Татварын буцаан олголт маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 24

Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг ирэх даваа гариг буюу энэ сарын 25-наас олгохоор болжээ. Уг нь 15-наас олгож эхлэх байсан ч хойшлоод байсан юм.  Өнгөрсөн оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татварын буцаан төлөлт хэлбэрээр олгохоор болсон байна. Эхний ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сарын 6-нд буцаан олгожээ.

2014 оны татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлсэн бөгөөд үүнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа юм байна. Татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн тоо жилд дунджаар 10 орчим мянгаар нэмэгддэг бөгөөд 2013 онд нийт 66 мянган иргэнд 36.5 тэрбум төгрөг, 2012 онд 48 мянган иргэнд 23.5 тэрбум төгрөг, 2011 онд 42.8 мянган иргэнд 17.8 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгож байжээ. Харин энэ удаад анх удаа орон сууц худалдан авсан иргэд нийт 11.8 тэрбум, хоёр ба түүнээс дээш үргэлжлүүлэн татвар хөнгөлөлт эдэлж байгаа иргэдэд 9.7 тэрбум төгрөг өгөх тооцоо гарсан байна. Мөн гадаад, дотоодын их дээд сургуулиудад төлсөн сургалтын төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт олгох юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top