Азийн боловсролын форум Улаанбаатарт болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

   Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсч хөгжсөний 50 жилийн ойг угтаж тус дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс санаачлан "Монголын хүний нөөцийн хөгжлийн асиоциаци" хамтран "Боловсролын түншлэл-хөгжлийн гарц" сургуулийн өмнөх боловсролын форумыг зохион байгуулж байна. Уг форум нийт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд форумд Япон, БНСУ, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Камбожийн вант улс, Буриад улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Мөн форумд оролцохоор салбар яамны болон орон нутгийн удирдлагууд, боловсролын салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, арга зүйч, СӨББ-ын эрхлэгч, арга зүйч, багш нар гээд нийт 215 хүн оролцож байгаа юм.

"Монголын хүний нөөцийн асиоциаци"-ийн ерөнхий захирал С.Наранбаатар: Сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг нэг стандарт, нэг зорилгод хүргэх зорилготой

- Энэ форумын талаар танилцуулна уу?

- Уг форумыг зохион байгуулснаар бага насны хүүхэдтэй ажилладаг байгууллагууд, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтийн байгууллагуудын түншлэлийн бат бэх байх, тасралтгүй хөгжих боломжуудыг нээж өгөхөд хувь нэмэрээ оруулна хэмээн үзэж байгаа юм.

Монголын хүний нөөцийн хөгжлийн асиоцаци сургуулийн өмнөх насны азийн анхдугаар форумыг Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Аливаа улс орны хөгжлийн суурь, тогтолцоо тухайн улс орны боловсрол буюу сургуулийн өмнөх насны тогтолцоо голлох үүргийг гүйцэтгэдэг. Манай ассиоцаци сүүлийн хоёр жил сургуулийн өмнөх насны боловсролын удирдах ажилтан бэлтгэх төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. Сургуулийн өмнөх насны Азийн форум нь "түншлэл буюу олон улсын хөгжлийн гарц" гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. Уг форум цаашид үргэлжилж, ач холбогдлоо улам бүр нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх боловролын дараагийн удаагийн форумыг БНСУ-д зохион байгуулах хүсэлтийг өгсөн байгаа. Ази номхон далайн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг нэг стандарт, нэг зорилгод хүргэх ач холбогдолтойгоороо энэ удаагийн форум онцлог юм.

- Өнөөдийн форумд нийт хичнээн багш, төлөөлөгч оролцож байгаа вэ?

- Энэ форумд зургаан улсын төлөөлөл, Монголын 21 аймаг, нийслэлийн бүх дүүргүүдийн төлөөлөл оролцож байгаа. Нийтдээ 200 гаруй зочид төлөөлөгчид ирсэн. Оролцож байгаа хүмүүсийн албан тушаалын хувьд дандаа удирдах түвшиний хүмүүс. Энэ нь бодлого төлөвлөлтөнд илүү ач холбогдол өгнө гэж харж, зорьж байна.

- Форумын үр дүнг хэрхэн харж байна?

- Нэгдүгээрт, түншлэл бий болно. Хоёрдугаарт, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн тогтолцоо, ази номхон далайн  хүрээнд Монгол Улс тэргүүлэгчийн байранд очих зорилгыг тавьж байгаа. Манай боловсролын яамны Статистик төлөвлөлтийн газраас авахуулаад ерөнхийдөө бодлого баригч нар оролцож байгаагаараа үр дүн илүү гарна хэмээн харж байгаа.

 

БНСУ-ын төлөөлөгч, Олон улсын хүүхдийн боловсролын сангийн зөвлөх Гу Сүн Э: Солонгос Улс нэг хүүхдэд оногдох багшийн тоогоор илүү

- Олон улсын хэмжээний форум Монгол Улсад болж байна. Та энэ форумд оролцож байгаа сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

 - Азийн олон улсын форумд оролцож байгаадаа маш их баяртай байна. Олон зүйл сурч мэдэж авсан, туршлага солилцсон, үр дүнтэй уулзалт болно гэж бодож байна.

- Хоёр улсын сургуулийн өмнөх боловсролын түвшинг харьцуулахад ямар байна вэ? Сургуулийн өмнөх боловролын хөгжлийн гарц таньд хэрхэн харагдаж байна вэ?

- Би одоохондоо Монгол Улсын боловролын түвшингийн талаар сайн ойлголт авч амжаагүй байна. Солонгос улсын хувьд тодорхой хэмжээний хөгжлийн түүхтэй, хөгжсөн улс учраас Монгол Улсаас ялгаатай тал нь хүүхдэд оногдох багшийн тоо, багшийн чанаржуулалтын хэмжээгээр бага зэрэг илүү байгаа гэж бодож байна. Багшийн тоо, чанаржуулалт илүү болохоор буцаад хүүхдэдээ боловрол олгох, асрах хэмжээнд арай их халамж тавигддаг байх.

- Энэ уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

- Монгол Улс Азийн олон орны төлөөлөгчдийг цуглуулж форум хийнэ гэдэг бол маш том алхам гэж харж байна. Энэ алхмын үр дүнд Азийн орнууд хоорондоо сайн түншлэх, туршлагаа солилцож, улам ихийг бүтээх зам тавигдаж байгаа гэж үзэж байна.

 

Японы Накада хүрээлэнгийн дэргэдэх Миязаки Фүтаба цэцэрлэгийн менежер Накада Сэцүко: Сургуулийн өмнөх насны боловсролын салбарт Монгол Улс маш их анхаарч байгаа нь харагдлаа

- Олон улсын форумд оролцож байгаа сэтгэгдэлээ хуваалцана уу?

- Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Насанбаяр даргын илтгэлийг сонслоо. Энэ илтгэл маш гайхамшигтай санагдлаа. Форумд оролцсоноор Монгол Улсын хүний нөөцийн хөгжил, бага насны хүүхдийн хөгжилд анхаарлаа хандуулж, одооноос эхлэн шинэчлэл хийхээр болсон нь мэдрэгдэж байна.

- Япон Улсын сургуулийн өмнөх насны боловсролын түвшинг манай улсынхтай харьцуулахад ялгаа нь юу байна вэ?

- Одоохондоо Монголын нөхцөл байдалдтай сайн танилцаагүй байна. Ямар ч байсан сургуулийн өмнөх насны боловсролын салбарт Монгол Улс маш их анхаарч байгаа нь харагдлаа. Ялангуяа олон улсын чанартай форумыг өөр бусад орнууд төдийлөн зохион байгуулдаггүй. Монгол Улс энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь хөгжих нь тодорхой гэдгийг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top