Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид С.Сакакибара бараалхав

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхав

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхлаа.

Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Мүкүта, болон албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтын эхэнд ноён С.Сакакибара ”Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин  уулзах боломж тохиосонд баяртай байна. Өнгөрсөн оны долоон сард манай байгууллагаас зохион байгуулсан “Эдийн засгийн форум”-ын үеэр мөн уулзаж ярилцаж байсан. Хоёр улсын хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр парламентаар батлагдсан нь цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд ахиц гарна гэдэгт итгэж байна. Цаашид Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, худалдаа, хөрөнгө  оруулалтын олон ажлууд идэвхитэй явагдана гэдэгт итгэл төгс байна. Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн нь энэхүү түншлэлийн хэлэлцээрийг тулгуур болгож дэмжин ажиллах болно ”гэж хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн-тэй хамтарч ажиллана гэдэг бол Япон улстай иж бүрэн харилцаатай,түнш боллоо гэж хэлж болох юм. Танай байгууллагын ач холбогдлыг бид тэгэж үнэлдэг. Өнгөрсөн онд зохион байгуулсан Эдийн засгийн форум маш амжилттай болсон. Төр засгийн байгууллагын нэг гол үүрэг бол бизнесийн байгууллагуудыг дэмжиж ажиллах явдал гэж би боддог. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлсэд бизнесийн хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.”гэж онцоллоо.  

Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн-нь Япон Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих хийгээд дэлхийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2002 онд байгуулагдсан. Дотооддоо төр,засгийн байгууллага, ажиллах хүчний холбоодтой яриа хэлэлцээр хийх, гишүүн компаниудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжруулахад менежментийн зөвлөгөө өгөх,байгаль орчны хамгаалах чиглэлээр хамтран ажиллах,үйлдвэр аж ахуйн газарт хүмүүсийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад орнуудын ижил төрлийн байгууллага, холбоодтой яриа хэлэлцээр хийх, олон улсын эдийн засгийнтулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих,бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top