Өрийн удирдлагын стратеги: Өрийг өрөөр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

   УИХ Өрийн удирдлагын стратегийг баталсан нь ямартай ч урагш харсан нэг алхам боловӨр, өр бас дахин өр. Асуудал болчихоод байгаа сэдэв гэвэл энэ л байна. Монгол хөрсөн дээр он удаан жил суусан сэтгэхүй нь “Өртэй хүн өөдөлдөггүй” гэх номлол. “Дурлал”-ын романс  үүсгэсэн хоёр намын эв түнжинг эвдэж мэдэх сэдэв бол бас л энэ өр. Парламент дахь намуудын байр сууринаас анзаарч байхад өрнөөс айх нэг хэцүү, айхгүй байх бүр ч хэцүү байдаг бололтой юм. Өрийн тайзыг нэмэх нэмэхгүй тухай өвөлжин хаваржин ярьсан. “Өглөө ажилдаа ирэхэд л өр нэмэгдчихсэн байх юм” хэмээн УИХ-ын гишүүн Д.Дүндээжанцан унтууцаж байсан нь бий. Өр яг хэд хүрсэн бэ гэдэг нь тодорхойгүй, бас яг юуг гадаад өр гэж хэлээд байгаа нь жирийн иргэдийн хувьд  бүдэг бадаг. Ямартай ч ярьж бичиж байгаагаас харвал 2011-2013  он хүртэлх энэ ахархан хугацаанд гадаад өрийн хэмжээ 2.2 дахин нэмэгдсэн гэж байна. Ингэснээр 20 гаруй тэрбум ам.долларын хэмжээнд хүрч очиж байгаа бололтой. Өр ингэж огцом цойлоход мөнөөх Чингис, Самурай бонд нөлөөлсөн нь тодорхой. Сангийн сайдын өгч байсан мэдээллээр бол манай  улсын өр ДНБ-ий 58.3 хувьд хүрсэн гэх тоо баримт бий. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 онд 40 хувь болгон бууруулахаар тооцож байсан билээ. 

Монголчуудын ярьдагаар бол ар хормойгоо авч урд хормойгоо нөхөх л хэлбэр юм даа. Гэхдээ гадаад талдаа нэр нүүрээ барж байснаас ингэж нэгийг нөгөөгөөр  аргацаах нь өнөөгийн нөхцөл байдалд зөв хувилбар байх.

Авах сайхан ч эргүүлээд төлөхөд л асуудал жинхэнэ утгаараа оволзож ирэхээр байгаа юм. Учир нь 2017 оноос  Чингис бондын эргэн төлөлт эхэлнэ. Тухайн жил буюу 2017 онд төлөх нийт гадаад өр одоо харагдаж байгаагаар Чингэс бондын 500 сая ам.доллар, бусад эргэн төлөлтийн бас 580 сая ам.доллар байгаа. Нийтдээ 1,8 тэрбум ам.доллар. Харамсалтай нь бидэнд мөнгө байхгүй. Өрийн сан байгуулна гэж ярьж байгаа ч хаяанд ирчихээд байгаа 2017 онд тэрбумаар тоологдох  валютын  хуримтлалтай болчихсон байна гэдэг юу л бол.

Улс орны маань эдийн засгийн эрчим өдгөө ямар байгаа билээ. Монголын эдийн засгийн бүтэц өөрийгөө нөхөн сэргээх чадамжгүй, түхий эдэд түшиглэсэн, дан ганц уул уурхайн эрдэс баялгийн экспортдоо итгэл  найдвар тээдэг нь өөрөө маш их эрсдэл юм.  Түүнчлэн мэргэжлийнхэн Монголын банкны систем нь мөнгө хүүлэх маягаар ажилладаг хэмээн тодотгож байна.  Ийм байхад үндэсний үйлдвэрлэл хөгжинө гэдэг үнэхээр хэцүү.  Энэ мэтээс харахад  хаяанд ирчихээд хаалга тогшиж байгаа их өрийг эдийн засгийн эрчим, орлого хуримтлалаараа төлнө гэдэг зангууны үлгэртэй л адил харагдаж байна.

Гэхдээ оргүйгээс охинтой гэдэг шиг  Өрийн удирдлагын стратегитай боллоо. Энэ хуулиар 2016-2018 оны өрийн удирдлагыг зохицуулах юм байна. УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд олон ажлыг зохион байгуулах, өрийн санхүүжилт дахин шаардагдах юм бол улс орныхоо зээлжих зэрэглэл өсгөх.  Ялангуяа төрийн төлбөр их байгааг ойлгож байна. Гадаад өрийг хуримтлал үүсгэж бүгдийг төлөх боломжгүй. Зарим нэгийг нь гадаад санхүүжилтээр төлөхөөс өөр аргагүй” гэсэн. Сайдын энэ үгнээс анзаарвал өрийг өрөөр төлөх  “стратеги” энэ дунд байгаа юм байна. Монголчуудын ярьдагаар бол ар хормойгоо авч урд хормойгоо нөхөх л хэлбэр юм даа. Гэхдээ гадаад талдаа нэр нүүрээ барж байснаас ингэж нэгийг нөгөөгөөр  аргацаах нь өнөөгийн нөхцөл байдалд зөв хувилбар байх.

Өр мянга хүрэхээр санаа амардаг гэдэг шиг өртэй ч гэлээ нэмж зээл авах сонирхол Засагт бий. 

Мөн тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газрын өр, арилжааны банкуудын тавьсан өр, арилжааны банкууддаа Засгийн газрын тавьсан өр гээд Монгол Улс өрийн сүлжээнд орсон” гэж анхааруулсан. Үүний хариу болгож  Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “ Өрөө бол ялгаж салгах шаардлагатай байгаа”- г  хэлсэн. Үүнээс харвал Монгол Улсын өр гэж хонь хурга нийлсэн шиг  холион бантан болчихоод байгаа бололтой.  Засгийн газраас компаниудад гаргаж өгсөн баталгаа бас үүн дээр нэмэгдэх байх. Өрийн тухайд ийм.

Өр мянга хүрэхээр санаа амардаг гэдэг шиг өртэй ч гэлээ нэмж зээл авах сонирхол Засагт бий. Юм хиймээр байдаг. Хөрөнгө мөнгө байхгүй гээд элгээ эвхээд сууж байлтай биш. Хөнгөлттэй зээл өгье гэсэн андууд байна.  Энэтхэгийн Ерөнхий сайд  Нарендра  Модигийн айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн шугам нээв.  Залгуулаад АНЭУ мөн ийм хэмжээний  зээлийг олгох боломжтойгоо  илэрхийлээд байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.176) 2015 оны 05 сарын 23

Нэгээс авч нөгөөд нь өгч нэг удаад аргацаах юм биз дээ. Тэгээд хичнээн жил дамжих юм бол доо

0  |  0
Top