Нийтийн тээвэр ухаалаг болж байна. Харин жолооч нар нь хэзээ “смарт” болох вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

“Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр автобусны жолооч осол гарган явган зорчигчдийг гэмтээжээ. Сүхбаатар дүүргийн нутагт Дарь эхийн замд “Автобус-3” ХХК-ны автобусны жолооч 14 настай хүүг мөргөсөн бол Чулуун овооны Цагдаагийн постын баруун замд “Мяралзаа” ХХК-ны  автобусны жолооч  69  настай эмэгтэйг мөн мөргөж гэмтээжээ...” 

Шинэ долоо хоногийн эхний өдөр ийм мэдээгээр эхлэв. Автобусны жолооч нарын осолтой холбоотой иймэрхүү мэдээлэл бол дэндүү танил сэдэв. Ийм мэдээ бараг өдөр алгасдаггүй байх. Үнэндээ нийслэлийн нийтийн тээвэр хамгийн айдас хүйдэстэй салбар болсон. Заримдаа амьд мэнд энэ автобуснаас буух юм сан гэж бодогдмоор явна шүү дээ. Хүмүүс аргагүйн эрхэнд л автобусаар үйлчлүүлдэг байх.  Байгаа ганц нийтийн тээвэр нь иймэрхүү байхад  иргэд хувийн тэргээрээ зорчихыг илүүд үзэх нь тодорхой. Үйлчлүүлэгчдээ татдаг бус үргээдэг салбар гэвэл нийтийн тээвэр л болсон. Энэ салбарын ийм урагшгүйтэл Улаанбаатарын замын түгжрэлийг нэмэгдүүлэх  наад захын шалтгаан болсоор байгаа.

Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй компаний бий гэх юм билээ. Тэдгээр нь  1000 орчим том оврын автобусаар  үйлчилдэг.  Тоо талаасаа бол хангалттай харагдана. Нийтийн тээвэрт бизнес эрхлэгчид үйлчилгээний чанар, соёлоороо өрсөлддөг баймаар. Гэтэл тийм юм алга. Харин тэд өөр өөрийн өмчилсөн чиглэл маршруттай. Эндээ эзэн сууж, эр бяраа гайхуулж байдаг  бололтой юм.

Нийтийн тээвэр бол хамгийн аюулгүй, хамгийн ая тухтай, шуурхай, бас хамгийн хариуцлагатай үйлчилгээ баймаар санагдана. Ер нь ч бодит хандлагын гол “стандарт” нь ийм байх. Харамсалтай нь амьдрал дээр энэ бүх шалгуурууд эсрэгээрээ үйлчилж байна. Том оврын автобусныханы төлөөлөл  гэж үнэ нэмнэ, ажил хаяна гэж айлгадаг хэдэн нөхөр бий. Тийм л анхааруулга сануулгаар нь нийгэм тэднийг санадаг, таньдаг байх. Харин тэд үйлчилгээний чанар соёл, ажил хэргийн хэмжүүр талаасаа хэрхэн ярьж таниулж байсныг нь санах гэхээр нэг л бүрхэг, тоймтой юм толгойд бууж ирэхгүй байна.

Нийтийн тээвэрт бизнес эрхлэгчид үйлчилгээний чанар, соёлоороо өрсөлддөг баймаар. Гэтэл тийм юм алга. Тэд өөр өөрийн өмчилсөн чиглэл маршруттай. Эндээ эзэн сууж, эр бяраа гайхуулж байдаг бололтой юм.

Ахмад настан, оюутан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50  орчим тэрбум төгрөгийн нөхөн олговорыг том оврын автобусныханд олгодог.  Энэ 50 тэрбумыг тойрч төр хийгээд том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг компанийхан хэдэн ч жил тойрон бүжиг хийв дээ, хэлж мэдэхгүй нь. Бага байна л гэдэг, ерөөсөө нөхөн олговроос татгалзъя гэхчлэн энэ асуудал заримдаа тэдний хувьд галын фронт болчихсон байх юм билээ. Энэ бүхэн шийдэж цэгцлэх асуудал байгаа гэдгийг л хэлээд байгаа хэрэг.

Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт хувьсгал хийх цаг хэдийнэ болсон.  Үүний угтал юм байлгүй, том оврын автобуснуудад  ухаалаг систем   суурилуулж эхлээд байна. Ингэснээр автобуснуудад  кондуктор ажиллах шаардлагагүй болж, нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирна гэж үзэж байна. Мөн тусгай замын автобусны сураг дуулдаж байна. Аль аль нь сайн хэрэг. Ахиц дэвшил л гэж харахаас аргагүй. 

Гэхдээ тээврийн систем нь ухаажихаас илүү түүнийг хөдөлгөж зохицуулж байгаа байгаа жолооч нарыг нь түрүүлж “ухаалаг” болгох хэрэгтэй байна.  Нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч нарын хариуцлага сахилга,  ёс зүйн хэм хэмжээ гэж үнэхээр хэцүү байгаа ш дээ. Тийм болохоор л автобусны жолооч нартай холбоотой осол өдөр бүр гарч байгаа юм.

Гэхдээ тээврийн систем нь ухаажихаас илүү түүнийг хөдөлгөж зохицуулж байгаа байгаа жолооч нарыг нь түрүүлж “ухаалаг” болгох хэрэгтэй байна.

...Хорооллын эцсээс автобусанд суусан чинь жолооч нь Баянбүрд хүртэл тувт утсаараа ярьчих юм. Ажил яриад байна уу гэтэл мах шөл, өвлийн хоол хүнс болоод явчихлаа.  Утсаар ярьж яваад урдах машинаа золтой мөргөчихсөнгүй,  гэнэт тоормослож, зорчигчдоо шалаар нэг ханаруулах шахлаа гэсээр танил маань шалбарсан духтай ажил дээрээ орж ирж билээ.  

 

Зайсан, Улиастайн чиглэлийн хоёр автобус  цагаан байрнаас замаа булаалдан уралдаж Баянбүрдийн буудал дээр жолооч нар нь энгэр заамандаа хүрсэн,  амралтын өдөр Зайсангийн чиглэлийн автобусны жолоочийн хажууд хоёр нөхөр /танил нь  бололтой/ суучихсан  шил архи тойруулаад сууж байх жишээний гэж энэ чиглэлээр  байнга зорчдог нэгэн ярьсан.   Өнгөрсөн жилийн хавар 21 хорооллын эцийн буудлаас суух гэсэн  жолооч кондуктор нар нь явах болоогүй гээд хэдэн нөхөр дотор нь орж архидаад нөгөөдүүлийгээ гарсны дараа  сая нэг юм  үйлчилгээндээ гарч байсныг анзаарсан юм даг.

Автобусны жолооч нарт цаг тохируулна гэж нэг хэцүү асуудал байдаг юм шиг байгаа юм. Заримдаа  нисэх шахам давхиж, буудал дээр зорчигчдоо дутуу хагас буулгаж сандаргана. Настай, хөл муутай хүнд бол хэцүү шүү дээ.  Эсвэл нэг буудал дээр явахаа мэдэхгүй зогсчихно. Хэлэхээр бид цагтаа явж байна, яараад байгаа бол буугаад таксидахгүй юу хэмээн хэгжүүрхэнэ.  Энэ мэт бол захын л жишээ. Тэд хүний амь нас хариуцаж яваагийн хувьд наад зах нь ёс зүйн өндөр хэм хэмжээтэй баймаар санагдана. Автобус компаниуд жолооч нараа хэрхэн сонгож ажиллуулдагыг мэдэхгүй юм. Магадгүй жолоочоор ажиллах хүн хүч хомс байдаг учир тодорхой шалгуур тавиад байх боломж хязгаарлагдмал байдаг байж мэднэ.   Гэхдээ л энэ бол нийслэлийн нийтийн тээвэрт нүүрлэж буй том асуудал гэдэг нь тодорхой байна. Үүнийг хэлэхдээ үйлчлүүлэгч хүний нүдээр анзаарч харсан тусгал гэдгийг тодотгох учиртай байх. Хэн ч бай, том орврын автобусаар үйлчлүүлсэн ихэнх зорчигчид ингэж л хэлнэ.

Нийтийн тээврийг ухаалаг болгож байгаа нь дэвшил сайн хэрэг. Харин үүнтэйгээ зэрэгцээд жолооч нарыг нь илүү сайн “смарт” болгож байж л үйлчлүүлэгчдээ татдаг болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(211.243.52.119) 2015 оны 05 сарын 21

Alivaa zuild surgalt kurs damjaa gej baidag surgaad bugdeeree bolovson boltsgoohod joohon hicheehed l bolnoshdee.

0  |  0
иргэн(112.72.13.16) 2015 оны 05 сарын 20

автобусны жолооч нарын ихэнх нь хүн ачиж яваагаа огт мартчихсан гарууд л байдаг юм даа. Ер нь согтуу юмуу гэмээр нөхдүүд л замын хөдөлгөөнд оролцдог шүү дээ..

0  |  0
zochin(150.129.142.111) 2015 оны 05 сарын 20

bolowsrol ,khumuujil muutai nukhduud amidrakhyn erkheer awtobusny jolooch bolji baigaa yu m chini mudguy baikhdaa

0  |  0
Top