Моди яагаад бэлгийн морио Монголд үлдээсэн бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Энэтхэгийн Ерөнхий сайдын сүр дуулиантай айлчлал Ч.Сайханбилэгийн бэлэглэсэн хүрэн мориор өндөрлөсөн билээ. Хоёр сайдын бэлгийн морио хөтлөн авахуулсан зураг хэвлэлээр нэг тарсан. Тэрбээр Энэтхэгийн ард түмний машид хүндэлдэг бурхан багшийн хүлгийн нэрийг хонгор моринд бэлэгшээн "Гантаг" гэдэг нэр өгсөн юм. Гэтэл ноён Моди манай сайдын бэлгийг Монголд үлдээгээд буцжээ“Гантаг” нэртэй тэр морь одоо хүртэл Монгол дахь Энэтхэгийн элчин сайдын хамгаалалтад байна. Учир нь ноён Моди бэлгээ голсондоо ч биш, монголчууд бэлгээ буруу сонгосноос ийнхүү хонгор морь ижил сүргээсээ тасарч, элчин сайдын яамны “иргэн” болчихоод байна. Энэтхэг улс 2005 онд дипломат замаар амьтан бэлгэнд авах, хилээр оруулахыг хатуу хоригложээ. Бүр амьтны хүрээлэнгийн шугамаар амьтан солилцохыг ч хориглодог юм байна.

Моди бэлгээ голсондоо ч биш, монголчууд бэлгээ буруу сонгосноос ийнхүү хонгор морь ижил сүргээсээ тасарч, элчин сайдын яамны “иргэн” болчихоод байна

 

Хамгийн сүүлд 2004 онд тус улсын Гадаад хэргийн яамны сайд Жасвант Синх Саудын арабын ханхүүгээс унагатай гүү бэлгэнд авч байжээ. Өмнө нь ч Энэтхэгийн удирдлагууд дипломат айлчлалын үеэр янз бүрийн амьтан авч байсан ч энэ нь амьтны эрх хамгаалагчдын эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм байна. Тэгээд ч дэлхийн өнцөг булан бүрээс, янз бүрийн орчинд амьдардаг амьтдыг халуун оронд аваачих нь маш эрсдэлтэй. Цаг агаар, орчин нөхцөл таараагүйгээс цөөнгүй амьтан үхсэн аж. Тиймээс 2005 онд бусад орноос амьтан бэлгэнд авахыг хориглосон юм байна.

Монголын бэлэглэсэн морины хувьд ч гэсэн Энэтхэгийн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

“Амьтан бэлэглэх нь хоёр улсын дипломат харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж хүмүүс боддог. Гэхдээ амьтдын хувьд тийм ч сайн зүйл биш. Тэднийг өөр оронд бэлэглэхэд  амьдрах орчин нь эрс өөрчлөгддөг. Өнгөрсөн хугацаанд ийм замаар Энэтхэгт ирсэн амьтад бүгд л эрх чөлөөгүй болж хувирсан. Тиймээс Монголын бэлэглэсэн морины хувьд ч гэсэн Энэтхэгийн Засгийн газрын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж Энэтхэгийн хүний эрхийн байгууллагын ажилтан Жаяасимха “Indian Times”-д ярьжээ.

Ийнхүү манай дипломат албаныхан айлчилж буй орныхоо хууль, ёсыг сайн судлаагүйгээс болж Ч.Сайханбилэг сайдын бэлэглэсэн хонгор морь ижил сүргээсээ тасарч, Энэтхэгийн Элчин сайдын яамны хараанд байх боллоо. Ер нь манайх ч гэсэн амьтны эрхийг хамгаалсан ийм хууль, журамтай болж унаган хүлгээ гадны хүмүүст бэлэглэж, амьтны хүрээлэнгийн үзвэр болгохгүй байвал дээр бус уу.

Т.Гэрэл

Top