Лоозонгоо уруулсан залуус АН-ыг шинэчлэх хөдөлгөөн болж өргөжлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

 “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсанаа өнөөдөр зарлаж Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө Пума зочид буудалд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид гээд нийтдээ 100 гаруй гишүүн оролцлоо. 

 

Зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р.Шинэгэрэл: Намын их хурлыг хуралдуулах шаардлагатай

 

-Энэ зөвлөгөөнөөс намынхаа гишүүдэд хандаж уриалга гаргаж байгаа юм байна. Энэ талаар тодруулбал?

 

-АН-д олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх болсон байна. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна шүү дээ.


Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоцгооё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе. 

 

АН-ыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр АН-д тодорхой бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа. Нам олон фракцад хуваагдсан.Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан. 1996 оных шиг түүх давтагдсан. Энэ бүхний тусгал нь жирийн иргэдийн амьдралд, бизнест нь , ажилд нь тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асуудал үүсч байна. Ийм учраас АН-ын залуучууд бид хөдөлгөөнийг байгууллаа. АН-ын бүх гишүүдийн оролцоог хангасан дотоод ардчилалтай нам болгон төлөвшүүлэх, цаашдаа улс орны хөгжлийг авч явах бодлогын институтыг байгуулахын төлөө ажиллана. Нийт гишүүдэд хандаж АН-аа шинэчлэх, шинэчлэлд идэвхитэй оролцохыг уриалж байна.  Эрдэмтэн судлаачидтай хамтран бодлогын баримт бичгийг боловсруулж байна. АН-ын удирдлагуудад АН-ын ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын АН-ын дарга П.Болдсайхан: Шинэчлэл хийх цаг нь болсон

 

-Хөдөө, сум, дүүргүүдэд намаа шинэчилье гэсэн уриалгыг дэмжиж бид орон нутгаас ирж оролцож байна. Анхан, дунд шатны байгууллагын удирдлагууд зөрчилдөж талцах, фракцлах ужигт автаад, зөрчилдөөн даамжирч  байгааг нуух аргагүй болжээ. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэйгээр фракцынхаа хүмүүсийн төлөө үйлчилдэг болсон байна. Шалтгаанаа зөв тодорхойлж байж л эмчилж чадна шүү дээ. Сайхан байна гэж худлаа яриад өөрчлөлт хийгдэхгүй.Тэгэхээр нам дотор үүсээд байгаа асуудалдаа бодиттой дүн шинжилгээ хийж, бодлогын томоохон шинэтгэл хийх  цаг нь болсон гэж бодож байна.

 

Манай аймагт л гэхэд АН-ын хорооны гишүүн,  төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчихсөн байх жишээний. Дотоод зөрчил нь гаарч журмынхаа нөхдийг хууль хүчний байгууллагаар шалгуулж эрүү үүсгэж байна. Дорнод аймгийн АН-ынхны хувьд хоёр хуваагдсан. Дорнод аймгийн АН-ын дарга гэгддэг Цэрэнчимэг  гэгч бүсгүй бий. 2012 оны сонгуулиар намаа ялалт байгуулж чадаагүй. Намын дүрмээр бол шууд л огцрох ёстой. Гэтэл намын гишүүдийг шахаж, оронд нь ах дүүсээрээ хүрээлүүлсэн. Үндсэндээ Дорнодын АН гэр бүлийн нам болж хувираад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа учир энэ хөдөлгөөнд нэгдэж  орон нутагт ч намын шинэчлэлийг яаралтай хийх болсон гэдгийг уламжлахаар ирж оролцож байна.

 

“АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч П.Галиндэв: АН төлөвших хугацаа хангалттай болсон

 

 

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг залуу гишүүд нэгдэн зохион байгуулсан байна. Шинэчлэлийг гишүүд дэмжигчид хэр хүлээн авч байна?

 

-Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн, Нийслэлийн намын зөвлөлдөх хороонд тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ намын ачааг анхан дунд шатанд нь үүрэлцэж байгаа гишүүний хувьд АН-ынхаа ирдээүйд сэтгэл зовинож шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж ажиллаж байна.

 

АН-ыг шинэчлэх зорилгод маш олон залуучууд, анхдагчид гээд үе үеийн гишүүд дэмжигчид нэгдэж байна. Хамгийн түрүүнд манай намд бодлогын шинэчлэл, хариуцлага ёс зүйн шинэчлэл хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсийг хэр засч залруулаад цааш явах вэ гэдэгт саналаа солилцож байна.

 

-АН дотор  намаа шинэчлэе гэсэн хөдөлгөөн, хороо өмнө нь байгуулагдаж байсан. Танай хөдөлгөөн АН-д нэн тэргүүнд шинэчлэл шаардлагатай гэсэн бодлогуудаа гаргаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжууд байна уу?

 

-Шинэчлэлийг АН-ын дүрмээс эхлүүлэх хэрэгтэй. Манай намын дүрэм хэрэгжиж чадахаа байсан. Сөрөг хүчин байх ёстой зохицуулж болоод байсан бол эрх барьж байхад боломжгүй болсон. Дүрмээ шинэчилснээр намынхаа тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоё. Намын гишүүдэд хариуцлага ёс зүйн зохицуулалт, дотоод ардчиллыг зохицуулах шаардлагатай болсон. 

 

-АН-ын фракциудын тэмцэл, зөрчил шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Та нар яаж зохицуулах гэж байна?

 

-Монгол Улс олон намын тогтолцоотой болоод 25 жил болж байна. АН төлөвших хугацаа хангалттай болсон. 25 жилийн дараа юу болохгүй байна гэдгээ эргэж хараад томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон. Ингэхдээ аль фракцын гэхээсээ илүү намын анхан шатнаас эхлээд хариуцлага ёс зүйн асуудлыг ярилцах болжээ гэдгийг хэлдэг болж. Сүүлийн үед АН фракцгүй болоё гэсэн уриалга дотооддоо явж байна. Энийг нэг өдөр биш хэсэг хугацаанд хийгдэнэ. Хамгийн гол нь зоригтой энэ асуудлаа шийдэж хамтарч байж шинэчлэлийг хийнэ. Шинэчлэлийг хүсч нэгдэж байгаа гишүүд дэмжигчид гол төлөв залуучууд байна. Энэ нь шинэчлэх цаг болсон гэдгийг харуулж байна.

 

Засаглалыг барьж байгаа нам дотроо эрүүл байх ёстой

 

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар

 

-Шинэчлэлийн хөдөлгөөний цаана улстөрийн томоохон эрх мэдэлтэй хүн байгаа гэж яриа байна. Ер нь ийм хөдөлгөөнийг хэн нэгний захиалгаар хйисэн гэж харддаг шүү дээ?

-Бид намын хэн нэгэн лидерийн гар хөл болоогүй.  Өнөөдөр намын анхан болон дунд шатны гишүүд нэгдэж, энэ анхны зөвлөгөөнийг хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж зорилт тавиад 25 жил болоход тэр хүссэн нийгмээ байгуулж чадсан уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бат бэх байж чадаж байна уу. Хүмүүнлэг буюу хүнээ дээдэлж чадаж байна уу, иргэнлэг буюу иргэнээ сонсож чадаж байна уу чинь өөрөө Ардчиллын үнэт зүйл юм.

 

Тэгэхээр ардчилсан хувьсгалыг хийсэн энэ Ардчилсан нам маань өнөөдөр өөрчлөгдөж, шинэчлэгдэж энэ зорилтуудаа цааш нь хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэрвээ АН шинэчлэгдэж чадахгүй юм бол улс орныг ядуурлын туйлд хүргэж, авилгалын сүлжээнд оруулсан энэ намууд цааш авч явна. Энэ бол Монголын ард түмний хүсээд байгаа зүйлс биш.  Тийм учраас АН өөрөө шинэчлэгдэж, дотоод ардчиллалтай болж байж, өөрөө манлайлагч байж, хувь хүний үзлээр биш улс орны хүчирхэг институц нам болоод улс орныхоо хөгжлийг цааш нь авч явах ёстой гэсэн үзэл баримтлал дээр нэгдсэн залуучууд, мөн манай намын дунд шатны намын хорооны гишүүд, удирдлагууд нийлж өнөөдрийн шинэчлэх хөдөлгөөнийг байгуулж байгаа юм.

 

-Таны хувьд Дархан-Уул аймгийн Ардчилсан нам доторх асуудлыг шийдэж чадаагүй гэж үздэг. Өөрийн хариуцсан байгууллагынхаа учрыг олоогүй байж төв намынхаа шинэчлэлийг хийх нь хэр үнэмшилтэй юм бэ?

 -Нам бол засаглал ярьдаг. Засаглалыг барьж байгаа нам дотроо эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд дүрмээ мөрдөх ёстой. Дархан-Уул аймагт 2 жилийн өмнө намын дотоод шинэчлэлийг хийнэ гэж өлсгөлөн зарлаж байнсан. 25 жилийн өмнө манай намын ах нар маань улстөрийн том системийн өмнө өлсгөлөн зарлаж байж өнөөдрийн ардчиллыг хийсэн. Гэтэл эргээд тэдний удирддаг намын дотоод ардчиллыг бий болгохын тул гишүүд нь өлсгөлөн зарлана гэдэг нь том сигнал. Тийм болохоор дүрмээ мөрдөж чадахгүй нам цаашаа явж чадахгүй гэж харсан юм.

 

- Залуучууд ажил хэрэгч санал тавьж, улс орны хөгжлийн гарц ярих ёстой  атал улс төржүүлээд байгаа юм бэ?

-Манай нам хоёр удаа засгийн эрхийг атгаж байна. 1996 онд бас л фракцийн зодооноосоо болоод Засгийн газар нь хэд хэдэн удаа огцорч байсан. 2012 оны сонгуулийн дараа энэ байдал давтагдаж байна. Шалтгаан нь фракцийг бий болгодог намын дүрмэнд учир байна. Тэрнээс биш Н.Алтанхуяг,  З.Энхболд намын лидерт асуудал байгаа юм биш. Харин намын дүрмэнд асуудал байна гэж үзээд эхлээд энэ алдааг засаачээ гэдэг асуудлыг л ярьж байна.

 

“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн энэхүү уулзалтын үеэр нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргасан аж. Уг уриалгад дурьдсаныг сийрүүлбэл, “АН-ын гишүүд ээ бидэнд эв нэгдэл ус  агаар мэт дутагдаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх болон Ерөнхийөлөгчийн институцийн түвшинд үл ойлголцож, засаглалын хямралд улс орныг хөтөлж байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан зарим хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч тэр үетйн алдаагаа давтсаар сууна. Бид төрийэ түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Хувийн өчүүхэн эрх ашгаа эх орончийн шударга дүрээр халхавчилж,  хэлбэрдэх явдал газар авлаа. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна.

 

Жирийн гишүүд залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан, цөөн хэдэн хүнд үйлчилдэг намыг бид хүсээгүй. Намын үйл ажиллагааг эрүүлээр шүүмжилж, дотоод ардчиллын төлөө үгээ хэлсэн гишүүдийг гадуурхан хавчиж, айдаст автуулдаг дарангуйллын талаарх мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нам дамжсан олигархи бүлэглэлүүд монголын төрийг удирдах ёсгүй. 

 

Иймээс өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, Ардчилсан намын ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулах, АН-д бодлогын хариуцлагын, хүний нөөцийн шинэчлэл хийж, санхүүжилтын нээлттэй, ил тод байдлыг бий болгох санаачлагад идэвхитэй нэгдэж,бүх шатны намын байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ илэрхийллийг намын бүх гишүүддээ уриалж байна”  гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.142) 2015 оны 05 сарын 20

Ер нь аль аль нь ”цэцэг” ургуулсан л байгаа г ах нар нь хэрүүл хийгээд ,амны хирээр бураад байхаар дүү нар нь дуурайж байхгүй юу? Одоо дээр нь бие даагчидын дүү нар гэж,МҮЭ-ийн хэн гээд цувна биз дээ хөөрхий? чацгаа арчиж чадахгүй байж .....

0  |  0
t(202.170.80.25) 2015 оны 05 сарын 20

hoolnoos hotsorson golognuud hahaha

0  |  0
зочин(112.72.13.193) 2015 оны 05 сарын 20

АН 2 удаа төр барьж үзэв Болж байгаа юм алга улс Эх орноо боддогүй зөвхөн өөрийнхээ амьдралыг өөд нь татаад байгаа бурхинуудаасаа салах хэрэгтэй Чадварлаг боловсон хүчины нөөцтэй болох

0  |  0
зочин(103.26.193.50) 2015 оны 05 сарын 20

Их л зүйл хийхгүй бол, АН ч улс орныг удирдах болоогүй байна да 20 жилийн дараа намаа төлөвшүүлж нэг бодлого, чиглэлтэй болох, гишүүдээ боловсролтой, болгох,

0  |  0
onon(202.55.180.8) 2015 оны 05 сарын 20

okei

0  |  0
Top