Байгалиа барж идэгсэд

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Хэсэг иргэд Өмнөговийн Шивээхүрэнгийн хилийн боомтоор улаан чулуу гаргах гэж байгаад саатуулагдсан тухай  хэдхэн хоногийн өмнө сошиал ертөнцөөр дуулдаад нам жим болов. Ер нь иймэрхүү зөрчил байнга л гарч байдаг болохоор анхааралд өртөх нь бага. Энэ улаан чулууг  Өмнөговийн Гурвантэс сумын нутгаас  олборлодог. Түүдэг биш олборлодог гэхээр бас өөр. Үүнийг бүр газрын гүнээс ухаж гаргадаг гэх юм билээ. Ямар ид шидтэй чулуу  болох нь тодорхойгүй ч үүнийг Монголын улаан шүр гэж нэрлэдэг болсон байна лээ. Урд газрынхан үүгээр жинхэнэ ориг гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлдэг байж таарна. Нэг үгээр хэлбэл хагас үнэт чулуу юм.

Өмнөговийн Булган Өвөрхангайн Богд сумын зааг Арц богдын өвөр хоолой, Тадай, Шар хөв гээд их гоё чулуутай газар бий. Гэвч эндхийн тэр гоё чулууг мөн л урагш нь гаргасаар дуусгаж байгаа.  Нутгийнхан хонь малд  явангаа мөнөөх чулуугаа хамж л байдаг гэсэн. Хятадууд шуудай чулууг 400 юанаас дээш үнээр авдаг гэж дуулддаг. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутгаас чулуу зөөсөөр байгаа гэлцэх юм билээ.

Мөнөөх дуулиан тарьсан Батаарын араг яс бол нэг иймэрхүү замаар Нэмэгтийн уулаас анх олдож гадагш гарсан нь тогтоогдсон.

Хэдхэн хононгийн өмнө Дундговийн Дэлгэрцогтын нутгаас бас л хууль бусаар чулуу олборлож байгааг зогсоолоо гэх мэдээлэл гарч байсан.  Ер нь хэдэн халтар төгрөгийн төлөө эх газраасаа авч болох бүхнийг булааж байна.

 Хуучны нэгэн үг буй. Урд газрынхан “Амьддаа ар Монголын цагаан мөөгний шөлийг ууж цагаан гоёог нь идэх сэн” гэж ярьцгаадаг тухай нутгийн хөгшид маань хуучилдаг сан. Намайг багад манай нутагт цагаан гоёоноос элбэг юм байсангүй. Харин одоо бол үүн шиг ховор юмгүй болжээ. Хэдэн жилийн өмнө ус нутгаараа очвол тогооны амсар шиг харласан гүнзгий нүх машинтай нэгнийг байтугай морь малтай хүн ч явахын аргагүй олон болсонтой таарав. Учрыг тодруулбал цагаан гоёочдын ухсан нүх гэнэ. Цагаан гоёо нь заг,  сондууль зэргийн үндэс дээр паразиталж ургадаг нэгэн зүйлийн ургамал. Эмийн үнэт чанартай, хүн орхоодойноос дутахааргүй эмчилгээний ид шидтэй гэж ярьдаг. Өмнөговь аймагт  нэгдлийн даргаар олон жил ажилласан гавьяат нэгдэлчин Н.Мандал агсан хоршоо байгуулж цагаан гоёог тармилжуулахаар туршиж байсан удаатай. Хожим сонсвол тодорхой үр дүнд  хүрээгүй гэнэ лээ.

Үүнийг дагаад тэртэй тэргүй байнгын шороон шуургатай байдаг Арц богдын өвөр хоолойд элсний нүүдэл түргэсч байгааг нутгийнхан анзаарчээ.

Харин энэ ургамал Хятадад тун эрэлт хэрэгцээтэй бөгөөд манайхнаас өндөр үнээр худалдан авдаг юм байна. Ингэснээр цагаан гоёоны эрэлчид өдөр шөнөгүй цувах болжээ. Тэд цагаан гоёог шуудай шуудайгаар түүхийн зэрэгцээ загийг машинаар мөргүүлж унаган ачдаг гэнэ. Үүнийг дагаад тэртэй тэргүй байнгын шороон шуургатай байдаг Арц богдын өвөр хоолойд элсний нүүдэл түргэсч байгааг нутгийнхан анзаарчээ.

Ер нь урд хөршийнхөн цагаан гоёогоор зогсохгүй аль өнгөтэй өөдтэй бүхнийг худалдан авсаар л байна.

Булган сумыун нутаг Төгрөгийн ширээ, Баян заг бол үлэг гүрвэлийн олдвороороо алдартай. Ноцолдож байгаад үхсэн, зулзагнуудтайгаа хамт байгаа үлэг гүрвэлийн цуутай нэн ховор олдворууд энэ л нутгаас олдсон. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр үлэг гүрвэлийн ясны эрэлчид газар шороог ухаж сэндийлэх болсныг нутгийнхан хэдэн жилийн өмнө бас л халаглан ярьж байсан. Мөнөөх дуулиан тарьсан Батаарын араг яс бол нэг иймэрхүү замаар Нэмэгтийн уулаас  анх олдож гадагш гарсан нь тогтоогдсон.

Зах зээлтэй зэрэгцэн эхэлсэн байгалиа цөлмөх зэрлэг довтолгоон одоо ч үргэлжилсээр байна. Бүр нарийн далд зохион байгуулалттай болсон. Хангайн зэрлэг бугаа үндсэндээ дуусгасан. Саяхан хил гаалиар баавгайн савар, бөхөнгийн эвэр зэргийг гаргах гэж байгаад илэрсэн. Илэрсэн нь энэ болохоос илрээгүй өчнөөн байгаа нь тодорхой. Энэ бүхэн байгалиа барж идэх аян үргэлжилсээр байгааг нотолно.

Энэ янзаараа бол газар эхийн хэвлий дороо хэдэн сая жилээр хадгалж ирсэн баялгаа харийнханд хэдэн халтар төгрөгөөр алдаад дуусах янзтай. Байгалиа барж идэгсэдийг хэрхэн хазаарлах вэ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Udgan(103.26.193.64) 2015 оны 05 сарын 03

Hamgiin arga yadsan archaagui mongo oloh arga, estoi muuhai nugel umdaa. Shiitgeliig ni ih changalah heregtei, ih ondor torguuli yalbar onooh heregtei baihaa,

0  |  0
иргэн(150.129.140.85) 2015 оны 05 сарын 03

Байгал , газар шороо , Ан амьтантай зүй бусаар харьцсан шуналтангуудыг шууд газар дээр нь цаазаар хороодог хуультай л болохгүй бол энэ хэзээ ч зогсохгүй. Тэгээд бидний хойч үе ач,гуч үе залгамжлагчидыг маань ямар аюул хүлээж байгаа болоо. Эээ халаг бодохоос аймшигтай. Яасан ханаж цаддаггүй новшийн шаарнууд вэ.

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 05 сарын 03

Одоо говийн бүсээс гараад хангайн бүсийг цөлмөж эхэлээд байгаа шүү дээ

0  |  0
Top