Хоёр хүүхэд хачигт хазуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хоёр хүүхэд хачигт халдварт өвчнөөр өвчилсөн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй юм байна. Хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд тавдугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг аж. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна.

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд:

1. Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.

2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр  биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах

3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях

4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх

5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах

6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.

7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах

8. Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх гэсэн зөвлөмжийг өгч, дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top