутан хүлээж авдаг байсан, одоогоос эхлэн жилд  100 оюутан хүлээж авч суралцуулахаар боллоо. Унгарын аль их сургуульд, ямар мэргэжлээр сургахыг Монголын тал өөрсдөө шийднэ. Өмнө нь ч бид энэ тал дээр хамтран ажиллаж ирсэн. Одоог хүртэл барагцаалбал 400-500 монгол оюутан манай их, дээд сургуулийг төгссөн.

Хоёрдугаарт, Энэ оны  5 дугаар сард Унгар Улс Монголд ЭСЯ-аа дахин нээхээр болж байна.  Энэ нь цаг үеэ олсон шийдвэр болсон. 2006 онд Унгар улс Элчин сайдын яамаа хаасан нь буруу алхам байсан гэж бодож байна. Шинэ Элчин сайд ирээд өнөөдөр ярилцсан хөдөө аж ахуй, ус, боловсролын салбарын асуудлуудыг амьдралд хэрэгжүүлэх  талаар идэвхтэй ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top