“Шударга ёс” бүлэг Засгаас гарч, гомдлоо тайлах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Өнөөдрийн хамгийн шинэ сенсаац гэвэл “Шударга ёс” бүлгийнхэн Засгаас гарах асуудлаар ярилцаж байгаа гэх мэдээлэл.  Тэд энэ асуудлаар бүлэг дээрээ хэдийнэ ярьж хэлэлцээд эхэлжээ. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус бүлгийнхэнд Оюутолгойн далд уурхайн гэрээний асуудлаар тусгайлан мэдээлэл өгсөн. Харин бүлэг Засгаас гарах шалтгаан нь Оюутолгойн гэрээ гэж байгаа юм. Энэ гэрээг маш муу болсон, улс орны эрх ашигт нийцээгүй гэсэн гомдол саналыг тэд дайж байгаа.  

Хэрэв “Шударга ёс” байгаагүй бол АН тэгж МАН-ынхныг  байнгын хороонд оруулах байтугай бүлэг байгуулах боломжийг нь олголгүй буланд шахаж бузгайрч чадахгүй байсан. 

Засгаас гарах шалтгааны ил харагдах өнцаг нь энэ. Гэвч зөвхөн Дубайн гэрээнээс шалтгаалж  ийм шийдвэр гаргана гэж харвал бас өрөөсгөл.  Энэ бүлгийнхэн дотор хамтрагчиддаа чиглэсэн битүүхэн гомдол байдгийг үгүйсгэхгүй.  Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялсан ч дангаараа Засгийн газраа эмхлэн байгуулах хэмжээнд хүрээгүй эгзэгтэй үед чухамдаа энэ “Шударга ёс”-ынхон аминд нь орж байсан билээ. Хэрэв “Шударга ёс” байгаагүй бол АН-ынхан тэгж МАН-ынхныг  байнгын хороонд оруулах байтугай бүлэг байгуулах боломжийг нь олголгүй буланд шахаж бузгайрч чадахгүй байсан.  Харин ч эсрэгээрээ хадаг бариад хамтрах сүй тавих байсан нь тодорхой.  Болдог юм болдогоороо болж  АН “Шударга ёс”-той хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг  бүрдүүлж бас ч гэж шуурхай, шуугиантай ажиллаж байсныг мартаагүй. Тэр бол Н.Алтанхуягийн хараа дээгүүр ханхалзаж явсан үе.  Цаг цагаараа байдаггүйн жишгээр Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Залгамжилж гарсан Засгийн газар нь  МАН-тай тостой тогоонд хошуу холбосноор Шударга ёс эвслийнхэн айлын шоовдор хүүхэд шиг хатавчны хавьд эргэлдэх болсон нь үнэн. Бодлого үйл ажиллагааны цөм гол хоёр нам буюу АН. МАН-ын хүрээнд л яригдаж шийдвэрлэгддэг болсон нь бүр ч үнэн.

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Дубайн гэрээний талаар хэлэлцэх үед Ч.Улаан “УИХ дээр Шударга ёс эвсэл гэж бүлэг байдаг. Гэтэл Ардын нам, Ардчилсан намын бүлэгт танилцуулсан гэж байна. Яагаад манай бүлэгт яагаад танилцуулаагүй вэ” хэмээн гоморхлын өнгө аяс цухалзуулаад авсан.  Ханилж яваад нөхрөө гэдэг шиг нэр нөлөө, үнэ хүнд нь гээгдсээр байгаад тус бүлгийнхэн таатай ханддаггүй нь тодорхой. Ингэж бүлгийг нь  доош хийгээд байгаад Солонгост  эмчлүүлж байгаа “юмны эзэн сумын занги ч” бас таатай хандахгүй нь ойлгомжтой.  Тэгж доошоо орохгүй шүү, тэгвэл наад Засгаа орхи гэсэн мессежийг  бүлгийхэндээ илгээдэг байхыг үгүйсгэхгүй.  Тэгээд ч МАХН-ын хувьд хүрээ цараагаа тэлсээр байгаа, хөрөнгө мөнгөтэй, нэр нөлөөтэй эрхмүүдийг сэмхэн сэмхэн уруу татчихаад байгаа нь бас үнэн. Энэ бол өөртөө итгэлтэй,  гуйхгүй, гуйлгаж амьдрах нэг шалтгаан нь мөн.

Ингэж бүлгийг нь  доош хийгээд байгаад Солонгост  эмчлүүлж байгаа “юмны эзэн сумын занги ч” бас таатай хандахгүй нь ойлгомжтой. 

“Шударга ёс” бүлгийнхний хувьд эдүгээгийн Ерөнхий сайдад аллергитэх шалтгааны нэг нь ийм. Тийм ч болохоороо Г.Уянга, Л.Цог нар Ч.Сайханбилэгийг огцруулах санал цуглуулаад явж байгаа нь энэ.  Хэрэв огцруулах саналыг нь тус бүлгийн 11 гишүүн дэмжиж гарын үсэг зурвал Ерөнхий сайдын суудал ганхахад мөн ч амархан болно. Цаана нь МАН болон АН-ын бүлэгт Засгийг огцруулах ил далд сонирхол хангалттай байгаа. Ямар барьсан гэр рүүгээ чулуу шидэж сураагүй гэх биш.

Хэрэв “Шударга ёс” Засгаас гарвал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Энэ л асуудал болно. Эдүгээ тус бүлгээс гурван сайд Засгийн газарт ажиллаж байгаа. Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар эн түрүүнд танхимаа орхино. Хэрэв М.Энхсайхан явбал мөнөөх Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ энэ тэр бол будаа болно гэсэн үг.  Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар М.Энхсайханд Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх хүндхэн даалгавар бас өгөгдсөн. Өнөөдрийн өнгө төрхөөр харвал  томоохон бүтээн байгуулалт буюу мега төслийг урагшлуулах, гэрээ хэлцэл хийх тал дээр М.Энхсайханаас өөр туршлага мэдлэгтэй сайд үгүй байгаа.  Үүнийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.  Тэгээд ч энэ хүний ч иймэрхүү давуу талыг Монголын төр засаг ашиглах учиртай. Хэрэв ингэж харвал М.Энхсайханыг Засагт авч үлдэх хэрэгцээ шаардлага  байгаа гэсэн үг. Энэ үүднээс  Шударга ёс бүлэг Засгаас гарсан тохиолдолд бүлэг задрах магадлал өндөр болно. Харин бүлэг Засгаас гарахгүй гэвэл Г.Уянга, Л.Цог нарын Засгийг огцруулах төлөвлөгөө цаашид хэрхэн өрнөх нь сонирхолтой  сценари байж мэдэх юм. Засгийн газар ч мөн хэврэг шүү дээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.11.62) 2015 оны 05 сарын 28

Uls toroor togloj bolno uls eh ornoor mini bitgii toglo. chimeeguihen zailtsgaa

0  |  0
irgen(112.72.11.117) 2015 оны 05 сарын 28

davarsan vhrvvd

0  |  0
Top