Өндөр хэмжээний айлчлал, хээрийн түймэртэй долоо хоног

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Долоо хоногийн даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар 22 асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудал дотор  Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх болон  Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн санхүүжилт зэрэг чухал чухал асуудал багтав. Харин энэ удаагийн хурлаар хэлэлцэнэ гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал  яригдсангүй. Засгийн газар Тавантолгойг лхагва  гаригт ээлжит бусаар хэлэлцэж, ирэх долоо хоногт УИХ-ын босго давуулахаар төлөвлөж байна. Лхагва гаргигт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан Оюутолгойн  хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхэд үүсээд байсан гацааг шийдвэрлэжээ. Харин хэрхэн яаж гэдэг нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ  асуудлаар Ховд аймгаас яаран мэдээлэл хийлээ. Тэрбээр манай  улсад төлөх ёстой 30 тэрбумын татварыг хүчингүй болгож Оюутолгойтой эвлэрлийн гэрээ байгуулсан гэж Засгийн газрыг буруутгаж байна.

Долоо хоногийн эхээр С.Баяр цахим сайтаар “Би удаан гүтгүүлж чадахгүй. Одоо хууль хяналтын байгууллагаар нь шалгуулна” гэж мэдэгдлээ. Залгуулаад АТГ С.Баярын АНУ дахь долоон  байрны мэдээллийг анх дэлгэсэн УИХ-ын гишүүн Г.Уянгаас байцаалт авсан бололтой. Энэ үеэр гишүүн Г.Уянга  С.Баярын үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн нотриатын баталгаа бүхий шинэ шинэ баримтыг үргэлжлүүлэн дэлгэлээ.  

Энэ долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг нь Казиногийн хуулийн эргэн тойронд өрнөв.  УИХ дахь бие даагчдын бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үргэлжлүүлээд пүрэв гаригт болсон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 81.2 хувь нь энэ хуулийг хэлэлцэхийг дэмжээд байна. Мөн өдрийн хуралдаанаар Дээд шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчдийг хэлэлцэж Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Шүүгч нарын томилгоотой зэрэгцээд шүүхийн шинэчлэлийн асуудал  чамгүй яригдав бололтой. Энэ сэдэв УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болон ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нарын хооронд хэрүүлийн хэт цахиад амжина билээ.

Пүрэв гаригт болсон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 81.2 хувь нь Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжээд байна. 

Долоо хоногийн онцлох сэдвийн нэг нь Тавантолгой байлаа.  Хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийг ахалж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан  УИХ-ын гишүүдэд хандан ил захидал илгээж,  хугацаа алдвал бүхнийг алдана гэдгийг сануулсан.  АН-ын бүлгийн хувьд энэ гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцэнэ гэсэн байр суурьтай гэж байна.  Гэвч цагаа болохоор эх орончид хэрхэн бөмбөр  дэлдэж, хэдэн талаас нь хэмлэх нь тодорхойгүй.

Гадаадын өндөр хэмжээний айлчлал, зочинтой байсан нь улирч буй долоо хоногийн нэг өнгө төрх байв. Унгар Улсын ерөнхийлөгч Янош Адер гэргий Анита Херцегийн хамт  энэ өдрүүдэд Монголд албан ёсны  найрсаг айлчлал хийлээ.  Манай хоёр орон өнө эртний харилцаатай ард түмэн бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа юм. 

Айлчлалын үеэр Унгар улс жил бүр манай 100 оюутныг өөрийн тэтгэлгээр сургахаар болсон сайхан мэдээ сонор мялаасан. Мөн хөдөө аж ахуй, өндөр технологи, тээвэр ложистикийн салбарт хамтран ажиллах  өргөн боломж байгааг айлчлалын үеэр ярилцлаа. Удахгүй ажил хэрэг болж эхлэх биз ээ.

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн сэтгэл түгшээсэн  явдал гэвэл Сүхбаатар, Дорнод аймгийн хэд хэдэн суын нутаг хээрийн түймэрт өртөж эдийн засаг, сэтгэл санааны ихээхэн гарз хохирол амсч буй явдал. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан ч хүчтэй салхины улмаас дахин алдаж,   бүр аймгийн төвд ойртож буй гэх мэдээлэл байна. Түймрийг унтраахаар  Онцгой байдлын болон орон нутгийн 1500 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нэмж  цэргүүдийг дайчлахаар шийдвэрлээд байна.  Нутаг усанд нь нүүрлэсэн энэ гамшигтай тэмцэхээр Улаанбаатар болон бусад аймаг хотуудад ажиллаж байгаа уугуул нутгийн  залуучууд олноороо  очиж байгаа аж. Энд тэнд хэн нэгнийг дарамталж сөгдүүлэхийг бус эх оронч сэтгэл гэж харин үүнийг хэлэх  байх.

Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй байгаа бөгөөд бөгөөд түймэрт 60 гаруй айл өртөж 22 гэр шатсан  гэх мэдээлэл байна. Түймрийн аюул ийн бодитой болж байгаад Ерөнхийлөгч анхаарал хандуулж,  үүрэг чиглэл өгөөд байна. Түүнчлэн шадар  сайд У.Хүрэлсүх   түймрийн бүсэд ажиллахаар явжээ.

Өчигдөр БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй парламентад суудалгүй намууд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог нарт хандаж  Тавантолгойн гэрээний төслийг ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаад байна.  Энэ долоо хоног нэг иймэрүү өнгө төрхтэйгээр өндөрлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top