Баянзүрх дүүргийн соёлын төвийг акталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй тус дүүргийн 23 дугаар хороонд байрлах нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг актлав. Мөн шинээр цэцэрлэг барихтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 16 дугаар хороонд байрлах 425 сая 756 мянган төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай,  инженерийн шугам сүлжээ, Хан – Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн 449 сая 848 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.

Баянзүрх дүүргийн Цагаадаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 23 дугаар хороонд байрлах Соёлын төвийн барилгыг 1985 онд Орос цэргийн ангийн 350 хүний суудалтай соёл үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулж байжээ. Одоогоор барилгын дээврийн хучлага цоорч, бороо цасны ус доош нэвчин хучлага хавтан, хана, таазны өнгө будаг урсаж, модон хийц, дүүжин тааз эвдэрч, цахилгааны монтажууд богино холболт үүссэн кабель утаснууд тасарсан байдалтай байгаа юм.    

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 21 дүгээр цэцэрлэг нь 1963 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж байжээ. Харин 2014 оноос үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Хан – Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн барилгын суурин дээр нийслэлийн ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/32 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж төсөвт батлагдсан. Энэ хүрээнд тус цэцэрлэгийг акталж, нийслэлийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top