Хөрөнгө оруулалтын асуудлыг Ерөнхий сайд хариуцна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд хуучин Эдийн засгийн хөгжлийн яамны мэдэлд байсан Хөрөнгө оруулалтын газрыг Ерөнхий сайдын мэдэлд оруулах тухай тусгасан юм.

“Хөрөнгө оруулалтын асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд оруулж, гадна, дотно, том, жижиг гэлтгүй хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулж байгаа. Харин хариуцсан яамгүй Монгол Улсын сайд М.Энхсайхан Ерөнхий сайдын үүрэг өгсөн төслүүдийг удирдаад явах юм” гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тайлбарлав.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өмнө нь баталсан, одоо хэрэгжиж байгаа бөгөөд энэ хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүй юм. Манай улсад 2012 онд 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол өнөөдөр 400 гаруй сая доллар болтлоо буурлаа.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар эрчимтэй ажиллах зорилтоо тодорхойлсон. Энэ хүрээнд орж буй хуулийн төсөл юм байна.   

Гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлсний дараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top