“Оюутан цэрэг” хөтөлбөрт 1134 оюутан хамрагдаад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1,134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр найман бүлгээр хичээллэж байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнуудынхаа цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийн явцтай танилцлаа. Түүнтэй хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, "Оюутан цэрэг" хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав нарын албаныхан УБИС, МУИС-ийн хичээлийн байранд суралцаж буй оюутан цэргүүдтэй уулзсан байна.

БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 10.00-15.00 цагийн хооронд оюутан цэргүүдэд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу зааж байгаа аж. Цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нд хичээл хаагдана. Энэ сарын 30-нд онолын сургалтын шалгалт аваад тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамруулах юм байна.

Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээл зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top