Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди буцлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Хоёр хоногийн турш манай улсад айлчилсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр буцлаа. Тэрбээр манай улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар төрийн айлчлал хийсэн юм. Энэ айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж байгаа анхны айчлал байсан бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлогтой байлаа.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв. Энэ айлчлал эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болов. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар талууд ярилцлаа. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди онцлон хэлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top