Б.Оюунгэрэл: Төр хуулиар дарангуйлан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг устгахаар санаархаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Мэдээллийн сайтуудын ассоциацийн Удир­дах зөв­лөлийн гишүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүй хийх гэсэн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Ер нь хэвлэлийн эрх чөлөөг хумьж, боомилох гэсэн оролдлого хаа, хамаагүй хуулийн төслүүдэд хавчуулагдаад сэмхэн орж ирдэг болж?

-Манай улс ардчилсан нийгэмд шилжээд 25 жил боллоо. Сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хандсан олон хууль тогтоомж, тогтоол, шийдвэр удаа дараа гарч байгаа. Ардчилсан нам засаг барих хугацаандаа өөрсдийнхөө бий болгосон ардчиллыг үгүй болгож байгаад маш их харамсч байна. Өнгөрсөн 2014 онд гэхэдсайтуудын сэтгэгдлийг хориглосон журмыг Засгийн газраас гаргаж байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-үүд эсэргүүцсэний үр дүнд тэр тогтоолыг хүчингүй болгуулж чадсан. Дараагийн алхмууд нь Зөрчлийн тухай хуулиас улбаалаад одоо авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилсон тогтоолын төслөөр ороод ирлээ.Энэ утгаар ХМХ-үүдийн эрх чөлөөг боомилох гэсэн оролдлого хэдэнтээ гарч байна.

-МОНРТВ-ээс бусад ХМХ-үүд хувийн эзэмшлийнх. Тэр утгаараа төр хувийн бизнест халдаж байгаа хэрэг биз дээ?

-Төрийн энэ үйлдэл хэвлэлийн эрх чөлөөнд халдахын зэрэгцээ өмчийн асуудал давхар яригдана. Гэтэл нийт арилжааны ХМХ-ийг олон нийтийн статустай юм шиг байдлаар хуульчилж, тогтоол гаргаж өгч байгаань хэвлэлийн эрх чөлөөнд шууд утгаараа халдсан үзэгдэл. Төр хуулиар дарангуйлан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг устгахаар санаархаж байна.

-Авлигаас ангижрах гэсэн зорилготой УИХ-ын тогтоолын төсөлд ХМХ-үүд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй олонд түгээхийг үүрэгдсэн байна л даа. Үүнийг биелүүлэх боломж бий юу?

-Энэ тогтоолыг санаач­лагчид нь ХМХ-үүдийг олон нийтийн өмч гээд ойл­гочихсон бололтой. Хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг “Одоо та нар энэ материалыг тавь, ингэж бич, ийм зүйлийг нийтэл, тэр сэрэмжлүүлгийг түгээх ёстой” гэх маягаар албажуулсан тогтоол журам гарах юм бол хувийн ХМХ-үүд олон нийтийнх юм шиг болж харагдана. Яг энэ үүргийголон нийтийн статустай хэвлэлийн байгууллага биелүүлэх хуультай. МОНРТВ-д хуулийн дагуу соён гэгээрүүлэх үүрэг нь байж байдаг. Гэтэл арилжааны телевиз, сонинг авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй цацах ёстой гэдэг бол хүний өмч рүү шууд халдсан явдал болно. Хуулиараа ч ийм зүйл заалт байж болохгүй. Магадгүй нэг хүний дэлгүүрт ороод “Чи энэ дэлгүүртээ ийм талх зар. Харин энэ талхыг болохгүй” гэдэгтэй утга дүйцэхүйц болж байгаа юм.

-Иргэн, аж ахуй нэгжийн хэвлэлтэй байгуулсан гэрээг ил болгох ёстой гэсэн заалт мөн тогтоолын төслийн 4.8.6-д тусгагдсан байна л даа?

-Сүүлийн үед хэвлэлийнхэн төрийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг, хүмүүсээс мөнгө авдаг гэж маш их яригдаж байна. Дэлхий нийтэд ХМХ-үүд төр засагтайгаа хамтарч ажилладаг, тэдний гаргасан тогтоол шийдвэрүүдийг олон нийтэд түгээдэг. Энэ бол байдаг үзэгдэл. Өнөөдөр Шилэн дансны тухай хуулиар ХМХ-үүдийн яам, тамгын газруудтай байгуулсан гэрээ нийтэд ил байгаа. Гэтэл тухайн хэвлэлийн байгууллага болоод иргэн, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээг ил болгох асуудал компанийн нууц руу халдсан хэрэг болно.

-Мөн ХМХ-үүдийн хөрөнгө оруулагчдыг ил болгож, зарла гээд байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Өмнө ийм зүйл заалттай хуулийн төсөл явж байгаад татагдаж байсан. “Хэвлэлийн цаад эзэд бол улстөрчид байна. Хөрөнгө оруулагчид нь маш их мөнгө төгрөгтэй байна” гэдэг байдлаар эздийг нь ил болгох гэж оролдож байсан. Энэ заалт авлигаас ангижрах нэрээр дахиад л зүсээ хувиргаад ороод ирлээ. Өөрийн сонирхлоороо хэвлэл мэдээллийн салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүс байна. Гэтэл яагаад заавал хэвлэлийн байгууллагынхны цаана ямар хөрөнгө оруулагч байна, тэрийг ил болго гээд байгаа юм бэ. Бид бусад компаниудын адилаар татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бусад компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болго гээгүй мөртлөө зөвхөн хэвлэлийнхнийг оролдоод байгаа нь сонирхолтой. Тэгвэл уучлаарай, нийгмийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болгох хэрэгтэй. Өнөөдрийн зах зээлд иргэддээ эрх тэгш, хөрөнгө оруулагч нартайгаа компани үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээлгүй, бүгдэд нь тэгш үйлчилдэг хууль байгаасай гэж хүсч байна. Аливаа бизнес итгэлцэл. Тэр утгаараа хэн ч гэсэн итгэсэн хүндээ л хөрөнгө оруулна шүү дээ.

-Ер нь авлигын эсрэг нэрээрулс төрчид өөрсдийгөө тагнаж, чагнахын тулд хэвлэлийн салбарыг золиосолж байгаа бололтой юм?

-Төр бусад компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болгохыг шаарддаггүй хэрнээ зөвхөн хэвлэлийн салбарыг цаад эздээ зарла гээд байдаг нь цаанаа өөр ашиг сонирхол байгааг харуулдаг. Үнэхээр Монголд бүх компанийн эзэд ил тод байх ёстой гэдэг хууль гарсан бол хэрэгжүүлж болно. Гэтэл улстөрчид өөрсдийнхөө сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хэвлэлийн салбарыг агнаж байна.

-ХМХ-үүдийн эзэд буюу хөрөнгө оруулагчид нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод нөлөөлөхгүй байхыг энэ тогтоолын төсөлд тусгасан. Барууны өндөр хөгжсөн улс орнуудад энэ заалт үйлчилж болох. Харин манайх шиг жижиг зах зээлтэй улсад ийм хууль үйлчлэхгүй гэдэгт хэвлэлийн мэдээллийн салбарынхан санал нэгтэй байдаг?

-Яг тийм. Жишээлбэл, би барилгын компанийн хувьцаа эзэмшигч байя гэж бодъё. Мэдээж, компанийнхаа үйл ажиллагаанд оролцоно. Нэг барилга барилаа гэхэд хэдэн давхар байж, ямар үнээр борлуулах, хэдий хэмжээний талбайтай байх зэрэг бүх зохион байгуулалтыг хувьцаа эзэмшигчид оролцож байж шийддэг.Тэрнээс би ямар ашиг хүртэх нь ойлгомжтой болно шүү дээ. Хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаад явж байгаа хүн үүнтэй л ижил. Гэтэл тэднийг өмчдөө санаа тавьж, анхаарал хандуулж, удирдах эрхгүй болгох гээд байгаа нь хачирхалтай. Ардчиллын үнэ цэн нь хүн өмчтэй байх шүү дээ. Гэтэл энэ өмчтэй байх эрх рүү төр халдаж байна. Нөгөө ардчилал, хүний эрх чөлөө, үнэт зүйл хаана байна вэ. Компани байгуулаад, тэнд хөрөнгө оруулж, цаг зав, залуу насаа, бүх амьдралаа зориулж байгаа ямар ч хүн үйл ажиллагаагаа удирдаад, бодлогоо тодорхойлоод явах нь зүйн хэрэг. Гэтэл яагаад үүнийг нь буруутгаж, цензур тавьж, хөөх гээд байгаа юм бэ. Ямар ч компани өөрийн гэсэн засаглалтай, дотоод журам гэж бий. Хөрөнгөө гаргаад компаниа удирдаад явж байгаа хэвлэлийн байгууллагын эзнийг бодлогоо тодорхойлж болохгүй гэдэг хэрнээ хариуцлага хүлээлгэх асуудал яригдахаар тэдэн рүү л хамаг бурууг тохдог шүү дээ.

-Нэгдмэл үзэл бодолтой хүмүүс хамтрахгүй гэсэн санаа энд яваад байгаа л даа. Тухайлбал, таныг нөхөртэйгээ хамтарч хэвлэлийн байгууллагыг удирдах эрхгүй, гуравдагч этгээд байх ёстой гээд байна. Үндсэн хуулиар хүн бүр хуулийн этгээд байх ёстой гэсэн заалт зөрчигдөж байх шиг...

-Энэ бол Үндсэн хууль болоод хүний өмчлөх эрхийн хуультай ч зөрчилдөнө. Бүх хуулиудын эцэг Үндсэн хуулийг байхгүй болгох ийм заалт оруулж ирээд байх юм бол Үндсэн хууль байхын хэрэг юу байна вэ. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ салбарт олон жил ажилласан хүн сонирхлоороо санаа нийлсэн ойр дотнынхоо хүмүүстэй итгэлцэл дээр тулгуурлан компани байгуулах нь гэмт хэрэг гэж үү. Үгүй ээ, энэ бол Үндсэн хуулиар олгогдсон миний эрх. Би хэнтэй хамтарч, ямар компани байгуулаад, ямар үйл ажиллагаа явуулах нь мэдээж хуулийн дагуу байх ёстой. Гэтэл одоо “Чи нөхөртэйгээ, дүүтэйгээ хамт нэг байгууллага удирдаж болохгүй. Энэ найзтайгаа их ойр дотно юм байна, хамтарч ажиллахыг чинь хориглоно” гэж өмчөө эзэмшиж, удирдах эрхийг минь хуулиар хорьж цагдаж болохгүй. Хувийн хэвшлийн ХМХ бол бусад бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай адилхан. Тэгсэн атлаа нийгэмд хүлээсэн үүргээрээ тэднээс ялгардаг онцлогтой. Тэр нь мэдээж, нийгмийн өмнө хүлээсэн соён гэгээрүүлэх үүрэг. Энэ үүргээ хэвлэлийнхэн хуульчилсан, хуульчлаагүй ухамсарлаад, биелүүлээд явдаг. Хаана гал гарч, аюул болов, хэнд тусламж хэрэгтэй байгаа тэр бүгдэд хэвлэлийн салбар түүчээ болдог. Бусад салбарынхныг бодвол хамгийн хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг. Хагас цэрэгжсэн байдалтай, өглөө, орой, баяр ёслол гэхгүйгээр ямар ч үед байнгын бэлэн байдалд зогсдог хүмүүс шүү дээ, хэвлэлийнхэн. Уг нь ардчилсан нийгэмдэнэ салбарын эрх чөлөөг боомилохоос илүүтэй, ХМХ-ийг яаж санхүүгийн хувьд хараат бус байлгах уу гэдэгт анхаарлаа хандуулж ажиллавал дээр сэн. Дэлхийн улс орнуудын жишээг хар л даа. ХМХ-үүдээ санхүүгийн хараат бус болгохын тулд маш олон төрлийн татвараас чөлөөлсөн байдаг. Эргээд тэр ньХМХ хэн нэгний халаасанд орж, худалдагдахгүй гэсэн үг. Гэтэл манай төрсанхүүгийн хувьд улам хумьж, хараат болгож, олон янзын хуулиар төрийн эрх мэдэл рүү аваачиж, хүссэнээрээ хэвлэлийг хөдөлгөх гээд байна. Социализмын үед даргын илтгэлийг яг тэр чигээр нь бич гэдэг байдал руу буцаад орж байна шүү дээ.

-Уг нь авлигатай тэмцэх энэхүү тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг нь дэмжээгүй. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэн нь ч хэвлэлтэй холбоотой заалт орсон тухай ам нээгээгүй. Гэтэл дунд нь ийм ноцтой заалтууд явж байсан нь таны дээр хэлсэн шиг ёстой зүсээ хувиргаад ороод ирнэ гэдэг болжээ?

-Ер нь бол ийм зальжин зүйл яваад байгаа. Зөрчлийн тухай хуулийг гэхэд хэвлэлийнхэн анзаарахгүй. Гэтэл дунд нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хоёр гурван заалт шигтгээд өгчихсөн. Харин энэ удаад авлигатай холбоотой хууль тогтоомж гэнгүүт хэвлэлийг баалж, хавчсан заалт байх жишээний. Ийм зальтай аргаар дундуур нь хэвлэл рүү дайрсан хуулийн зүйл заалт орж ирээд батлагдвал хэвлэлийн салбар мөхөх аюултай. Мэдээж, хэвлэлийн эрх чөлөөний хуулиар ямар зүйл заалт явж байгааг энэ салбарынхан маань бүгдээрээ анзаараад хараад сууж байгаа. Гэтэл шал өөр статустай байгууллагын тэс хөндлөн хууль дунд хэвлэлд халтай заалт оруулаад ирж. Авлигатай тэмцэхэд хэвлэлийг цензурдах шаардлагатай гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Авлигатай арай өөр аргаар тэмцэх ёстой. Нэн түрүүнд иргэдээ соён гэгээрүүлэх гэж хамгийн том ажил байна. АТГ соён гэгээрүүлэх ажлаа хэрхэн хийж байгааг иргэд сайн мэднэ. Гэтэл авлигаас ангижрахын тулд өөрсдийнхөө үндсэн үүргийг сайн биелүүлээгүй мөртлөө хөндлөнгийн мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хэвлэлийн байгууллага руу чичилж, дотоод үйл ажиллагаанд нь хуруугаа дүрнэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Зөрчлийн тухай хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөг хумих гэж оролдсон хэд хэдэн ойлгомжгүй заалт орсон байна лээ?

-Энэ хуулийн төслийн 10.4.3-т "...мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ" гээд заачихсан байна лээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг төлбөртэй мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм хийж болохгүй ээ гэж хориглож байгаа хэрэг. Зар сурталчилгааны бус нийтлэл гэдгээ яаж тайлбарлах, тооцооны нэгжээ яаж үнэлээд байгаа нь ойлгомжгүй юм. Мөн хуулийн 10.4.1-т "сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ" гэж заасан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Хувийн өмчийн үйл ажиллагаанд төр дахиад л шууд хутгалдан орж байна. Бас дуртай шийдвэрээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээр хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна. Хэрэв гал ус, байгалийн гамшгаас олон нийтийг сэргийлсэн мэдээллийг хэлж байгаа бол түүнийг хуульчлах шаардлага байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө хамгийн түрүүнд дуугарч ирсэн. Ийм зүйлийг хуульчилдаг улс орон гэж байхгүй.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тун удахгүй болох гэж байна. Салбарынхан маань эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгээсэй гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа уриалсан.

-Тийм шүү. Тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Хэвлэлийн индексээр Монголын хэвлэл мэдээллийн салбар нэлээд хойгуур жагсдаг.

Хагас эрх чөлөөтэй орны тоонд байдаг. Нэг байр урагшилдаг, хоёр байр ухардаг. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байгаатай холбогдуулаад хэвлэл рүү дайрсан тогтоолын төсөл, хуулиуд төрж байгаад маш их харамсч байна. Үүнийг ХМХ-үүд анзаарч байгаа байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usku(202.131.242.237) 2015 оны 05 сарын 11

bid nariin songoson ardchilsan namiinhan bol zugeer l hulgaich nar bolhoos bish ardchilagchid bish baijee.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
hh(182.160.4.54) 2015 оны 04 сарын 29

jinhene ardjlal hugjih boloogui bnaa taa nar uursduu sain temtseh hergtei teg baij amjiltand hurn zugeer heleed suuwal yuj bolohgui hooson ug boln

0  |  0
Top