”Монос”-ын хариуцлагагүй үйлдлээс болж хордсон хүүхдүүдээс хоёрыг нь хохирогч гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

“Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг болон “Монос-Улаанбаатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нарын хариуцлагагүй үйлдлээс болж өнгөрсөн оны наймдугаар сард 16 нярай хордсон ноцтой хэрэг гарсан юм. Тэрбээр “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж эл хэрэг гарсан байна.  Дээрх хоёр ажилтны буруутай үйлдлээс болж эмэнд хордсон гэх 16 нярайн биеийн байдал өнөөдөр сайнгүй, нэг хүүхдийнх нь бие муудаж өнгөрсөн баасан гарагт ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. 

Энэ талаар эмэнд хордсон А.Энэрэлийн аав В.Амараа “УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монос”-ийн эмийн сангаас худалдаалж авсан Фенобарбитал эмэнд хордсон нярай хүүхдийг бүх насаар нь эмчилнэ гэж “ETV” телевизээр шууд нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан. Тиймээс бид өнгөрсөн долоо хоног түүнийг Эмээлтэд иргэдтэй уулзалт хийж байхад нь очтол энэ талаар нэг ч үг хэлэхгүй байсан. Бид өмнөх шүүх хурлаар эмчилгээний мөнгө огт нэхэмжлээгүй. Харин энэ удаа хүнд хордсон хоёр хүүхдэд тус бүр 70, бусад хүүхдүүдэд нь тус бүр 50 сая төгрөг нэхэмжлэх болно. Саяхан нэг хүүхэд саажилттай болох нь тогтоогдож, өнгөрсөн баасан гарагт ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэжээ. Түүний охины хувьд эмэнд хордохдоо ес хоногтой байсан аж.  

Дээрх хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хордсон хоёр нярайг хохирогч, бусдыг нь хохирогч биш гэж үзсэн байна. Ингэхдээ “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, тэрбээр жирэмсэн байгаа тул ялыг нь хоёр жилээр хойшлуулсан. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнсэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаa аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top