Эрээнээс хол зөрсөн Замын-Үүдийн хөгжил

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

 Замын-Үүд бол урд талаасаа Монголын нүүр царай болсон үүдэн газар. Олон жил наймаачдын хөлд дарагдаж, цөөнгүй хүнийг хоолтой залгуулдаг боомт. Гэвч энэ сумын иргэдийн амьдрал үүний тоогоор өсөж дэвжсэнгүй. Энэ сум улс орны үүд хаалга хэдий ч хөгжил цэцэглэлт гэдэг асуудлаас хол хоцорч дүнхийсээр. 

Элсээр шуурсан Замын-Үүд боомт урд хөршийн Эрээн хот хоёр өнөөдөр алслагдмал тосгон, нийслэл хот аятай зиндаа холджээ. Улсын хилээр гараад л та хөгжлийн шинэ үе рүү, тэмүүлж, өнгө төрхөө гэрлийн хурдаар өөрчилж байгаа Эрээн хотыг харж болно.
Эрээнийхэн биднийг унтаад сэрэхэд л нэг шинэ барилга барьж, нэг гудамжийг цэцэрлэгжүүлэн, хогоо шүүрдэж, гудамж, талбайгаа угааж, элсний нүүдлийг тогтоож барьж чадаж байна.  Харин Замын-Үүдэд хаа сайгүй хогоо асгана. Хогтойгоо амьдарсаар хорвоог барах улс энд байгаа гэлтэй. Эндхийн мал нь бэлчээрт явалгүй хүмүүсийн хаясан хогоор хоол хийнэ. Орон сууцных нь хонгилууд ч ялгаагүй хогондоо дарагдаж, ногоон ялааны үүр болжээ. Зам харгуй нь эвдэрч, элсээр шуурсан, бүтээн байгуулалтын тухайд бол яриад дэмий.  

Бодит байдал өнөөдөр ямар байгаа талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн 3-р ангийн оюутнууд Замын-Үүдэд очиж сурвалжилжээ.

 Элсэн шаргал сумын эрин үе ирлээ

Замын Үүд нь сумын статустай болоод 20 жил болж байгаа ердийн нэгэн сум боловч бусад 332 сумтайгаа харьцуулахад өөрийн гэсэн өвөрмөц онцлог, өнгө төрхтэй газар билээ.  Тодруулбал, Монгол Улс, БНХАУ хоёрыг холбосон уг хилийн боомтод хил, гаалийн ажилчид ихээр суурьшин ажиллах төдийгүй хүний хөл ч үл тасарна. Албан тоо баримтаар 7000 гаруй өрхтэй, 16306 хүн амтай гэх боловч бүртгэлгүй оршн суугчид болон томилогдон ажиллаж буй хил, гаалийн ажилчдыг тооцож үзвэл ойролцоогоор 25000 орчим хүн амтай сум ажээ. 

 Сумын хувьд хүн ам нь харьцангуй их боловч агаар сайхантай, нам гүм, налгар тайван энэ л сумд засаг захиргаанаас эхлээд иргэн бүрийн санааг түгшээж байдаг нэг асуудал бий. Энэ бол Замын Үүдийн усан хангамжийн асуудал болохыг тэнд нэг боловч очиж үзсэн хүн төвөггүй ойлгох биз ээ. Төвийн шугамаараа түгээх хужиртай усыг нь хүн байтугай мал уухад хүртэл халшрам. Гэвч тухайн сумын айл өрх, ард иргэд хэзээд байгаль, цаг уурын онцлогоос хамааралтай уг давслаг усаа хэрэглэсээр ирсэн юм.  Энэ нь аажим аажмаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж, улмаар нас ахих тусам яс нь сийрэгжиж, янгинаж өвддөг байна. Тиймээс чухам уг асуудлыг сурвалжлахаар Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүлчийн ангийн  оюутан бид Эрээн хоттой хиллэх элсэн шаргал энэ л сумд анги хамт олноор айлчлан очсон юм.  

Сумын галт тэрэгний буудалд хөл тавьсан даруйдаа өглөөний цайгаа уучихаад Замын Үүдийн засаг дарга М.Баянмөнх гуайтай уулзсан билээ. Замын Үүдэд өнөөдрийг хүртэл тулгарч ирсэн байгаль экологийн асуудлаар түүнд цөөнгүй асуулт тавьж сонирхолтой зүйлсийг яриулсан бөгөөд тэрбээр усан хангамжтай холбоотой дараах зүйлсийг хэлж байлаа.

“Жилийн өмнө гэхэд манай сум усаа хугацаагаар түгээдэг байсан. Өөрөөр хэлбэл зарим газраа нээж байхад зарим газраа хаадаг байв. Энэ бол Төмөр Замын газар хариуцдаг байсан үе юм. Харин сүүлийн нэг жилд дэд бүтцээ орон нутгийн мэдэлд авснаар усан хангамжийн ажлыг Чандмань Бадрал компани хариуцах болсон. Тодруулбал 2014 оны тавдугаар сарын 1-нээс тухайн компани үйл ажиллагаагаа явуулснаас хойш усыг 24 цагаар  олгож эхэлсэн. Өдөрт 1200-1600 метр куб ус түгээдэг.  Энэ нь сумын хувьд өндөр боловч 25000 хүний хувьд дутмаг хэрэглээ юм. Тиймээс усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2008 онд Жайко олон улсын байгууллага 20 жил хэрэглэх усны нөөцийг тогтоож өгсөн. Үүний дагуу Хятадын засгийн газар 50 сая долларын хөнгөлөлттэй зээл олгосноор энэхүү усны нөөцөд зориулсан шугам сүлжээг байгуулж уг усаа цэвэршүүлэн түгээхээр болж байна. Энэ бол 99 хувь хүртэл цэвэршүүлэн, дээрээс нь эрдсээр баяжуулсан ус байгаа. Ер нь ирэх зургаан сарын 1-нээс иргэддээ түгээж эхлэх байх. Мөн Хятадын засгийн газрын тусламжаар байгуулсан уг шугам сүлжээг өргөтгөн айл өрхийн шугам хоолойтой холбох асуудлаар Азийн хөгжлийн банк 3.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэн. Энэ бүхэн амжилттай хэрэгжиж дуусвал бид хоногт 3200 метр куб ус түгээх бүрэн боломжтой болох юм. Дээрээс нь манай сум Монголд анх удаа саарал усны систесийг нэвтрүүлж байна. Тодруулбал айл өрх, албан байгууллагийн хэрэглсэн бохир усыг дахин боловсруулж 90 хувь хүртэл цэвэршүүлэн, түүгээрээ ногоон байгууламжаа услахын зэрэгцээ нойлынхоо усруу түгээх болно. Хэрэв тэгж чадвал 20 жилийн нөөцтэй гүний тогтонги усаа 10 жил уртасгаж буюу 30 жил ашиглах боломжтой болно гэсэн үг.”

Үүнд нэг зүйлийг тодруулахад хэрэглээнээс гарсан усыг хар ус гэх бөгөөд уг хар усыг дахин боловсруулсан усыг саарал ус гэдэг байна. Монголчууд бидэн шиг нойлдоо хүртэл цэвэр ус хэрэглэдэг орон дэлхийд өөр хаана ч байхгүй биз ээ. Тэгвэл үүнийг халах эхний алхмыгэнгийн нэгэн сумаас эхлүүлж байна гэдэг үнэхээр сайшаалтай юм. Уг байдлаас үлгэр жишээ аван цаашлаад улс орон даяар саарал усны бодлого хэрэгжүүлдэг болчихвол өдөр ирэх тутам хомсдож буй цэвэр усаа хэмнэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулах билээ. Тийнхүү бид цааш асуудлыг нэмж тодруулахаар Дорноговь аймгийн Чандмань Илч компанийн охин компани болох Замын Үүд сумын дулаан, бохир,цэвэрусны бүх асуудлыг хариуцан ажиллаж буй Чандмань Бадрал ХХК-ийг зорьсон юм. Уг байгууллага 100 гаруй ажилтантай гэх бөгөөдус хангамжийн инженер Б.Бямбадуламаас дараах зүйлсийг асууж тодрууллаа.

-Замын Үүд сумын айл өрхийн хэдэн хувь нь төвийн шугамд холбогдож, хэдэн хувь нь худгаас усаа авдаг вэ? Мөн усны эх үүсвэрээ хаанаас хангадаг вэ?

Замын Үүдийн хүн амын 60 хувь нь төвлөрөсөн шугамд холбогдсон. Гэр хороолын иргэд нь манай  ус түгээх байрнаас усаа авдаг. Одоогийн байдлаар нийт 7 ус түгээх байртай. Үүнээс хоёр нь Азийн хөгжлийн банкны санжүүжилтээр баригдсан, шинэ шугамаар холбогдсон байр байгаа. Манай Чадмань Бадрал компанийн ажлын онцлог бол бид иргэддээ зөөврийн ус түгээдэггүй явдал юм. Харин хоногийн 24 цагийн үйл ажиллагатай  ус түгээх байрнаасаа усаа тогтмол хүргэж үйлчилдэг. Тэгэхээр ус зөөвөрлөх явцад гардаг аливаа эрсдэл байхгүй гэсэн үг. Харин усны эх үүсвэрийн хувьдбид хоёр эх үүсвэрийн арван цооногоос усаа олборлодог. Нэгдүгээр эх үүсвэр 1955 онд ашиглалтанд орсон байдаг. Хоёрдугаар эх үүсвэрийг 1996 оноос хэрэглэж эхэлсэн. Гүний ус нь байнгын урсацтай тул нөөц хязгааргүй.Мөн хамгийн гүндээ 110-120 метрийн гүнд ухаж өрөмдсөн цооногтой. Тухайн цооногийнхоо 65-70, заримдаа 90 метрт гүний насос суулгаж, газрын гүнээс усаа татаж гаргадаг. Ийнхүү дээш нь олборлосон усаа 100 метр кубын багтаамжтай усан санд төвлөрүүлэн, тэндээсээ хэрэглэгчдээ түгээх журмаар ажилладаг.

-Энэ ус ундны усны хэрэгцээг хангаж чадах уу? Эрдэсжилтийн хэмжээ нь хэр зэрэг байдаг вэ?

Манай байгууллага улирал тутам  Замын Үүдийн Мэргэжлийн Хяналтын Газраар усаа шинжлүүлээд явдаг. Унд ахуйн хэрэгцээг хангах тал дээр асуудал байхгүй. Гэхдээ цаг уурын онцлог, бүсээсээ хамаараад Замын Үүдийн гүний ус бусад аймгуудынхаас өөр байдаг. Энэ нь эрдэсжилтийн зэрэг өндөр байдагтай холбоотой. Гэхдээ тогтмол хийсэн шинжилгээний дүнгээр эрдэсжилт, хлор зэрэг нь хүний эрүүл мэндэд нөлөөлөөхөөр хэмжээнд бишгэдэг нь тогтоогдсон.

-Гэхдээ бидний ажигласнаар орон сууцны айл өрхуух усаа худалдаж авдаг юм байна лээ. Тэгэхээр энэ ус унданд хэрэглэхэд тохиромжгүй юм биш үү? Эсвэл өөр шалтгаан байна уу?

Тохиромжгүй нь юу байхав.Энэ бол тухайн хувь хүнээсээ шалтгаална л даа. Гэр хорооллын айлууд бол тэр усаа шууд хэрэглэдэг.Тэгэхээр бид 24 цагийн турш чанар, стандартын шаардлага хангасан ус түгээж байгаа болохоор энэ хүмүүс хэрэглээд болоод байна гэж үзэж болно. Гэхдээ хүн бас яалт ч үгүй ходоод, бөөрөө бодно л доо. Учир нь байнга эрдэсжилттэй ус хэрэглээд байхаар ходоод өвдөж, бөөрөнд чулуу үүсэх зэргээр сөрөг нөлөө үзүүлдгийг үгүйсгэхгүй. Бас шүд шарладаг тал бий. Гэхдээ манай усанд гэдэсний савханцар гэх мэт хүнийг өвчлүүлэх ямар нэгэн элемент байхгүй гэдгийг хэлж чадна. Манай байгууллага усан сангаа улиралд нэг удаа ариутгаж угаадаг. Энэ бол 4.5 метр гүн, 100 метр куб багтаамжтай усан сан байгаа. Үүнд манай лаборант усан сангийн ёроол, доторх орчин, шугам хоолойг угааж ариутгадаг бол гаднах таг, гадаах талбай зэргийг мэргэжлийн хяналтын хүмүүс ирж зориулалтын уусмал, ариутгалын бодисоор цэвэрлэдэг. Тийм болохоор аюулгүй байдлын талаас санаа зовох асуудал огт байхгүй.

-Хятадын засгийн газрынбуцалтгүй зээлийн тусламжаар ус цэвэршүүлэх байгуулмж барьж, түүгээрээ ямар ч эрдэсжилтгүй цэвэр ус түгээдэг болох тухай сайхан мэдээ засаг дарга тань дуулгасан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач.

Замын Үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд манай суманд Хятадын засгийн газрын тусламжтайгаар гурван том ажил өрнөж байна. Үүнд нэгдүгээрт дулааны станц байгуулж,хоёрдугаартхэрэглэсэн бохир усаа дахин боловсруулж саарал ус болгон ашиглах технологийг нэвтрүүлж, мөн гүнээс татсан усаа цэвэршүүлэн түгээх үйлдвэр барихаар болсон. Үүнээс гүний ус цэвэршүүлэх байгуууламжийг онцлоход жилд сая тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгаа. Тэгэхээр өдөрт 3250 метр куб гэсэн үг. Усны эх үүсвэрийг 30 сая тонны нөөцтэй, гүний тогтонги уснаас хангахаар төлөвлөсөн. Ноднин жилийн наймдугаар сард ашиглалтад орно гэсэн боловч одоо хараахан ажиллаж эхлээгүй байна. Хэрэв ашиглалтад орвол усаа 14 шат дамжлагаар цэвэршүүлэн нийт хэрэглэгчиддээ төвийн шугамаараа түгээдэг болно.Уг байгууламж нь усыг дээд зэргээр цэвэршүүлдэг германы Рос систем зэргийг суурилуулсан,дэлхийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Товчхон хэлэхэд Замын Үүд сум маань сайхан хөгжиж байна.

Чандмань Бадрал компанийн байрнаас гаран явсны дараа төвийн шугамаар ирж байгаа хужиртай ус ундны хэрэглээг үнэхээр хангаж байна уу, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэх талаар иргэдээс торуулга авахаар Замын Үүд сумын намхан байшингуудын дундуур алхлаа.Ийнхүү алхахад саяхан орсон бороонычийг газраас үнэртэж,нийслэл хотоос нэг л өөр нам тайван, дулаан мэдрэмж төрүүлэх ажээ.Тэгж явтал бидэнтэй таарсан 50эргэм наснынэгэн эмэгтэй яриа өгөхийг уриалгахнаар зөвшөөрөв. Тэрбээр өөрийгөө Замын Үүд сумын уугуул иргэн Б.Оюун хэмээн танилцуулсан юм.

“Манай Замын-Үүдийн хүмүүсийн хөл гар их өвддөг. Ялангуяа хөгшчүүлийн өвдгөөр өвдөөд явж чадахаа больсон хүмүүс зөндөө байдаг. Хятадад эмчлүүлэх гээд очихоор уснаас болсон байна гэж хэлдэг гэсэн. Ер нь манай Замын-Үүдийн ус их муу. Хужир, давс ихтэй. Хувцас хунараа угаана уу гэхээс ундандаа бол хааяа л хэрэглэдэг. Тэгээд л цэвэр ус худалдаж авна даа. Гэтэл бас цэвэр ус байнга хэрэглээд байхаар мөнгө нь явж өгнө. 18 литр усыг 2500 төгрөгөөр худалдаж авдаг юм. Тэр нь хоногтоо ч хүрэхгүй дээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд усны асуудлыг Төмөр Замаас салгаад Чадмань Бадрал компани хариуцдаг болсноос хойш үйл ажиллагаа нь харьцангуй сайжирч байна. Үүнээс өмнө усыг төвийн шугамаар түгээхдээ цаг минуттай хүргэдэг байсан. Харин одоо тогтмолжиж ус 24 цагийн турш тасралтгүй ирдэг болсон. Мөн дулааны станц, цэвэршүүлэх байгууламж, цэвэр усны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Хэрэв энэ хэрэгжвэл маш олон давхар, өндөр шүүлттэй цэвэр ус айл өрхийн хэрэглээнд ирэх юм байна лээ. Гэхдээ нэгэнт хужиртай усаа насаараа хэрэглээд ирсэн болохоор бидний биед хэдийн өөрчлөлт өгсөн байх.”

Тийм ээ, түүнтэй ярилцсаны дараа нээрэн ч ус цэвэршүүлэх уг ажлыг илүү эрт эхлүүлсэн бол илүү олон хүний эрүүл мэндийг доройтохооснь өмнө урьдчилан сэргийлж болох байжээгэж бодогдсон юм. Гэхдээ энэ үүргийг улс орны гэх үү тухайн сумын өмнөөс гүйцэтгэж буй хувь хүмүүс байдаг ажээ. Замын Үүд сумд Оргилуун, Болор, Цэнгэг, Хайрхан Уул, Ундарга, Сайхан гэх хувиараа ус цэвэршүүлэн худалддаг нийт зургаан цех ажилладаг байна. Тэд усаа 18 литрээр савлан 1800 төгрөгөөр үнэлэх бөгөөд хүргэлтийн үнэтэйгээ нийлээд 2500 төгрөг болдог гэнэ. “Цэнгэг” ус цэвэршүүлэх цехийн захирал н.Мягмарсүрэн төвийн шугамаар ирэх усыг БНХАУ-аас оруулж ирсэн төхөөрөмж ньнийт есөн шатлалааршүүдэг гэсэн юм. Түүнчлэн усаа улиралд нэг удаа мэргэжлийн хяналтын лаборторид шинжлүүлдэг байна.

Элсэн хотыг хэдхэн жилийн дотор ногооруулж чадсан Хятадын Эрээнийг манай улсын Замын-Үүдтэй харьцуулсаар ирсэн ч үе үеийн засаг дарга нарт нь үнэхээр хор шар байдаггүй юм уу хөдлөх хүч дутдаг юмуу бүү мэд. Иймд ажиллах хүч дутмаг Засаг дарга нарт атаархах сэтгэл багахан ч болтугай түрүүлэхийг хүснэм.  Эзгүй тал байсан элсэн талд өндөр өндөр барилга, цэвэрхэн худалдааны төв, үйлчилгээний газар олонтаа баригдаж, өргөн цардмал замтай, хүн зоных нь өмсч, зүүсэн нь илтэд дээшилж, зүс царай нь өнгө орж, хийснийхээ хэрээр хөлжиж, дэвжиж байгааг дуулгах нь зүйтэй биз.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top