Г.Тэмүүлэнг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нь 2013 оны 9 дүгээр сард “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван гишүүний нэгээр томилогдсон. Тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө “Эрдэнэс Монгол” ХХК-д өгснийг хүлээн авч, холбогдох хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэлээ.

Хүний хөгжил сангийн тухай хуульд зааснаар төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан нь төрийн өмчийн оролцоотой бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүн байхыг хориглодог.

Г.Тэмүүлэн нь 2009 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. 2014 оны 12 дугаар сараас Уул уурхайн дэд сайдаар томилогдож, 2015 оны 4 дүгээр сард МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм.

Иймд компанийн ил тод, хариуцлагатай сайн засаглалын зарчим болон улс төрийн ёс зүйн хүрээнд Г.Тэмүүлэн нь өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зүгээс тус хүсэлтийг хүндэтгэн үзэж “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн болно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт хамт олны зүгээс Г.Тэмүүлэнгийн цаашдын улс төрийн замналд амжилт хүсч байна” гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top