Зууны тулаанд Флойд Мейвейзер яллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

“Зууны тулаан” АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand” аренад дөнгөж сая өндөрлөж, Флойд Мейвейзер ялалт байгууллаа.

Гурван минутаар нийт 12 раунд үргэлжилсэн энэхүү мега тулааны  ялагч оноогоор шийдэгдсэн бөгөөд  шүүгчид 118-110, 116-112, 116-112 гэсэн дүнг танилцуулав.

Мэргэжлийн боксын рингэнд 47 тулаанд огт ялагдаагүй Флойд Мейвейзер ийнхүү 48 дахь тулаанаа авч, WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болж байгаа юм.

WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн энэ бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн гэнэ.

300 сая ам.доллараар үнэлэгдсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер, Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулаан энэ спортын хоёр “акул”-ын хооронд бүтэн таван жил яригдсаны эцэст баталгаажсан юм.  

Флойд өнөөдрийн энэ тулаанд ялсан ч, ялагдсан ч 180 сая ам.доллар авах гэрээтэй бол Мэнни 120 саяыг өвөртөлнө.

Урьд хожид боксын рингэнд энэ хэмжээний мөнгөөр хийгдсэн тулаан байгаагүй учраас Мэнни, Флойд нарын энэ тоглолтыг “Мөнгөний тулаан” ч  гэж нэрлэх нь олонтаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top