АН залуучуудаа сонсох болов уу

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр АН  25 жилийн ойгоо тэмдэглэсэн.  Энэ үеэр дуулдсан шинэ сэргэг мэдээлэл гэвэл АН фракцгүй нам болж байгаагаа албан ёсоор зарласан.  Гэвч хөшигний цаана бус ил болсон нэгэн явдал энэ нам  ардчилалгүй болж байгааг  бас харуулсан юм. Хэрэв та санаж байгаа бол  ойн баярын хурлын үеэр намын хэсэг залуу гишүүд  уриа лоозон барьж, нэг үгээр хэлбэл  тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн.  Харамсалтай нь тэд туг лоозонгоо булаалгаж,  уруулж тасдуулав. Хэрэг явдал ингээд шувтарсангүй мөнөөх  “эсэргүүн”-үүдийг  хурлаас хөөж гаргаснаар  сая нэг санаа амарч, дайснаа дарж дархан цолоо мандуулсан. Дархлаа нь суларч, дарангуйллын хам шинж илэрсэн тохиол ганц энэ биш.

Нэр нь хүртэл “ардчилсан “ гэх тодотголтой энэ нам нидэр дээрээ ардчиллыг  эсэргүүцэгчдийн улаан фронт болчихжээ гэж тэр үед олон хүн сэтгэл дундуур үлдсэн байх. 

АН-д дархлаа нь суларч, дарангуйллын хам шинж илэрсэн тохиол ганц энэ биш.

 

Уг нь АН-ыг улс төрийн шинэ жишиг, соёлыг авчирагч хэмээн хардаг, итгэдэг байлаа. Гэвч тийм үлгэр дууриал харагдахаа больсон. Заримдаа хуучин цагийн  улс төрийн хэдхэн кадрын нам шигээр төсөөлөгддөг болчихож. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, гар бие оролцсон ахмад партизанууд энэ намд бий. Гэхдээ АН-ыг зөвхөн тэднээр төлөөлөн хармааргүй байна. Улс төрийн амьд эд эсийн хувьд залгамж залуу үе, хөгжил хөдөлгөөн, шинэ сэргэг мэдрэмж, сэдэл шийдлийг нь олж харах хүсэл иргэд дэмжигчдэд  нь байгаа.  Ард түмэн АН-аас шинэчлэл шаардах эрхтэй.

АН-ын удирдлагууд  намын их хурал  гэдгээ бараг мартах дөхөж байгаа байх.  Тэр байтугай ҮЗХ-гоо хуралдуулахдаа ч тун хойрго. Энэ хэрээр намын хэрэг явдал цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн хүсэл зоргоор  шийдэгдэж,  дотоод ардчилал улам бүр хумигдаж байна гэж шүүмжилдэг. Ерөөс энэ намд  цус ойртож байгааг гишүүд  дэмжигчид нь сануулсаар ирсэн.

Гэхдээ АН-ыг зөвхөн тэднээр төлөөлөн хармааргүй байна. Улс төрийн амьд эд эсийн хувьд залгамж залуу үе, хөгжил хөдөлгөөн, шинэ сэргэг мэдрэмж, сэдэл шийдлийг нь олж харах хүсэл иргэд дэмжигчдэд  нь байгаа. 

 

АН-ыг намыг туйлдуулж байгаа хүчин зүйлийн нэг гэвэл дотоодынх нь хагарал  сөргөлдөөн.  Тавантолгойн асуудлаар  Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын ил зөрчилдөөн үүнийг бэлээхэн  илэрхийлдэг.  Эх орны эрх ашгийн төлөөх шийдэл дээр ч тэд  эвсэж чадахгүйдээ хүртэл  тангарагаа тонгорог болгочихоо юу даа гэлтэй. Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо өвөлжин хаваржин гүзээндээ хөөлөө хийлцэв. Зэрэгцээд Архангай аймаг, Чинглэтэй дүүргийн АН-ын байгууллагууд эв гавдаа орж өгөхгүй толхилцоод байгаа гэсэн сураг тасардаггүй. ҮЗХ-оор шийддэг сонгуулийн тойргийг  намын дарга З.Энхболд  дур мэдэн хуваарилж байна гэх яриа саяхнаас чих дэлсээд байгаа. Энэ мэтээс харахад  энэ нам дотоод ардчилал гэсэн үнэт зүйлсээ гээж бүдгэрүүлж байх шиг.

Үүнийг нотлох гэсэн шиг хоёр хоногийн өмнө АН-ын дотоодод “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр мэндэлсэн тухай мэдээ түгэв.  Залуучууд  хөдөлгөөний зорилгоо  “Ардчилсан намд олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх цаг  болсон. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт  болгох” явдал хэмээн тодорхойлж байна.

Анхдугаар зөвлөгөөнд  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Ардчилсан намын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид оролцож, нийгэм, эдийн засаг, улстөрийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн гэнэ. Шинэ хөдөлгөөнийхэн намдаа  дүрмийн болон хариуцлага, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалжээ.  Тэд  “АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ.  Одоогоор 100 гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байгаа энэ хөдөлгөөнийхэн  АН-ын цонхыг нээж, шинэчлэлийн  салхи оруулах улс төрийн хүчин болж  бойжих нь тодорхой байх. Тэд  намдаа дүрмийн  эрс шинэчлэлт хийж,  төрийн түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон гэж онцолж байна.

Тэд  “АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ. 

 

Эр хүний мөн чанар мөнгөтэй үедээ танигдана гэдэг шиг АН-ын мөн чанар эрх мэдэлд хүрсэн, засаглаж байх үедээ илүү тод илэрч байна. Тэд өөрсдийн босгосон гэр рүүгээ чулуу шидэж нурааж чаддаг юм байна. Байгуулсан Засгийн газраа улс төрийн дэмжлэггүйгээр ганцаардуулж бас дөнгөдөг юм байна. Засаглаж чаддаггүй гэдгээ олон түмний тойнд буутал харуулж чадлаа. Шинэчлэх шаардлага тавьсан залуусаа хурлаас хөөн гаргадаг, намын удирдлагууд нь тэднийг  “Замын нохой хуцдаг. Жингийн цуваа явдаг” гэсэн өнцөг, өнгөөр хардаг юм байна.  Энэ бүхэн эрийн цээнд хүрчихлээ, эрх мэдлийн оргил дээр гарчихлаа хэмээн арай л эрт эвдэрч байгаагийн шинж байх.  

АН бол Монголын улс төрийн голлох хоёр хүчний нэг. Энэ утгаараа нам шинэчлэгдэх нь зөвхөн АН-ын бус нийт монголчуудын эрх ашгийн асуудал юм. Тэгснээс зөвхөн нэг намын гал тогоо тойрсон хэл ам, хэрүүл гэж харж, бусдын тогоо руу өнгийсөн хэрэг биш.  

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
balt(202.55.180.8) 2015 оны 05 сарын 21

ardchilal Mongol ulcad maani tucgaar togtnol erx choloog cotsalizmaac zalgaj abaad urgeljluulex ene xugatsaand ardchilaliig AN oligtoi abch ybj chadcangui oligaarxuudiin gart orj xuchee culruulj aldaxad xureeed baigaa ni unen frakstad xubaagdaj ulc toriin ashig conirxold abtcan ni buruu um tsaashid AN d tom oorchlolt xeregtei tegj baij l ulc ornoo zob zamaar xogjiuulj chadnaa aldaagaa zacdag bolgon xogjij debjdeg aldaagaa zacaxgui bol oorcdiigoo unagaxad xurgene shuu

0  |  0
Top