Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хуулиар хаалт тавих байх

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн УИХ-ын тогтоолын төслийг ирэх баасан гаригийн чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийн талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөөнд чөдөр болсон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-т хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн заалт тусгагджээ. Тухайлбал, сонин, телевиз авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулахыг үүрэгдсэн байна?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол өөр. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж үүрэгжүүлж болохгүй.Тулган хүлээлгэх, үүрэгжүүлэхээс илүүтэйгээр ийм соёл бий болгохыг уриалж, шаардаж, харилцан тохиролцсон байдлаар хийх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбар бол жижиг зах зээлд ашиг багатай ажилладаг. Эрсдэл өндөртэй салбар учраас их хэмжээний эфирийн цаг, сонины зай талбайг үнэгүй мэдээллээр дүүргээд байх юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хөгжиж, дэвжих зам нь хаагдана гэсэн үг.

-Авлигын эсрэг мэдээ, мэдээллийг нийтэл гэж байгаа ньяваандаа төрийн байгууллагын бүх мэдээ тайланг үнэ төлбөргүй нийтэд түгээ гэж тулгах бололтой?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр, гамшиг тохиолдсон онцгой байдлын нөхцөлд хэвлэлүүд сайн санааны үүднээс нийтэд түгээх соёл байх ёстой. Харин тэрийг төрөөс албажуулж, үүрэгжүүлнэ гэдэг бол ойлгомжгүй асуудал л даа. Энэ нь өөрөө салбарын хөгжлийн явцад зайлшгүй бий болох ёстой соёл болохоос хуулийн дарангуйллын аргаар шийдэх асуудал биш. Хуучин тэр даргын илтгэлийг тавь гээд долоо, найман хуудас материал сонинд өгчихдөг байсан. Тэрэнтэй ялгаагүй юм болоод хувирчихвал утгагүй. “Та нар үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй,тиймээс баярын хурал дээр тавьсан манай даргын илтгэлийг нийтэл” гээд сонинд хоёр нүүр материал нийтлэхийг тулгавал эдийн засгийн хувьд хохирол хүлээнэ, борлуулалт муудна. Үүнд бас уян хатан хандах ёстой. Тэрнээс төрийн мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэгүй цацна гэвэл бүтэхгүй. Манай салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэх байх гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгохыг төсөлд тусгасан байна. Хэрэв бүх гэрээ ил болчихвол хэвлэлтэй гэрээ байгуулах аж ахуй нэгж, хувь хүн олдохгүй байх?

-Үүнд наанатай, цаанатай хандах болов уу. Мэдээлэл сурталчилгаатай холбогдсон төсвийн гүйцэтгэл, байгуулсан гэрээг ил тод болгох заалт Шилэн дансныхаа хуулиар хүссэн ч хүсээгүй хэрэгжээд явах ёстой. Тиймээс төрийн байгууллага болоод хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын байгуулсан гэрээ нь ил тод байх зарчим нь зүйтэй. Бидний, иргэдийн татвараас бүрдсэн төсвөөр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ гэрээг шударгаар байгуулахын тулд сонгон шалгаруулалт зарладаг, шаардлага хангасан үнэхээрийн топ гэсэн нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байгаа ХМХ-үүд гэрээг ил тодоор гүйцэтгэдэг тогтолцоо байх юм бол хэн хэндээ харгүй, хариуцлагатай байх.

Тэгэхээр бидний зайлшгүй хянах ёстой хэсэг бол төр. Харин хувийн хэвшлийнхэн, иргэд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлахын тулд ямар гэрээ хийснийг зайлшгүй ил тод байхыг шаардаад байх зүйл биш. Үүнд хэтрүүлэн хичээх гэдэг юм харагдаад байна. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байхыг тодорхой болгох нь чухал. Харин хувийн хэвшлүүд ямархуу харьцаатай байх нь төрд тийм ч чухал биш. Үүнийг хуульчлан баталгаажуулаад байх албагүй. Энэ өөрөө бизнесийнхээ, нийгмийн хариуцлага гэдэг утгаар хэрэгжээд явчих ийм асуудалд дахин дахин бичиг цаас болгож, давхардуулан хүндрэл үүсгэдэг байдлаасаа татгалзсан нь дээр.

-Хэвлэлийн салбарын хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлана гэж төсөлд заажээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Нээлттэй зарлахад аймшигтай юм байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны сайт руу ороод харахад телевизийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулагчдын хувь оролцоо, овог, нэр, хаяг гээд бүгд тодорхой байгаа. Ингэлээ гээд телевизийнхэнд харш нөлөө үүсч, бизнест нь хохирол учирсан юм огт байхгүй. Энэ бол зүгээр л соёлын асуудал. Монгол бол жижигхэн. Бүгд нээлттэй л байдаг шүү дээ. Ач холбогдолтой ч юм биш. Үүнийг хэлэлцээд байх шаардлага алга. Зүгээр л явдаг журмаар нь явмаар байна.

-Ер нь аливаа бизнес итгэлцэл дээр явагддаг. Тиймээс итгэсэн хүнтэйгээ хамтарч, хөрөнгө оруулдаг. Үүнийг нь хэвлэлүүд ил болгоод зарлачихаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурах юм биш үү?

-Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн барууны том зах зээлтэй орнууд шиг тэрбумтнууд төрчихсөн, монопольдоод байгаа юм алга. Зүгээр л оршин тогтнох гэж оролдсон, хичээсэн, энэ мэргэжилд хайртай, дуртайдаа үйлээ үзэж байгаа нэг хэсэг байна. Үүнийг босгочих юм сан гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан, одоо эргэж буцахаасаа нэгэнт өнгөрчихсөн учраас тэр чигээрээ зүтгэж байгаа хэсэг ч байна. Мөн мундаг чухал салбар гэж бодож орж ирээд ямар адармаатай хэцүү болохыг нь ойлгочихоод яаж ч чадахгүй байж байгаа хэсэг бас байна. Хэвлэл мэдээллийн салбар эмзэг байгаа. Ялангуяа 2014 оны эдийн засгийн хямрал манай салбарт маш хүндээр туссан. Төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Өөрийн гэсэн яам байхгүй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үндсэндээ энэ салбарын яамны үүргийг гүйцэтгэж байна. Өөрийн мөнгөгүй төрийн бус байгууллага. Ийм байгаа нөхцөлд янз янзын хаалт хоригоор битгий дарамт болоосой гэж хүсч байна. Дарамт хангалттай байгаа. Өнөөдөр эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг болсон. Үүнд төр засаг анхаарлаа хандуулахгүй байгаа мөртлөө зүгээр мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд явж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажллаж байгаа учраас эрх ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн ийм байдлаар хандах нь утгагүй асуудал. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээчихсэн онцгой энэ бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй болгоно. Дахиад энэ салбар руу дорвитой хөрөнгө оруулалт ч орохгүй шүү дээ. Ер нь энэ салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хаалт хориг тавих байх даа.

-Үндсэн хуулинд хүн бүр тусдаа хуулийн этгээд байна гэж заасан.Гэтэл авлигатай тэмцэх тогтоолын төсөлд нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтооно гэж тусгасан байх юм...

-Энэ зүйл заалт өнөөдөр манайд үйлчлэхгүй. Яагаад гэвэл хэвлэлийн салбарыг 20 гаруй жил дандаа хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ авч явсан. Энэ салбарт угаасаа Монголын төдийгүй, дэлхий нийтийн жишгийг харахад гэр бүлийн бизнес явдаг. Мөн энд олон нийтийн бизнес явдаг. Бусад улс оронд болоод явж л байгаа юмыг бид өнөөдөр хязгаарлах гээд байгаа нь сонин биш. Хөрөнгө оруулагч угаасаа ашиг муутай, багтаамж муутай, энэ зах зээл рүү ялангуяа эдийн засгийн хямралтай өнөө үед хөрөнгө оруулна гэдэг байхгүйтэй адил болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, эрсдэлд хамгийн түрүүнд өртдөг эмзэг салбар. Гэтэл нийгэмд хамгийн хэрэгтэй чухал салбар байдаг. Нэгэнт төр мөнгө өгч дэмжээд, хэвлэл мэдээллийн салбарыг хөл дээр нь босгож чадахгүй юм бол тэртэй тэргүй аваад явж байгаа хувийн хэвшлийг оролдоод байх шаардлагагүй. Мөр мөрөөрөө л явцгаая. Төр нь төрөөрөө. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээрээ. Өнгөрсөн 25 жилд өчнөөн л ахиц ололт, сайн сайхан зүйл манай салбарт бий болж л байна. Мэдээж, салбар томорч байна, ач холбогдол нэмэгдэж байгаа учраас алдаа оноо, сүүдэртэй тал нь нийгэмд тод харагддаг. Бид бүхний өмнө нээлттэй ажилладаг. Тиймээс бидний алдаа оноо болгон нээлттэй байдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжлэх эрх нь ч иргэдэд нээлттэй. Шүүмжлэлийн бай болох боломж нь ч илүү. Ийм л орчинд бид ажиллаж байгаа. Төр дааж ажиллаж чадахгүйгээс хойш зөнд нь орхиосой гэж хүсмээр байна.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр удахгүй болох гэж байна. Манай улсын хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдсаар байна гэсэн судалгаа байдаг. Энэ салбарын гал тогоог хариуцаад явж байгаа хүний хувьд та бодлоо хуваалцахгүй юу?

-Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн бус байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2015 оны индексээрманайх 30 гаруй байраар урагшилсан. Тэрийг анзаарахгүй хойшилсон, ухарсан гээд байгаа нь зайлшгүй цаг хугацаа шаардагдсан хүнд асуудлууд байна. Тухайн үедээ шийдэгдээд, сайжраад явж байгаа зүйл байна л даа. Тэрнээс салбар бүхэлдээ болохоо байчихсан гэж хэлэхгүй. Олон сэтгүүлч ял аваад л айдас хүйдэстэй байсан тэр үе ард үлдсэн. Одоо хэлье гэснээ хэлдэг, шүүмжилье гэснээ шүүмжилдэг боллоо. Төрийн зүгээс зохицуулалт, хязгаарлалт хийх гэж янз янзаар оролдож байгаа. Гэвч тэр болгонд дуу хоолойгоо сонсгох, эсэргүүцэх, ойлголцох боломжууд нь нээлттэй. Харьцангуй ойлголцоод, асуудлаа ойлгуулж чадвал энэ салбарыг эрх зүйн хувьд гайгүй аваад явах боломжтой цаг үе ирж байгаа. Хувь сэтгүүлч, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өөрсдийнх нь оролцоо чухал. Ялангуяа хууль тогтоох, шийдвэр гаргах үед та бидний дуу хоолой ойлгуулах, оролцуулах, эрх ашгаа урьдчилан хамгаалах нь чухал. Одоо яалт ч үгүй хэд хэдэн хууль дээр анхааруулах, тэр битгий хэл нэлээд болгоомжлуулах, хаалт хориг төслийн хэмжээнд явж л байна. Гэхдээ үүнийг бид цаг тухайд нь ойлгуулаад, байж болохгүй гэдгийг түвшин түвшинд нь авч явж болно. Мэдээж мэргэжлийн байгууллагын хувьд дуугүй байхгүй. Дүгнэлтээ гаргуулах, саналаа хүргүүлэх янз янзын арга хэмжээнүүд бий. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, сэтгүүлчид хүртэл өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэх байх. Тавдугаар сарын 3-ндасуудлаа ярьдаг. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой болох болохгүйасуудлыг дэлхий даяар шүүн хэлэлцдэг өдөр шүү дээ. Тийм учраас энэ өдрийг тохиолдуулаад манайхан салбар доторх чиглэл чиглэлийн асуудлаа хөндөн тавьж, дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top