Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” болж, 1000 хүүхэд чууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мянган ээж, мянган хүүхэд цугласан “Монгол ээжийн баяр” боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн өрх толгойлсон ээж нар хүүхдүүдтэйгээ оролцсоноороо онцлог байлаа. “Монгол ээжийн баяр”-ыг Азийн топ модель Т.Батцэцэг санаачилж,  топ модель Б.Бадамгэрэл,  Монголын урлагийн залуучуудын холбоо, “Эко могул”-ын “Хасажи” брэнд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс энэ амралтын өдрүүд болон Хүүхдийн баяраар Зуны цирк, Хүүхэлдэйн театр, урлагийн тоглолт гээд цөөнгүй сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.

Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн аюулгүй амрах орчинг бүрдүүлсэн

- Танай хүрээлэнгээс зохион байгуулж байгаа Хүүхдийн баярын арга хэмжээнүүд ямар онцлогтой вэ?

- Өнөөдөр хүүхдүүд маань аав, ээжтэйгээ хамт амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж байгааг харахад сайхан байна. Эх үрсийн баярын мэндийг хувиасаа болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олноос хүргэе. Энэ жил манайх маш олон арга хэмжээ зохион байгуулж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, 1000 хүүхдийг баярлуулах зорилгоор “Монгол ээжийн баяр”-ыг зохион байгууллаа. Эх үрсийн баяр болохоор ээжүүд, хүүхдүүдийн баяртай, аз жаргалтай царайг хараад эх хүний хувьд баяртай байна.

- Баярын өдрүүдэд хүүхдүүдэд зориулсан ямар арга хэмжээнүүд зохиогдох вэ?

- Манайх хүүхдэд зориулсан үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулж байгаа. Зуны цирк, урлагийн тоглолт, Хүүхэлдэйн театрынхан, гэрэл зурагчид ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тав тухтай нөхцлийг брдүүлэхийн төлөө манай хамт олон ажилладаг. Хүрээлэн ч өнгөө засаад хүмүүст таалагдаж байх шиг байна.

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбайтай болно гэсэн мэдээ сонслоо. Хэзээ ашиглалтад орох вэ?

- Манайх гадны хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд ээлтэй тоглоомын талбайтай болно. Улсаас ямар ч мөнгө гаргаагүй гэдгээрээ онцлог. Тоглоом нь насны ангилалтай. Өнөөдөр Сөүл хотоос тоглоом нь ачигдаж байгаа.  Энэ 6-р сарын 1-нд ашиглалтад оруулах гэсэн ч арай амжсангүй. 6-р сарын 20-ны үед ашиглалтад орно.

- Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд баярлах ёстой. Энэ тал дээр НИТХ-ын төлөөлөгчийн хувьд санаа тавьдаг. Камержуулалт хийгдсэн. Шөнийн 12.30 минут хүртэл гэрэлтүүлэгтэй байх ажил хийгдэж байна. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийнхан хамтраад ажиллаж байгаа.

Өнөөдөр хүүхдийн төлөө олон хүн “За” гэж хэлж байна. Гэхдээ хамгийн гол нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах экологийн боловсролыг хүүхдүүддээ олгох хэрэгтэй. Үүнд эцэг, эхчүүдийн оролцоо маш чухал. Мод тарихын ач холбогдлыг мэддэг байх, хайрлан ургуулдаг байх, буруу үйлдэл хийсэн нэгнийг шүүмжилдэг сэтгэлгээнд сургах хэрэгтэй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.8) 2015 оны 06 сарын 05

mongoliin vrc mergen uxaantai buteelch ajil xeregch bayn boltugai gej erooe

0  |  0
Top