Л.Жавзандолгор:33 жил ажилласны бараг 15 жилд нь вагонд амьдарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Сайхан хүний тухай сайхан түүхийг бичнэ гэдэг сайхан. Ийм л сайхныг бид уншигчидтайгаа хуваалцахаар “Гурван саяын нэг” булангаа хүргэдэг билээ. Энэ удаа ч бид эгэл даруухан ажиллаж амьдарч, өөрийн гэсэн өнгө будагтай амьдралын түүхээ тод томруунаар бүтээж яваа нэгэн сайхан бүсгүйг та бүхэнтэйгээ уулзуулахаар “Гурван саяын нэг” буландаа урьсан юм. Түүнийг Лхамсүрэнгийн Жавзандолгор гэдэг. Улаанбаатар дахь суудлын вагон депогийн наймдугаар цувааны үйлчлэгч.

Вагоны үйлчлэгч гэдэг харахад сайхан хэрнээ яг гардаж аваад хийх юм бол нэлээд тэсвэр тэвчээр, ажилсаг чанар шаардах амаргүй ажил. Энэ ажил мэргэжлийг эзэмшин, энэ л мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаа нэгэн сайхан хүмүүнийг “Гурван саяын нэг” буландаа урьж, уншигчидтайгаа уулзуулахыг зорьсон бид  Улаанбаатар дахь Суудлын вагон депогийн орлогч дарга Б.Юлхарсүрэнд хандаж, вагоны үйлчлэгч сайхан бүсгүйчүүдээсээ хамгийн олон жил ажиллаж байгаа, ажил мэргэжилдээ эзэн болсон нэгэнтэй нь уулзуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьсан билээ. Б.Юлхарсүрэн дарга ч бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авснаар түүний өрөөнд очиход дүрлэгнэсэн алаг нүдтэй сайхан инээмсэглэсэн эгч сууж байсан нь бидний өнөөдрийн зочин Л.Жавзандолгор байлаа. Б.Юлхарсүрэн дарга ч “би дөнгөж л та бүхний зорилгыг танилцуулаад сууж байлаа, та бүхэнд өөр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй” гэсээр биднийг танилцуулав. Энэ өдөр Жавзандолгор эгч амарч байгаа ч нийтийн цэвэрлэгээнд оролцох ёстой гэсэн учир маргааш нь гэрт уулзахаар цаг тохироод салсан юм. Болзсон өдрөө болзсон цагтаа тэднийхийг зорилоо. Амгалан өртөөний зүүхэн хойно байрлах гэр хорооллын дунд орших жижигхэн цагаан байшинд тэрээр насаараа амьдарч байгаа аж. Анх энд хашаа хороо ч үгүй цөөхөн хэдэн байшин л байдаг байсан гэнэ. Хойд төв зам хүртэл ямар ч айлгүй, зэлүүд гэж хэлж болохоор газар байж. Харин одоо манайхыг олоход амаргүй болоод байгаа юм хэмээн инээмсэглэсээр Жавзандолгор эгч угтлаа.

ВАГОН ГЭДЭГ МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР

-Вагоны үйлчлэгч гэдэг энэ мэргэжлийг анх яагаад сонгох болсон юм бэ. Жагсаалтаар таарсан хуваарь нь энэ үү, эсвэл?

-Би чинь Завхан аймгийн Отгон сумын хүн. 1971 онд сумынхаа сургуульд ороод 1981 онд аравдугаар ангиа төгсч байлаа. Аравдугаар ангиа төгсөөд уг нь гадаадын ТМС авах гэж байсан юм. Гэтэл гадаадын уул уурхайн ТМС-д эмэгтэй хүүхэд явуулахгүй ээ гэсэн. Тэгсэн чинь манай ангийн охид төмөр замын ТМС гээд их гайгүй ТМС цаана чинь байна, хараа гайгүй, бие хаа гайгүй хүүхдүүдийг авч байна. Хараа л тэнцдэггүй юм билээ гэж хэлэхээр нь очсон чинь “өө авна, авна” гээд л авчихсан. Ингэж л вагон гэж юу байдгийг, төмөр зам нь ч хаана байдгийг мэдэхгүй Төмөр замын ТМС-д орж байлаа даа. Ороод нэг жил суралцаад л 1982 онд вагоны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Сурч байх хугацаанд анх вагонтой танилцуулахад цай дагалдуулж өгдөг сахараасаа авахуулаад бүх юм нь гоё санагдаад л, би чинь ямар гоё юманд орчихсон юм бэ гэж бодож байсан. Тэгээд л ТМС-ээ онц төгсөөд шууд ажилчин болохыг яарсан даа. Уг нь ТМС-ээ онц төгссөн болохоор чамайг полийн дээдэд шууд авна шүү дээ гэхэд нь “үгүй, үгүй ажилчин болох минь” гэсээр ажил дээр гарч байлаа.

-Яагаад ажилчин болохыг тэгтлээ яарсан юм бэ. Ажил нь гоё санагдсан болохоор тэр үү?

-Ажил нь ч гоё харагдаж байсан. Би чинь олон дүү нартай. Тэднийгээ тэжээх ч асуудал байсан. Тийм учраас бушуухан л ажилчин болохыг хүсч байлаа. Анхныхаа цалинг авна гээд бөөн баяр л ажилдаа орж байлаа. Хувцас хунар нь ч, ажлын байр нь ч гоё, хүмүүсийг буулгаж, суулгаад л явна гэж бодсон болохоос биш цаана ямар юм бэ гэх нарийн ширийнийг нь мэдэхгүй л орж байлаа. Гэтэл нойлтой, нүүрс түлдэг, хүмүүс загнадаг гээд нэлээд хэцүү ажил болж таарсан. Тэгээд одоо яахав нэгэнт зорьсон юм чинь гээд л зүтгэсэн дээ.

-Мэдээж хэцүү болгоныг нь мэдэлгүй орсон болохоор эхний гараанууд амаргүй байсан биз?

-Эхний гараанд нэлээд айж байсан. Шууд нийтийн вагонд гарсан юм. Билетийг нь шалгаад, хүмүүсээ оруулаад суулгачихлаа. Тэгээд л зааландаа гараад цайгаа зарах гэсэн чинь заал дүүрэн хүмүүс бүгд намайг хараад байгаа юм шиг санагдаад явж чаддаггүй. Нөгөө үйлчлэгч маань болохоор чи цайгаа зарж сур, яв гээд болдоггүй. Тэгээд яалт ч үгүй цайгаа бариад явсан даа. Тэр үед цай 25 мөнгөний үнэтэй. Хүмүүс ч их цай авдаг байсан. Сүүлдээ айж, ичих нь гайгүй болоод бригаддаа хамгийн их цай зардаг нь болсон. Тэр үед цай, сахарын шимтгэл гэж өгдөг байсан юм. Тэрний хамгийн ихийг нь би авдаг байлаа. Ингэж л ажлын гараагаа эхэлж байлаа. Сайхан байсан даа. Залуу ч байж. Хүн хүрэлцэхгүй вагонд зургаа хоног ганцаараа явах үе ч байлаа. Явах л ёстой, миний л ажил гээд явдаг байлаа. Ажирдаг ч үгүй байж. Аль болох юмаа хурдан амжуулахыг л бодно. Хурдан хөдөлгөөнтэй байж л энэ ажлыг амжуулах юм байна, удаан хөдөлгөөнтэй хүн энэ ажлыг хийхэд амаргүй юм байна гэдэг үүднээс би ажлаа гялалзуулдаг л байсан гэж боддог. Одоо тэр үеэ арай гүйцэхээ больсон байна лээ. Гэхдээ ажил гарт орчихсон болохоор ажлаа цагт нь амжуулаад л байдаг юм.

-Анх ажил дээр гарахад мэдэхгүй, чадахгүй зүйлээсээ болоод насан туршдаа мартахгүй хөгжилтэй дурсамжтай болж үлдэх нь бий. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

-Тохиолдолгүй яахав. Анх Янжив гэдэг эгчтэй дадлага хийгээд явж байсан чинь “Миний хүү пастель аваад ир” гэдэг юм байна. Би тэрийг нь хайгаад хамаг шүүгээ савыг нь онгичоод олдоггүй ээ. Пастель гэдгийг нь би чихэр гэж ойлгоод, надад юмуу, хүмүүс чихэр өгдөг юм байхдаа гэж бодоод л чихэр хайгаад байдаг. Гэтэл тэр нь хүмүүст өгөх өгөхөөр нь уутлаад тавьчихсан ор дэрний цагаан хэрэгсэл байдаг байхгүй юү. Одоо цагаан хэрэглэлээ тарааж өгөх болгонд ингэж хөглөж байж билээ гэж боддог юм.

Шинэхэн үйлчлэгчид

-1982 онд ажилд орсон гэхээр вагоны үйлчлэгчээр 33 жил ажиллаж байгаа байх нь ээ. Энэ 33 жилийн хэдэн жилийг нь вагонд өнгөрүүлсэн бол, багцаагаар?

-Хүүхдүүдээ гаргаад хоёр, гурван жил гэртээ байсан байх. Бусад үед нь байнга л явж, ирээстэй. Барагцаагаар бараг 15 жилд нь вагонд амьдарчихсан юм байна шүү. Вагон гэдэг миний хоёр дахь гэр шүү дээ. Хэчнээн ажлын байр ч гэлээ унтаж амарч, ууж идэж байгаа юм чинь миний гэр л гэсэн үг. Бүүр дасчихсан. Амралтаараа ч хичээл сургууль, сонсгол, суботник гээд олон нийтийн ажилд байнга оролцоно. Эргэж цуглах ажил бидэнд олон шүү.

ЯВААД Л, ЯВСААР БАЙГААД Л ТУУЛЧИХСАН АМЬДРАЛ

Түүний ханийг Цэрэнхандын Болдбаатар гэдэг. Зүтгүүрийн депогийн машинист байсан хүн юм. Мөн л төмөр замын хүн гэсэн үг. Одоо ч тэндээ ажиллаж буй. Жавзандолгор эгчийн хувьд ангийнхаа охидыг дууриан вагоны машинч хүнтэй суухгүй ээ гэдэг байсан ч яг л машинч хүнтэй суучихсан юмдаа гээд инээнэ. Хоёулаа ийш тийшээ их явдаг ажилтай болохоор ар гэр хэцүүдэнэ гэдэг үүднээс вагоны машинчтай суухгүй гэж боддог байсан ч хувь заяа яалт ч үгүй ийм л амьдралыг түүнд бэлэглэсэн байна. Тэр хоёрын танилцсан түүх ч бас л вагондоо. Зүүнхараа юмуу, Чойроос ачаа хүргэж өгсөн машинч нар эргээд вагонд суун гэртээ харьдаг байж. Тийм нэг бригад тэдний вагонд суусан гээд байсан чинь нэг шовгор бор залуу орж ирээд залуухан үйлчлэгч бүсгүйгээс элдэв зүйл шалгаан явсан нь ирээдүйн нөхөр нь байсан гэдэг.

Үнэндээ байнга л замд явдаг ажилтай хоёр хүн нийлж амьдрахад хэцүү байгаагүй юү гэхэд Жавзандолгор эгч “Яах вэ дээ, яваад л, явсаар байгаад л амьдралыг туулчихсан байна шүү дээ. Заримдаа бид хоёр бүтэн сараар ч уулзахгүй явдаг байлаа шүү дээ. Би хойшоо Москвагийн суудалд 10 хоног явчихаад ирэхэд манай хүн томилолтод явчихаад ирэхгүй байсаар би буцаад явах болчихдог л байлаа. Тийм үед бичгээр л харилцана шүү дээ. Тэнд тийм юм тавьсан шүү, энд ийм юм байгаа гээд л бичиг үлдээгээд явна. Манай хүн хариуд нь биччихсэн л байна. Явуулын ажилтай, хүүхэд харах хүнгүй хэцүү үе байсаан байсан. Энэ хавийнхаа айлуудад л хүүхдүүдээ үлдээгээд явна. Идэх уух юмыг нь ахиухан үлдээгээд л явна. Энэ хоёр маань хавийнхаа хүүхдүүдтэй нийлж ууж, идээд л байж байдаг байлаа” хэмээн ярив. Харин охин Болорцэцэг нь “Нэг өдөр л жаахан хүүхэдтэй нэг хүн гэрт ирээд л амьдраад байсан. Тэгсэн нь тэр ээж байсан ш дээ” хэмээн хошигнов. Гэртээ бараг байдаггүй ээж нь дүүг нь гаргаад гэртээ байх болсныг хэлж байгаа нь тэр. Эднийх хоёр хүүхэдтэй. Том охин Болорцэцэг нь Чех улсад ажиллаж амьдарч байгаад саяхан иржээ. Харин хүү Билгүүн нь ЦЕГ ажилладаг юм байна. Болорцэцэг, Билгүүн хоёрын бага нас аав, ээжийнхээ зайгүй явдаг ажлаас болоод ёстой л хөрвийн аргаар өнгөрсөн гэж хэлж болно. Энэ тухай Билгүүн “Тэр үед одооных шиг интернэт, утас энэ тэр гэж байсан биш. Харин хөршийн холбоо их хөгжчихсөн үе байсан юм болов уу гэж боддог.

Одоо бол тийм юм байхгүй ш дээ. Энэ өрөөнд хүн алж байхад нөгөө өрөөнд байгаа хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг болчихсон үе. Тэр үед тийм сайхан байсан болохоор л бид хоёр хүн болчихсон юм болов уу гэж боддог ш дээ. Хөршийн хүмүүс ,өө тэрний хүүхэд байна, тэр чинь нээрээ ажилд гараад явчихсан ороод ир миний хүү гээд дууддаг л байсан байхгүй юү. Гэтэл сүүлийн 20 жил аминч үзэл их төлөвшсөн, хувийн л гэдэг юм их бий болж. Юм болгоныг хувьчиллаа, тэрэнтэйгээ цуг хүмүүсийн сэтгэлгээ ч хувийн болчихсон юмуу гэж боддог юм. Тэр үед бол ойр хавийнхан бүгд бие биеэ мэднэ, орж гарна. Мөн зурагт гэдэг зүйл ховор байсан. Тэгэхэд манайх зурагттай, энэ хавийнхан бүгд шахуу орж ирж бөөнөөрөө сууж кино үзнэ. Хэнд нь ч үгүй гэж хэлдэггүй, хэн нь ч боль гэж хэлдэггүй л байсан байхгүй юү. Гэрийн эзэд нь унтана уу байна уу хамаагүй, зурагтаа үзэж байгаад л өөрсдөө гараад гараад явчихна. Одоо тэгж бөөн хүн гэр оруулж ирээд хамаагүй байвал энэ гэрт юм үлдэхгүй ээ, бараг бүгд нэг нэг юм бариад гараад явчих байх. Тэр үед нэг талаараа тийм л сайхан байж дээ” хэмээн ярьсан юм.

ХӨДӨӨ ХАР БОР АЖИЛ ДЭЭР ӨССӨН БОЛОХООР БАРГИЙН ЮМАНД ШАНТАРЧ ҮЗСЭНГҮЙ

-Таныг ид ажиллаж байх үед эхчүүд хүүхдээ төрүүлээд л 45 хоноод ажилдаа ордог байсан. Та нар бас адилхан уу?

-Ер нь бол адилхан. Гэхдээ вагонд бол явахгүй л дээ. Өдрийн найман цагаар депо дээрээ ажилладаг байсан юм. Би том охиноо 1984 онд гаргасан. 45 хоног дээрээ хоёр сарын чөлөө аваад харж байсан юм. Тэгээд л найман цагийн ажилдаа орсон. Депо дээрээ заал цэвэрлэх гэх мэт ажлыг хийнэ. Үүнийгээ бид “шүүр бригад” гээд нэрлэчихнэ ээ /инээв/.

Ингээд зорчигчдоо суулгаад, замдаа гарна даа

-Тэгээд л орхиж явах ая даахтай болохоор нь вагондоо явж эхлэх үү. Гэхдээ л жаахан амьтадыг орхиод явахаар ирэхэд хөгийн л юмнууд байна биз дээ?

-Энэ муу хоёр маань халтайсан л юмнууд байна. Хамгийн их хаягдсан хүн бол миний том охин. Харин хүүгээ бол өөрийнхөө гараар өсгөсөөн. Жаахан бие муутай байсан юм.

-Гэтэл хүү чинь л хаяад явчихдаг байсан гэж гомдол мэдүүлээд байсан даа, түрүүхэн?

-Уг нь хаягдаагүй л хүн дээ. Хаягдсан гэж боддог юм байлгүй /инээв/.

-Ингэхэд вагонд жирэмсэн хүн үйлчлэгч хийгээд явна гэдэг амаргүй биз?

-Мэдэгддэггүй л байсан ш дээ. Тэгж хүндрэлтэй санагдах юм ер байгаагүй. Би чинь хөдөө хар бор ажил дээр өссөн болохоор баргийн юманд шантраад байдаггүй. Ер нь л туулаад гарна гээд л зүтгэчихнэ шүү.

-Тэгвэл хүүхдээ төрүүлэхэд чинь нөхөр чинь байсан уу, эсвэл бас л замд явж байсан уу?

-Эмнэлэг дээр бол байсан. Харин төрөхөд оруулж ирэх гэсэн чинь айж зугатаад орж ирээгүй. Ер нь их аймхай, зөөлхөн хүн л дээ. Хүүгээ өвдөөд эмнэлэгт хэвтээд тариа тариулах болоход хүүгээ тэврээд л уйлаад байна. Их өрөвчхөн. Манайх хоёр зээ хүүтэй. Би тэднийгээ хааяа тоншихоор өмөөрөөд сүйд болно. Бага зээ бол өвөөгийн алт л гэсэн үг. Сүүлдээ ч бид хоёр хүүхэд буруу эрхлүүлсэн хэрэгт л ороод байна даа.

Найз нөхдийн нандин бэлэг

-Тийм уяхан зөөлөн хүн анх хүүхэдтэй болоод маш их баярласан нь мэдээж. Яаж тэмдэглэж байв?

-Өө боломжийн. Найз нөхөд ирээд сайхан л байсан. Хүүхэд гэдэг гаруутаа хайр хүргэдэг гэдгийг хүүхэдтэй хүн болгон л мэднэ дээ. Миний хувьд аймаар аймаар авгайчуудтай төрсөн /инээв/. Хөхний толгой хагарчихаад байхад хөхнийхөө толгойг гартал хүүхдээ сайн хөхүүл, дараа нь эднийг хөхүүл гээд хүүхдүүдээ авчирч тавьчихна. Би сүү их сайтай байсан юм. Элэгний өвчтэй хүн хаана байна, тэрэнд сүүгээ саагаад л өгнө. Энэ хавийн хөлд орсон ороогүй хөрөв нялх юмнуудад сүүгээ саагаад л өгнө. Хүмүүс ч андахгүй, өө Жавзаа төрөөд гараад ирчихсэн үү, сүү ууна аа л гэнэ. Манай хөрш нэг эмээ байсан юм. Тэр эмээ өглөө болгон орж ирээд аяга сүү угаад л гарна.

-Та тэгвэл бүртгэлгүй л болохоос сүүний донор байсан юм биш үү?

-Цагтаа буян болж байсан байлгүй дээ л гэж боддог юм.

-Олон улсын вагонд явдаг байсных хүүхдүүдийнхээ хувцас хунарыг бол хойно, урдаас аваад ирнэ биз дээ. Эсвэл тэр үеийнхэн шиг оёж өгдөг байсан уу?

-Өөрөө сурагч байхдаа хувцсаа оёж өмсдөг л байлаа. Хүүхэд байхаасаа л айлын том болохоор дүү нарынхаа өмсөх хувцсыг зунжин оёж өнждөг байлаа. Ажилчин болоод ч ойр зуурынхаа юмыг оёчихдог байлаа. Харин хүүхдүүдийнхээ хувцсыг бол гаднаас аваад ирдэг байсан.

ЕР НЬ ЭЭЖ МИНЬ БАРАГ 22, 23 ЖИЛ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧИХСАН ХҮН

Ийнхүү ярилцаж суугаад хоёр хүүхдийг нь ярианд оролцохыг урьсан юм. Тэдний хүүхэд насны дурсамж гэгээхэн, бас хөгжөөнтэй.


Хүүхдүүдтэйгээ. Тэдэнд гэр бүлээрээ авахуулсан зураг бараг байхгүй гэсэн. Үргэлж л хэн нэгэн нь ийш тийш явчихсан таардаг гэнэ. Энэ өдөр ч гэрийн эзэн ажилдаа гарчихсан байсан юм.

Б.Билгүүн:-Би ерөнхийдөө ээжийгээ их санадаг байсан юм шиг байгаа юм. Хүрч ирэхэд нь тэгнэ, ингэнэ гээд л шүлэг, дуу цээжлээд л, энэ шүлгийг хурдан цээжилчихвэл ирнэ гээд л сууж байдаг байсан гэдэг. Ер нь тэгээд айлаар л байна даа.

-Б.Болорцэцэг:-Гадаа халтайсан юмнууд л байна. Тоглож тоглож гэнэт ухаан ороод дүүгээ чирээд гэртээ орно. Тэглээ гээд одоо буруутсан юм алга.

Л.Жавзандолгор:-Тэгээд намайг ирэхэд энэ хоёр чинь гэрээ цэвэрлэчихсэн, шалны алчуураа мушгиж дийлэхгүй устай нь шахуу тавьчихсан, нүүр гараа дутуу хагас угаачихсан, шанаа нь халтар хэвээрээ хоёр юм ширээн дээрээ идэх юмаа дэлгээд хоёр талд нь суучихсан, ерөөсөө гадаа гараагүй юм шиг л байна ш дээ/инээв/.

Б.Болорцэцэг:-Гэртээ их цоожлуулна. Гэрийн цонх маань төмөр тортой. Тэрүүгээр нь би зүтгэсээр байгаад гарчихна. Тэгээд тоглож, тоглож буцаад өнөөхөөрөө зүтгэсээр байгаад орж ирнэ. Уг нь мэдэгдэхгүй л гарч тоглоод байгаа нь тэр. Тэгсэн нь сүүлдээ баригдаад тор маань нарийсаад гарч тоглож чадахаа больсон.

Б.Билгүүн:-Би жаахан болохоороо поорчигондоо хүрэхгүй учир гарч чадахгүй орилоод л үлдэнэ. Тэгээд л цонхоороо хараад сууж байна даа.

Амарч байгаа ч ажилдаа дуудагдаад олддогүй олон өдрүүдийн нэг. Мод тарих ажилд. Хамгийн арынх нь Л.Жавзандолгор

Б.Болорцэцэг:-Бүүр жаахан байхдаа вагонд их явдаг байсан, аавтайгаа. Ойрхноор нь Зүүнхараа, Багануур их явна. Аав өртөө ойртоод ирэхээр л за чимээгүй байгаарай, энэ сигнал дээр дарж болохгүй шүү, аав нь гялс бууж орчихоод ирье гээд байхад л буунгуут нь сигналыг нь нарийн бүдүүн дээр нь ээлжилж дарж тоглоод л, дуудаад л.

Б.Билгүүн:-Би бол аавтайгаа сараар ч хамаагүй томилолтоор явчихна шүү дээ. Тэгээд хоёулаа нэг их ядарсан юмнууд ирнэ. Вагоны машинчийн өрөөнд урд нь нэг жижигхээн пульт байдаг юм. Одоо харахад жижигхээн их хөгийн юм байгаа. Тэрэн дээр ор засаад өгчихдөг, би багтчихдаг л байсан юм. Тийм багаасаа л явсан даа. Ер нь тэгээд ээж минь бараг 22, 23 жил нь Төмөр замдаа амьдарчихсан хүн шүү дээ. Арав хоног явж ирээд арав хоног амардаг байхад тэр амралтын цагтаа сонсголтой, цэвэрлэгээтэй, хурал цуглаантай гэж явсаар бараг л гэртээ байхгүй. Үлдсэн хоногуудад нь энэ хавиараа юм хийгээд ер зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Ер нь бараг гэрт харагдахгүй дээ.

Б.Болорцэцэг:-Ямар сайндаа би зургаан настай сургуульд орчихсон юм. Их жаахан байсан юм аа. Өвөл цас орчихоор буудал, гэр хоёрын хооронд явахад хэцүү. Хүний мөр дагаад явахаар алхам маань хүрэхгүй. Тэгээд уначихаараа босч чадахгүй, хүн босгочих байлгүй дээ гээд л хүлээгээд хэвтэж байдаг байлаа.Нэг их том шубатай.

Б.Билгүүн:-Тухайн үеийн хүмүүс их гайгүй байсан болохоор бид чинь нэгдүгээр ангиасаа л хичээлдээ өөрсдөө явчихдаг байлаа. Одоо бол хүүхдийг тэгж явуулж болохгүй болчихоод байна шүү дээ.

Л.Жавзандолгор:-Хүү их нийгмийн идэвхтэй. Цэцэрлэгтээ явна гээд эрт босчихно. Ээжээ цэцэрлэгтээ явья гээд орилоод амраахгүй, чи байж бай цаг нь болоогүй байна гэхээр өөрөө босоод явчихна. Цэцэрлэг нь энэ хойно зам гараад байдаг байсан юм. Манайх хамгийн захын байшин байсан. Хойшоо зам хүртэл ямар ч айлгүй хоосон. Тэгээд замын доогуур явган хүний гарцтай, тэрүүгээр асуудалгүй гараад  л явчихна. Энэ нээрээ аймаар хэнхэг, манай багшийнх нүүрсгүй байна нүүрс өг, манай багшийнх хоолгүй байна хоол өг, гутал нь муу байна нэг гутлаа өг гэнэ шүү дээ. Ерөнхийдөө ээжийн бүх юм байгаа даа. Дайчин чанартай. Миний хоёр хүү хийсэн ажлаа заавал дуусгаж ард нь гарна даа.

Ажилдаа гарахын өмнө даргын зөвлөгөөнд суух ёстой.

Халуун ам бүлийн сайхан яриа үүгээр дуусахгүй. Гэхдээ бүгдийг багтаах аргагүй учир өндөрлүүлэхээс аргагүй. Хүүхдүүд нь ээжийгээ их дайчин чанартай, сайхан энергитэй, эрч хүчтэй хүн гэж нэгэн дуугаар тодорхойлсон. Амьтанд хайртай учраас тэжээж үзээгүй амьтан бараг байхгүй гэсэн. Бас айлын хүүхдүүд ээж дээр минь ирэх дуртай байдаг юм, сайхан энергитэй болохоор нь тэр байх. Долоон дүүгээ долууланг нь хоолонд нь хүргэсэн хүндээ хэмээн ээжээр бахархаад авна лээ. Харин Жавзандолгор эгчийн хувьд “Сайн ханийнхаа буянд дүү нараа хоолонд нь хүргэсээн хүргэсэн. Манайд чинь дөрвийн дөрвөн оюутан суудаг байлаа. Тогоо дүүрэн хоол хийчихээд өөрөө идэх хоолгүй үлдэх үе ч байлаа шүү дээ. Зах зээлийн үед тэр бүгдийн ууж идэх өмсөх зүүхийг зохицуулах гэж надад хийгээгүй ажил байхгүй. Вагон хүртэл буулгаж байлаа. Гэхдээ хүүхдүүдээ юугаар ч дутаагүй ээ” хэмээн дурссан. Тэр үнэндээ амьдралд шантарч үзээгүй. Хаанаас нь гардаг юм бэ гэмээр тэр эрч хүч нь одоо ч дундраагүй, ажлаа хийсээр гялалзсаар л байна.

ВАГОНД ОРХИГДСОН ХҮҮХДИЙГ ВАГОНЫ ДАРГААР ОВОГЛООД, ОЛДСОН ГАРАГААР НЬ НЭРЛЭДЭГ БАЙЛАА

-Энэ олон жил вагоны үйлчлэгч хийхэд сайн, муу олон л үйл явдалтай учирч байсан биз. 33 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ?

-Олон л юм болно шүү дээ. Москва явж байхад вагонд хүн өнгөрч л байсан, хүн төрж л байсан. Хүүхдээ тавиад орхичих тохиолдол нэлээд гарна. Ялангуяа Сэлэнгийн Шаамарын ТМС-ийн оюутнууд хүүхдээ их орхидог байсан юм. Тэр үед манай дарга Пүрэвханд гэж хүн байсан юм. Тэр маань байнга л вагоны голоор шалгалт хийж явна л даа. Тэгээд тэр тавьчихсан хүүхдүүдийг олно. Нэг удаа бид хоёрын олсон хүүхэд аймаар арьсны бохирдолтой байсныг угааж цэвэрлээд л, түргэнийхэнд хүлээлгэж өгч байлаа. Вагоноос олдсон хүүхдийг Дархан дээр юмуу, Улаанбаатарт авчраад түргэн дуудаад хүлээлгэж өгдөг байсан юм. Тэгээд тэр хүүхдээ олсон галт тэрэгний даргаар нь овоглоод, олдсон гарагаар нь нэрлэнэ. Пүрэвхандын Даваа гэх мэтээр. Бид хоёр Шаамараас лав хоёр хүүхэд олж байлаа.

Аялалд гарах бэлтгэлээ базааж, ажлаа хүлээж авч байгаа нь

-Тэгвэл хэчнээн хүүхэд эх барьж авсан бэ?

-Пүрэвханд дарга бид хоёр нэг хүүхэд эх барьж авч байсан юм. Нэг купенд тусгаарлаж байгаад л эх барьж авч байсан. Тэр хүн маань дараа нь даргатай ирж уулзсан гэсэн. Хүүхэддээ Гантөмөр билүү, Ганзам гэсэн нэр өглөө гэсэн байсан. Ер нь вагонд төрсөн хүүхдүүдэд Гантай л нэр өгдөг юм. Тэр үед вагонд төрсөн хүүхдийг 18 нас хүртэл үнэгүй явуулдаг байлаа. Одоо бол эмнэлэг энэ тэр нь ч сүрхий болж, тийм тохиолдол тааралдахаа больсон шүү. Өвдлөө гэхэд ойрхон газрынхаа түргэнийг дуудаад л буулгачихдаг болсон ш дээ.

-Хамгийн их баярлаж байсан үе гэвэл?

-Анх ажилд ороод их цай зараад, оны эцэст бригадын аварга болж, шагнал авахдаа маш их баярлаж байсан даа. Би дандаа сонгуульт ажил хийдэг байсан юм. Эвлэлийн үүрийн дарга  энэ тэр гээд л. Тийм болохоор өөрийгөө дүгнэхээс илүү хүмүүсийг л дүгнэнэ. Ажлаа муу хийсэн бол Эвлэлийн үүрийн зүгээс анхааруулж хэлнэ, цалин мөнгөтэй нь ярина. Аль болохоор зөв замаар амьдралдаа алдахгүй байх, ажил дээрээ алдаа гаргахгүй байх, аливаад заавраа сайн цээжлэх, тогтоож авах талаас нь их зөвлөж хэлж өгнө. Тийм болохоор удирдах ажил хийж байгаа хүн өөрөө манлайлагч л байх хэрэгтэй. Лойдор байж болохгүй л дээ. Тэр утгаараа аварга болоод аягүй их баярлаж байсан. Наян хэдэн онд би дараалаад гурван ч удаа аварга болж байсан юм.

Үүнээс гадна миний ганц зорилго хүнд хэзээ ч муугаа үзүүлэхгүй байх. Би хүнээс илүү л явна, хийнэ гэж боддог байлаа. Гутал хувцсаа хүртэл цэмбэгэр нямбай өмсч явж байх ёстой. Тэгээд тэвхэлзээд явж байхад хүмүүс ч өөр ханддаг. Хэрвээ би бүр лойчихсон юм байвал миний үгэнд орох хүн байхгүй шүү дээ. Насаараа тийм л явахыг хичээсэн. Одоо ч манай бригадынхан ч мэддэг л байх.

-Тэгвэл бүр сонин зорчигчтой таарч байсан уу?

-Тааралгүй яахав. Нэг удаа л гэхэд Москвад явж байхад барилгын нэг байгууллагын харьяаны хүмүүс хойшоо шагналын журмаар Москвагаар аялах гээд явдаг юм. Тэр хүмүүс манай вагонд суугаад явсан чинь өглөө үүр хаяарангуут босчихно, хөдөөнийхөө заншлаар. Тэгээд ор дээрээ бүгдийг нь дээд талын тээшний хэсэг рүү хураачихаад шалдан местэн дээрээ сууж байна. Тэр сураагүй болохоор эвгүй харагдаад л “та нар наадахаа хураах хэрэггүй шүү дээ. Наанаа суугаад явах ёстой. Би хоёр хоноод цагаан даавууг чинь сольж өгнө” гэхээр “үгүй үгүй” гээд л хураагаад тавьчихна. За тэгээд ороо засна засахгүй гэсээр байгаад л нөгөө хэдтэйгээ Москва орлоо. Тэгсэн нь өнөө хэд маань эргэхдээ бас манай вагонд ирж таараад, Москва үзсэн талаараа яриад татаагаад хаячихсан. Яасан бэ гэсэн чинь,Москвад очоод дэлгүүр орсон чинь цагаан бохь байж гэнэ. Тэр үед бохийг цагаан бохь гэж нэрлэдэг, манайд бараг байдаггүй байсан юм. Тэгээд яахав нэг нь бохь аваад бусад нь дуурайгаад авах гэсэн чинь хэл нэвтрэлцдэггүй амаа ангайгаад зажилж үзүүлж гэнэ. Тэгж байж чүү чамай ойлголцож. Гэтэл нэг хэсэг нь буудлаасаа төөрчихөж. Буудлынх нь үүдэнд нэг морины хөшөө байж л дээ. Тэгээд хоорондоо ярилцаад  настайвтар хүнээс асуухаар болж, бас л хэл нэвтрэлцэхгүй учир гараа хавсран дэрлэээд, унтаж байгаа маяг үзүүлсэн чинь буудал гэж ойлгож байна гэнэ. Тэгэхээр нь буудлынхаа нэрийг хэлж мэдэхгүй юм чинь морь шиг янцгаагаад л чүү чүү гэж гэнэ. Өнөө хүн нь маш сайн ойлгоод буудалд нь хүргэж өгчээ.  Тэгээд дахиж ерөөсөө гараагүй гэж байгаа юм, төөрчихнө гээд. Харин наашаа явахынхаа өмнө дэлгүүрээр ороод бүгд үсний хайч авсан байна. Нэг нэгнээ дуурайгаад л авдаг бололтой юм. Тэгээд гаалиар гарах болсон чинь би хэлэхгүй юү, их хэмжээний цахилгаан барааг гаалиар гаргадаггүй юм шүү, ачаа бараагаа цэгцлээрэй гэж. Тэгсэн чинь өнөөдүүл чинь хогийн сав руу маань бүх хайчаа аваачаад хийчихсэн. Та нар энэ хайчнуудаа аваа, гэр бүлийнхэндээ авсан гэхэд болно оо гэсэн чинь авах хүн нэг ч байдаггүй. 20, 30-аад хайчтай болчихож байгаа юм чинь, би. Тэгээд гаалийн хүнээ орж ирэхээр нь хэллээ дээ, манай хүмүүс уг нь жуулчлалаар явж байгаа хүмүүс байгаа юмаа. Тэгээд цахилгаан бараа их бол гаалиар гаргахгүй гэсэн чинь бүгд хаячихлаа гэсэн чинь “За яахав яахав, энэ хүмүүс аргагүй л дээ. Та гааль гараад тараагаад өгчихнө биз” гэсэн. Гаалиар гараад хайчнуудаа аваарай гэсэн чинь бүгдээрээ уралдаж ирээд авч байгаа юм чинь, минийх цагаан нь, минийх улаан эрээн нь гээд л бужигнаад л... Тэгж нэг хэсэг сонин зорчигчидтой явж байсан юм.

Ер нь бол архи уусан хүмүүс л хэцүү байдаг. Өөр бусад ямар ч хүнтэй хэл амаа ололцоод явчихаж болно доо.

-Энэ хугацаанд та шавь бэлтгэж байв уу?

-Хорь гаруй шавь бий шүү. Зарим нь бараг тэтгэвэртээ гарч байна даа.

Ингээд л Эрдэнэтийн зүг хөдөллөө. Ирэх зургаан хоногийг вагондоо үднэ.

Бидний яриа ийнхүү өндөрлөлөө. Харин ярилцлага авсныхаа маргааш тохирсон ёсоороо зураг авахаар ажил дээр нь очиход тэрээр Эрдэнэтийн чиглэлд явахаар ажилдаа гарах бэлтгэлээ ханган, эмчийнхээ үзлэгт ороод ирж байлаа. Түүний ажилд гарах өглөө болгон ингэж эмчийн үзлэгт орсноор эхэлдэг.  Дараа нь галт тэрэгний даргын зөвлөгөөнд сууна. Бүрэн хувцсаа өмссөн үйлчлэгч нартаа галт тэрэгний дарга үйлчилгээнд явах үед юуг анхаарах, ямар зарчим баримтлах гээд бүх талын зааварчилгааг өгдөг юм байна. Үүний дараа үйлчлэгчид тус тусын вагондоо очиж өмнөх ээлжээсээ ажлаа хүлээн авна. Ингээд өдөржин цэвэрлэгээ, галлагаа энэ тэрээ бэлдсээр орой зорчигчдоо хүлээн авахад бэлэн болгодог юм байна. Л.Жавзандолгор эгчийн хувьд суудлын вагон депогийн 50 жилээр тусгайлан засч бэлтгэсэн тусгай вагонд үйлчлэгчээр явдаг аж. Энэ вагон нь бусдаасаа өөр галлагааны төхөөрөмжтэй учир хэрийн хүн галлаж чаддаггүй гэнэ. Харин түүний хувьд анхнаасаа сурчихсан учир амар байдаг гэсэн. Ирэх жилээс олон улсын вагондоо явах учир энэ жил тусгай вагондоо үйлчлэх хоёр шавь бэлтгэх юм байна. Түүний тусгай вагоныг зорчигчид унагатай вагон гэж нэрлэн, сууж үйлчлүүлэх дуртай юм билээ. Бүх вагон дээр хоёр жижиг унага байдаг бол түүний вагон дээр нэг томоо гэгчийн цагаан унага байдаг учраас ингэж нэрлэжээ. Ийнхүү тэр зорчигчдоо хүлээж аваад Эрдэнэтийн зүг одлоо. Одоо тэр унагатай вагондоо зургаа хоног амьдрана. Түүний амьдралын хэмнэл ийнхүү, яваад л, ирээд л... яваад л, ирээд л....

Түмэндээ үйлчилсэн гэгээн үйлсийн гэрэл үргэлж ивээж байг ээ.

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elvis(202.72.245.151) 2015 оны 08 сарын 01

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
Mergen(75.164.195.237) 2015 оны 08 сарын 01

Mongol emegtei xynii olon saixan chanariig agyylsan ix saixan zan aashtai egch bna lee. Naashaa tsaashaa yabj bxdaa nileen taaraldaj bsiin bna. Tanid bolon ger byliinxend tani amidraliin sain saixan buxniig xysie!

0  |  0
irgen(202.70.46.200) 2021 оны 05 сарын 22

Galt tereg gedeg mongol ug bas ustah ni ee..vagon vagon geed l bdag bolj

1  |  0
монгол хүн(203.194.114.57) 2021 оны 05 сарын 22

Нөхөр нь гадна гарч эр гэрт орж эм болж, хүүхдүүд нь эрт бие даасан өрх айл бололтой. Бүсгүй хүний хувьд бахархах зүйл арай биш ээ.

0  |  1
zochin(1.25.114.141) 2015 оны 05 сарын 06

Vagond taarch bsiin bn aash zan saitai goe egch bsn shv

0  |  0
Myagmarsvren(112.72.13.243) 2015 оны 05 сарын 05

Hi? Vneheer saihan baina ta4 zaluu baijee naad 3 chine haana baigaa we? Sain yawaad ni bayar hvrgie

0  |  0
Myagmarsvren(112.72.13.243) 2015 оны 05 сарын 05

Hi? Vneheer saihan baina ta4 zaluu baijee naad 3 chine haana baigaa we? Sain yawaad ni bayar hvrgie

0  |  0
Myagmarsvren(112.72.13.243) 2015 оны 05 сарын 05

Hi? Vneheer saihan baina ta4 zaluu baijee naad 3 chine haana baigaa we? Sain yawaad ni bayar hvrgie

0  |  0
daria(103.229.121.102) 2015 оны 04 сарын 30

Uneheer hundreds get iim l huniig heldeg yum saihan emegtei bna amjilt husey

0  |  0
m.mandahai(88.156.131.156) 2015 оны 04 сарын 29

xobordson saixan xun bainaa oron bair ogoxson

0  |  0
m.mandahai(88.156.131.156) 2015 оны 04 сарын 29

xobordson saixan xun bainaa oron bair ogoxson

0  |  0
Зочин(112.72.13.232) 2015 оны 04 сарын 29

Төмөр зам насаар нь хүнд ажил хийлгэчихээд ганц удаа шагнал өгдөггүй л газар байхгүй юу!

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
odnoo(112.72.13.221) 2015 оны 04 сарын 29

Ene egch zamiin vvdiin chigleld ybdag uu ikh saikhan zantai egch shvv amjilt khvsie

0  |  0
Oyu(45.48.104.23) 2015 оны 04 сарын 29

Yasan saihan hun be

0  |  0
Top