Үндсэн хуулийн ажлын хэсэгт иргэдийн төлөөллийг оролцуулъя

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Засаглалын тэнцвэртэй байдлыг хангахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж судлаачид хэлдэг. Ардчилал Монголд нутагшаад 25 жил болж байна. Энэ бол аливаа шинэ сэргэг юм  төлөвшиж, хөл гараа олдог бол олохоор хугацаа.  Юмны наад цаадахыг гадарладаг хүмүүсийн ярьж анхааруулж байгаагаар бол Монголд эдийн засгийн хямралаас илүүтэй Засаглалын хямрал нүүрлэсэн гэж байна.  

Өнөөдрийн харагдаж байгаа өнгө төрх гэвэл төрийн гурван өндөрлөг нь гурван тийшээ харчихсан, ганц уурхайнхаа асуудлыг улс төржүүлээд  хэлэлцэхэээсээ илүүтэй хэмлэлдээд сууж байна. Ганц хоёрхон улс төрчийн  эрх ашиг бүх улс орны хэмжээний шийдлийг гацааж байна хэмээн иргэд бухимдалтай байна. Засаглалын зангараг гэж юм баймаар. Ийм л юмыг үгүйлсэн ард түмэн эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг л хүлээж байна. Ер нь Үндсэн хуулийн асуудлаар дуугарах цаг болсон гэдгийг олон хүн хэлдэг.

Юмны наад цаадахыг гадарладаг хүмүүсийн ярьж анхааруулж байгаагаар бол Монголд эдийн засгийн хямралаас илүүтэй Засаглалын хямрал нүүрлэсэн гэж байна.
2013 оны 2-р сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн өнгөрөгч нэгдүгээр  сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна.

Өчигдөр “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдвээр бага хурал  болж,  УИХ-ын дарга З.Энхболд оролцсон.  Тэрбээр энэ бага хуралд хэлсэн үгэндээ  “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж үздэг”-ээ илэрхийллээ. Ингэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт  бол хэдхэн улс төрчийн бус нийт ард түмний санаа бодлын илэрхийлэл байх ёстой гэдгийг дээрхи үгнээс анзаарч болно.

Гэвч харамсалтай нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулахдаа  дан  ганц УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байгаа.  Шуудхан хэлэхэд УИХ-ын гишүүд гэж болж л өгвөл хуулиар өөрсдийгөө хуяглачих  гээд байдаг хүмүүс.  Тэд нийт ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ гэвэл дэндүү өрөөсгөл.  Нэгэнт “эцэг” хуульдаа гар хүрэх гэж байгаа бол ажлын хэсэгт намуудын болоод ард түмний төлөөлөл байж л илүү төгс төгөлдөр болж чадна.

УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа энэ талаар “Монголын хөрсөнд ургах модыг өөрсдөө суулгах гэж байгаа бол ажлын хэсгийн хүрээгээ тэлмээр байна. Монгол Улсад дараагийн хөгжлийг тодорхойлох Үндсэн хууль хэрэгтэй л бол хэдхэн гишүүнээр хязгаарламааргүй байгаа юм” гэснийг анхаархад илүүдэмгүй.  

Нэгэнт “эцэг” хуульдаа гар хүрэх гэж байгаа бол ажлын хэсэгт намуудын болоод ард түмний төлөөлөл байж л илүү төгс төгөлдөр болж чадна.

МАН-ынхан сонгуулийн хуулийн шинэчлэлтээр ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл санаачилчихаад байгаа. Гэхдээ нэгэнт ард түмэнд хандсаных  Засаглалын хэлбэрийн асуудллаараа хамтад  нь санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Монгол Улсын сайд М.Энхсайхан  илэрхийлээд байгаа юм.  Түүний энэ саналыг зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөөрчихөж боломгүй санагдаад байна.

Үндсэн хуулийг өөрчилнө гэхээр бүгдийг нь хөндөнө гэсэн үг биш. Тэгээд ч “эцэг” хуулийг өөрчлөх  “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль гэж бий. Тэгэхээр асуудал энэ хүрээнд  яригдана  гэсэн үг.  Өөрөөр хэлбэл  Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, зарчмыг өөрчлөхийг хязгаарласан заалттай.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол цөм бол засаглалын хуваарилалат, хэрхэн яаж институци хоорондын тэнцвэр, хяналтыг хангахав гэдэгт  байгаа.

Монголын улс төрчдийн увайгүй унхиагүй байдал эдүгээ парламентын засаглалын нэр хүндийг нэг мөсөн унагаад байгаа бөгөөд  хууль тогтоогчдоо монголчууд хүндлэхээсээ илүүтэй тэнэг,  дарангуйлагч, мангуу гэхчлэн аль муу үгээр нэрлэх болсон нь харамсмаар. Уг нь төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэгсэн дээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол цөм бол засаглалын хуваарилалат, хэрхэн яаж институци хоорондын тэнцвэр, хяналтыг хангахав гэдэгт байгаа.

Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзэх хандлага  улам бүр  нэмэгдсээр байна.  Ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын хөгжил илүү хурдацтай байдгийг Казакстан мэтийн орны туршлага харуулаад байх шиг.

Монголын нөхцөлд Ерөнхийлөгчийн засаглал бүхий хоёр танхимтай парламент  хамгийн зохистой гэж Ерөнхий сайд асан Д.Содномоос эхлээд олон хүн ярьдаг. Энэ мэт санаа оноотой иргэдийнхээ  дуу хооллойг тэр ажлын хэсэгт яаж хүргэх нь тодорхойгүй.  Тэгэхээр тэр ажлын хэсэгт эрдэмтэн судлаачдаасаа эхлээд ард түмнийхээ төлөөллийг оролцуулах нь зүйд нийцмээр байна. Их Хурлын гишүүн гэхээр л их мэдэгчид биш шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоч(202.126.89.176) 2015 оны 05 сарын 04

Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйд нихйцнэ. Хэдэн улс төрчид өөрчлөөд төгс төгөлдөр болгоно гэвэл худлаа.

0  |  0
ЗОЧИН(103.229.123.212) 2015 оны 05 сарын 04

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top