МАН Тавантолгойн гэрээг хэлэлцэхийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж тус намын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлэг тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Тэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавиад байсан. Энэ дагуу маргааш болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар уг тайланг сонсох аж. Энэ сонсголын үеэр МАН-ын бүлэг тэтгэврийн шинэчлэлийн талаарх бодлогууд, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, түүний зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой санал, санаачилгууд гаргаж, байнгын хорооны тогтоол гаргуулахаар болжээ. Мөн хуралдаанаар Засгийн газрын тэргүүний баасан гарагт танилцуулах мэдээллийн талаар хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногийн баасан гарагт татварын багц хуулийн төслүүдийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийх юм.

Засгийн газраас өргөн мэдүүлээд буй татварын багц 11 хуулийн төсөлд МАН засаг барьж байх үед санаачилж, батлахаар ажиллаж байсан цөөнгүй хууль байгаа аж. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Эдгээр өргөн барьсан 11 хуулиас 5-6 нь МАН-ын засаг барьж байх үедээ өргөн барьсан хууль байгаа. Мөн өнгөрсөн хугацаанд бидний өргөн барьсан НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1 хувь болгох гэх зэрэг олон хуулиуд ч бий. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ өнөөдрийг хүртэл огт хэлэлцэхгүй байна. Тиймээс бид энэ хуулиудыг хэлэлцэхийг Ерөнхий сайдын мэдээллийн үеэр шахаж, шаардана” гэв.

Мөн тус намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнгөрсөн онд хүн амын орлогын албан татварт 1.2 их наяд төгрөг төвлөрсөн байна. Энэ бол улсын нэгдсэн төсөвт ороод явдаг. Үүнийг нийгмийн тодорхой асуудлыг шийдэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, боловсролын сан болон орон сууцны фонд үүсгэх чиглэлд байршуулах хэрэгтэй гэж үзэж байгаа” гэсэн юм.

Энэ долоо хоногт УИХ-аар Тавантолгойн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар МАН ямар байр суурьтай байгааг сэтгүүлчид тодруулсан юм. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар “Бид эхнээсээ байр сууриа илэрхийлж байсан. УИХ-ын хараа, хяналтан дор, олон нийтэд ил тод, нээлттэйгээр асуудлыг хэлэлцэж шийдэх ёстой. Энэ байр суурин дээрээ байгаа. УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь мэдээж дэмжих ёстой. Үүний дараа хэлэлцүүлгийн явцад ард түмэн, Монгол Улсад ашигтай байдлаар энэ гэрээг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлд МАН анхаарч ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 30

Таван толгойг хөдөлгөх нь туйлын зөв Түүнийг ард түмэн дэмжээд өгөх хэрэгтэй Олон хүн ажилтай орлоготой болно Эдийн засаг сайжрана Дэмжиж байна

0  |  0
Top