Далд уурхайн төлөвлөгөөг дагалдсан тодотголууд

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал гэвэл яах аргагүй  Оюутолгойн далд уурхайг урагшлуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн шийдэл  байв. Дубайгаас анх ирсэн энэ сайн мэдээг үргэлжлүүлэн  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд  УИХ дээр танилцуулга хийж гишүүдийн асуултад хариулсан юм. Ч.Сайханбилэг Дубайгаас ирсэн даруйдаа Оюутолгой одоо улс төрчдийн, Засгийн газрын асуудал байхаа больсныг онцолсон. Өөрөөр хэлбэл энэ бол тухайн компаниудын хоорондын асуудал болж байгааг тэр дуулгасан болохоор  Оюутолгойг тойрсон улс төржилт ингээд намдах болов уу гэсэн хүлээлт үлдэж байх шиг байна. 

Далд уурхайн бүтээн байгуулалтыг ямар нөхцөл байдлаар хэрхэн урагшлуулахаар ярьж тохиролцсон талаархи мэдээллийг  УИХ-ын нэгдсэн чуулган дээр хийсэн танилцуулгаас үндэслэн хүргэж байна. Ингэхдээ мэдээллийг аль болох товч тодорхой байдлаар хүргэхийг зорив.

Итгэлцэл бий болсон үед Монголоор мөнгөө дамжуулж болно 

-Хоёр талын цуврал уулзалтын үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.доллар шаардлагатай гэдгийг албан ёсоор баталгаажуулсан. Энэ хөрөнгө тэр чигтээ  далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Ингэхдээ зардлын хяналтыг сайжруулах үүднээс цөөнхийн зүгээс хянах ажиллагаанд оролцохоор болсон.  

- Монголын тал өнөөдрийг хүртэл "Оюутолгой" дээр хяналт тавьж чаддаггүй байсан нь үнэн. Одоо монголчууд өөрсдөө хяналтаа тавиад явна.   “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ нь энэ асуудлыг хариуцах юм. 

- Айлын талын хэлж байгаа нэг зүйл бол  бол итгэлцэл чухал гэдгийг бидэнд сануулсан. Хэн нэгэн татварын байцаагч ирээд гэнэт шалгадаг байж болохгүй гэж.  Тиймээс итгэлцэл бий болсон үед Монголоор мөнгөө дамжуулж болно гэдгийг хөрөнгө оруулагчид хэлсэн.

-Зардлын хэтрэлт аль ч компанийн хүсэх зүйл биш. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш юм. Ийм хэтрэлт гарахаас өөр аргагүй байсныг зохих бичиг баримт, олон зүйл дээр нотолж харуулсны учраас манай тал дургүй байсан

-Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг босгохын тулд олон улсын арилжааны банкуудаас 4.2 тэрбум долларыг авч байгаа. “Рио-Тинто” өөрөө баталгаа гаргаж авч байгаа юм. “Оюутолгой” компани өрөө төлнө. Далд уурхайн бүтээн байгуулалтад мөнгөө бүрэн зарцуулна. Баталгааг нь гаргаж авсан байгаа. Долоон жилийн турш “Туркойз Хилл Ресурс” компани энэ зээлийн хариуцлагыг хүлээх юм. Хэрэв мөнгө төлөхгүй бол “Рио-Тинто” компани хариуцна.

- Оюутолгойг дайны тайлбар гэж харж болохгүй. Өнөөдрөөс эхлээд Монголын компани гэж ойлгох ёстой. Бид “Рио-Тинто”-д ч хэлсэн. Бид нэг завинд суусан хамтрагчид гэж.

 Оюутолгойгоос монголчуудын хүртэх өгөөж 54 хувь  

- 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг зарлаад том бүтээн байгуулалт үргэлжлээд явсан.  Гаргаж байгаа зардлыг нь тооцоход энэ  төслөөс жил бүр 7-8 тэрбум доллар Монгол үлдээд явж байгаа.

- Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход  Оюутолгойгоос монголчуудын хүртэх өгөөж 54 хувь болж байгаа. Хэрвээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч 7000 ам.долларт хүрвэл Монголын талын хүртэх ашиг 56.1 хувь болж өснө.

-Энэ бүтээн байгуулалтаас манай улсад  жилд 1.2 тэрбум долларын хөрөнгө орж ирэх ёстой.

-Өнөө маргаашдаа бол татварт төлөх 30 сая доллар орж ирнэ. Роялти татвартай холбоотой 10 сая доллар орж ирнэ.

- Оюутолгой компани жил бүр таван сая долларыг орон нутагт зарцуулахаар болсон. Тавантолгой цахилгаан станцаас цахилгаан худалдан авна. 2015 оны есдүгээр сар гэхэд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийнэ.

Эерэг мэдээлэл, эерэг өөрчлөлтүүд

- "Оютуолгой"-н далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.  Тухайлбал, Засгийн газрын бондын хүү "Чингис бонд"-ын хүү рүү дөхөж очсон. Өнөөдөр  дөрвөн хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бонд 9 гаруй хувиас долоон  хувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Түүнчлэн олон улсын хөрөнгийн бирж дээр Рио Тинто болон Оюутолгойн хувьцааны ханш огцом өсч эхэлжээ.

- Оюутолгойн төлөвлөгөө батлагдсанаар Монголд эерэг үр дүн нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ.  Австрали улс өнөөдөр /баасан гаригт/  Монгол Улсад өөрийн Элчин сайдын яамаа байгуулъя гэсэн хүсэлт илгээж байна. Арабын нэгдсэн Эмират улс бас  Элчин сайдаа байгуулъя гэсэн хүсэлт тавьсан байгаа.

П.Булган

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 05 сарын 26

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top