Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь дэмжиж байна.

Үнэ чөлөөлөх маш аюултай. Цахилгаан, дулааны үнийг чөлөөлснөөр бүх бараа дагаад нэмэгдэнэ” хэмээжээ. Энэ хүрээнд ч жиргээчид талцан хуваагдав. Ихэнх нь ноцтой үр дагавар нь илүү, эдийн засаг тогтворгүй савалгаатай, валютын ханш тогтворгүй ийм үед барьж байсан нь гэмгүй гэдэгт санал нэгдсэн нь олзуурхууштай. Нийтлэлийн гол санаа нь төр үнийг барьснаар  ард түмнийхээ эрх чөлөөг боомилж, нөгөө талаар төрд шургалсан хувалзууд илүү их завшиж байна гэсэн утгатай.

Тиймээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буугаад байхад манай хэдэн монополь компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үнээ барьж байна. Хатуу бариад байгаа нь хэрхэвч зүйд нийцэхгүй асуудал гэжээ. Хөндөх ёстой сэдэв. Анхаарч ярих л асуудал. Гэвч аль талаас нь хөндөх ёстой вэ гэдгээ эхлээд бүгдээрээ ярихад гэмгүй байгаа юм. Шатахууны үнэ монголд хамаагүй байсаар олон жилийг үдэж байна. Цаашдын 20 жилд ч ийм байхыг үгүйсгэх аргагүй. Хоёр хөршөөсөө шатахуун, дулаан импортолдог манайх шиг жижиг улсын толгойн өвчин нь нефть байсаар ирсэн.

Монополь хэдхэн компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж авсан үнээсээ хэд дахин нэмэгдүүлж зараад 17 тэрбум төгрөгийн өрөнд унаж байсан жишээ ч саяхных. Манай улсын зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний импорт бусад үйлчилгээг явуулдаг 20 гаруй компани байдаг бөгөөд эдгээрээс шатахууны жижиглэнгийн борлуултын үйлчилгээ үзүүлдэг зургаан компани байдаг байна.

Гэтэл ганцхан компани импортын шатахууны 40 шахам хувийг дангаараа нийлүүлдэг нь энэхүү зах зээлд өрсөлдөөн биш монополь байдалтай гэж үзэж болохоор байгаа юм. Үгсэн хуйвалдсан луйврын хэрэг өнөөдрийг хүртэл шүүхийн шатанд явж байгаа. Түүх сөхөөд үзье. Одоогоос гурван жилийн өмнө ШӨХТГ-ын дарга О.Магнай “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр, “Шатахууны үнийг 230-250 төгрөгөөр нэмэх гэж байна.

Энэ хэр үндэслэлтэй тоо юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Оросоос ирж байгаа үнэ 70 орчим ам.доллараар нэмэгдсэн. Тэгэхээр шатахууны үнэ литр тутамдаа 40-50 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэж тооцоолж сууна. 230 төгрөгөөр нэмнэ гэснийг эргэж харна, тооцоо судалгаа хийнэ” хэмээн хариулт өгч байжээ.

Яг үүнийхээ дагуу 230 төгрөгөөр нэмсэн импортлогч компаниудад шалгалт хийж үгсэн хуйвалдсан гэх зарга үүсгээд ялж байсан удаатай. Үнэ чөлөөтэй байсны үр дүн нь энэ байсан. Ер нь Монголд хамаагүй шатахууны үнийн бууралтыг манайд хамаатай болгохын тулд эхний хийх ажил нь үнэ чөлөөлөх биш. Харин говийн нутгуудаар олдож байгаа нефтийн нөөцөө түшиглэж үйлдвэр барих мөрөөдлөө одоо л ажил хэрэг болгоё. Аж үйлдвэрийн сайдын яриад яваад байгаа хоёр үйлдвэрийг барих боломж байна уу, үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулмаар байна.

Дэлхийд үнэ нь буурлаа гээд манайд үнэ буурчихна гэсэн “гэнэн яриа” одоо сэтгүүлзүй цаашлаад улс төр, эдийн засгийн салбарт ч хэрэггүй байгаа юм. ОХУ ч манай нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийд уначихлаа, танайх хямдралтай үнээр нь ав гэж биднийгээ башийлгах нь юу л бол. Төв суурин газар амьдраагүй хэрнээ үнээр дарамтлуулж, хээрийн нэмэгдлээр торгуулдаг нь сумдын иргэд, оршин суугчид. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Халх гол сумын иргэд литр түлшийг 2420 төгрөг, Ховд аймгийн Алтай сумын иргэд 2530 төгрөгөөр тус тус худалдан авах хэрэг үү. 

Төв банкны Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” тийм ч муулаад байхаар зүйл биш байсныг эдийн засагчид, энэ салбарт ажиллаж алдаа оноог нь хангалттай үзчихсэн улстөрчид хүлээн зөвшөөрдөг. МУИС, СЭЗДС-ийн олон ч эдийн засагч багш нартай энэ сэдвээр ярилцлага хийж суухад “Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны  үнэ  одоо байгаагаас 2.5-4.6 дахин  нэмэгдэх байсан” гэсэн тооцоог энгийн ойлголтоор тайлбарлаж байв.

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг хэрвээ үнийг чөлөөтэй орхисон бол шатахууны үнэ дэлхийн эдийн засаг дээр нефть бүтээгдэхүүний үнэ хэлбэлзсэн, валютын ханшийн сулралтай 2012-2013 онуудад 2200 ба түүнээс дээш үнэд хүрэх байсныг хэлж байсан удаатай. Ингээд харахаар харин ч дэлхийн эдийн засаг савласан, дээш доош болсон энэ үед бид зөв бодлогоор дотоодын зах зээлээ тогтвортой барьж ханшийн хэлбэлзлээс ангид байж чадсан юм биш үү гэж харагдаад байгаа юм.  Сүүлийн 2-3 жилд 30-40 хувьтай байсан ханшийн хэлбэлзэл түлш, шатахууны үнийн огцом өсөлтөд нөлөөлж чадаагүй нь тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн байсныг статистик мэдээ харуулаад байгаа.

Нийтлэлч Баабар ч хүлээн зөвшөөрсөн. Өргөн хэрэглээний бараа өнөөдөр 20-30 төгрөгөөр нэмэгдэж байна. Цалин нь өсөхгүй атлаа л нэг өглөө очиход талх, өндөгний үнэ өсчихөөд байгаа. Харин энэ хугацаанд махны үнэ мянгаар нэмэгдэхийг бид харсангүй. Цалин нь өсөхгүй атлаа өргөн хэрэглээний бараа нь үнэтэй болчихдог, нэгнийгээ дагаад сургаар үнээ өсгөдөг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Нэгэнт өндөрт гарсан хэрэглээний барааны үнэ бууж ирдэг тохиолдол би нэгийг ч мэдэхгүй. Харин ч 20-30 хувиар нэмэгддэг, хоёр гурав хоноод ямар нэг байдлаар үнээ өсгөдөг шалтгаан харин олныг нэрлээд өгч чадна.

Өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой барьсан нь нийслэлээс гадна хөдөө орон нутгийн алслагдсан сумдад үр дүнгээ өгсөн. Алслагдсан сумдын амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас илүү нэмэгдэж, тэнд мах, гурил, барилгын материал, бензиний үнэ хоёр гурав ч нугалж нэмэгддэг жишиг хаа сайгүй л байна. Хотод өсчихөж, тээвэрлэлтийн хөлс гэх мэтээр л сайхан үлгэр зохиогоод ярьчихаа тэд мэдэлгүй яахав.

Ингэж бичлээ гээд үнээ хатуу бариад чөдөрлөөд бай гэж хэлж байгаа юм биш. Гагцхүү яг өнөөдөр чөлөөлөх цаг нь мөн үү, улстөрчдөө. Валютын нөөцөө бид нэмэгдүүлж чадсан бил үү. Өнөөдөр 1900 байгаа ам.доллар маргааш 2000 гарахгүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ. Монополь хэдхэн компаниуд үгсэн хуйвалдаад шатахууны үнийг 2500 болгохгүй гэсэн баталгааг хэн өгөх юм.

Өнөөх эдийн засгийг сэргээх Оюутолгой, Тавантолгойгоос чинь урсаад орж ирж байгаа мөнгө байна уу. Тэгж ярьвал, шатахууны үнийг бууруулах зөрүү мөнгөөр л өнөөдөр төр засаг нь голоо зогоож, цалин мөнгөө тавьж байгаа биз дээ. Ийм байхад үнээ одоохон чөлөөл гэж мянга хашгираад яана. Валют орж ирэх гарц бүхнийг хааж талцаж хэрэлдээд суучихсан атлаа үнэ чөлөөл, үнэ чөлөөл гэж шоудаад үр дүн гарахгүй ээ. Үнэхээр л үнэ чөлөөлмөөр байгаа бол хоёр ордоо явуулчих. Тэгээд цалин тэтгэврээ санасан хэмжээнд нэмчих. Эс тэгээд үнэ чөлөөлбөл иргэдээ хэмлэх төрийн бодлого гэлтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.97) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top